Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайвшир ГИШҮҮД ЭЭ, “Давхар дээл“ явна !!!

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 42 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-д яаралтай горимоор өргөн барьсан хуулийн төслийнхөө дараагаар сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ сэтгүүлчид, олон нийтэд цаг үеийн асуудлуудаар болон улс төрийн нөхцөл байдалтай холбоотой өөрийн байр сууриа нээлттэй хүргэсэн юм. Ингэхдээ парламентын түвшинд яригдаад буй Үндсэн хуулийн өөрчлөлт буюу "давхар дээл"-тэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд өөрийн байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Миний бие УИХ-ын гишүүнээр ажиллаж байхаасаа сонгодог парламентын засаглалыг зөв гэх байр суурийг илэрхийлсээр ирсэн. МУ-ын Ерөнхийлөгч 6 жилээр нэг удаа байх саналыг би УИХ-д оруулж санал хураалгаж байсан. Өнөөдөр энэ эрх зүйн орчноор явж байна. Өөрөөр хэлбэл, МУ-ын Ерөнхийлөгч дахиж сонгогдохгүй хуулийн зохицуулалтаар явж байна. Сонгодог парламентаар явбал тодорхой хэмжээний гишүүдийн тоо нэмэгдэж, холимог тогтолцоо руу орно гэсэн үг. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудлыг ярилцана. Ингэж байж сонгодог парламент болно. Бид яг тэг дундуур нь 30 жил явлаа. Олон жил үүссэн асуудлыг би Үндсэн хуультай холбоотой гэж боддог. Тиймээс энэ асуудал цаашид улс төрийн намуудын түвшинд яригдаж байгаа. Зөвхөн давхар дээл, дан дээл гэж ярихыг зөвшөөрөхгүй. Хэрэв яривал багцаараа сонгодог парламент руу орж Энэтхэг, БНГУ зэрэг сонгодог парламентын засаглалтай улсуудтай жишиг болохыг дэмжинэ" гэсэн юм.

Энэ бол Үндсэн хуулийг өөрчилж, УИХ-ын гишүүдийг танхимдаа оруулах бодолтой байгаагаа маш тодорхой илэрхийлж буй Ерөнхий сайдын байр суурь гэхэд болно. Мөн Ерөнхий сайд дан дээлтэй сайдуудтай хамтарч ажиллахад тодорхой асуудал гардаг гэдгээ ч нуулгүй хэлсэн юм. Тиймээс улс орны гадаад, дотоод нөхцөл байдал "тайвширахтай" зэрэгцэж Ардын намынхан Үндсэн хуулиа өөрчлөх нь баттай болж байна. Харин хэзээ гэдэг л сонирхол татаж буй юм. Уг нь энэ сардаа багтааж Үндсэн хууль өөрчлөх асуудлыг хууль санаачлах байдлаар эхлүүлээд ирэх наадмаас өмнө шинэ сайдуудыг томилох ерөнхий "төлөвлөгөөг" чуулганыхаа амралтын үеэр талууд тохирсон гэх мэдээлэл байгаа. Гэвч хил гааль, дайнаас үүдэлтэй эдийн засгийн проблемоос үүдэж уг асуудлыг юу, юугүй шууд оруулж ирэх нь Ардын намд "гал" үүрэг аюултай. Ерөнхий сайдад ч гэсэн эрсдэлтэй алхам юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн энэ хүндрэлийг яаралтай хяналтдаа авсныхаа дараагаар парламент дээр Үндсэн хуулийн асуудал яригдана.

Мөн Ерөнхий сайд хэлсэн үгэндээ дан ганц "Давхар дээл" ярихгүй гэдгээ онцоллоо. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш яригдсан гишүүн сайдуудын тоог нэмэх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийн холимог тогтолцоог хуульчлах гэсэн дөрвөн хүрээнд Үндсэн хуулиа өөрчилөх бололтой. Эдгээр элементүүд бол сонгодог парламентын засаглалтай улс орнуудын нийтлэг үзүүлэлтүүд билээ.

Ямартаа ч Ерөнхий сайд Үндсэн хуулиа өөрчлөхийг дэмжинэ, дэмжиж буй гэдгээ битүү хатуугаар тойруулан өгүүллээ. Одоо тохиромжтой цаг үеэ л хүлээх нь зүйтэй. Гагцхүү сайд, даргын суудалд хэтэрхий их шунан дурласан УИХ-ын гишүүд энэ хугацаанд хэр их тэвчээр нь алдрах бол гэдэг нь сонирхол татаж байна. Өнгөрсөн оны төгсгөлөөс эхлээд өөрсдийгөө чиглэл чиглэлийн яамдууд дээр сайдын суудалд "сойчихсон" УИХ-ын гишүүд саарал ордноор багтаж шингэхгүй гүйлдэж байна. Арга ядахдаа Засгийн газрын гишүүдийг хаа таарсан газраа өөнтөглөж, гоочилж яваа. Тиймээс тэвчээртэй хандаж, Ерөнхий сайдыгаа хэрэгтээ цагтаа түлхэж чадвал олон гишүүн "давхар дээл" өмсөх нь байна. Түүнээс өмнө хамаагүй "хаазалж" байгаад, нэр нүүрээ барчихав.

Г.Лхагвадорж

Б.Лхагвасүрэн: Монголбанкны алдаатай шийдвэрээс болж хохирол гарвал би хувь хүнийхээ хувьд хариуцлага хүлээхэд бэлэн байна
Б.Лхагвасүрэн: Монголбанкны алдаатай шийдвэрээс болж хохирол гарвал би хувь хүнийхээ хувьд хариуцлага хүлээхэд бэлэн байна
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.