С.Одонтуяа тэргүүтэй УИХ-ын 11 гишүүн “Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах тухай” хуулийн төсөл өргөн барьж буй талаараа мэдээлэл хийлээ. Энэ тухай УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын дунд сургуулийн 2100 сурагчдын дунд чихэрлэг ундааны хэрэглээ, тэдний таргалалтыг судалсан судалгаанаас үзэхэд 14 хувь нь илүүдэл жин, таргалалттай, өдөрт ууж буй шингэний 2/3 нь чихэртэй ундаа эзэлж байна.
ЧИХРИЙН ХЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ 65 ХУВИЙГ ЧИХЭРЛЭГ УНДААНААС АВЧ БУЙ НЬ АСУУДЛЫН ГОЛ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА.
Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс хийсэн Хоол тэжээлийн үндэсний судалгаанаас харахад 7-11 настай хүүхдийн таргалалт, илүүдэл жин 2010 онд 4 хувь байсан бол 2017 онд 28 хувь болж 7 дахин нэмэгдсэн байна. Энэ судалгаагаар 15-49 насны эрчүүд, эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь илүүдэл жин, таргалалттай байгаа нь үнэхээр санаа зовоосон асуудал болж байна. Мөн хүүхдүүдийн дунд эрүүл шүдтэй хүүхэд ховордсон нь мөн л чихэрлэг бүтээгдэхүүнүүдтэй холбоотой. Ийм учраас өвдсөн, бусад эрхтэн системд өөрчлөлт өгсөн хойно нь эмчлэх бус түүнд нөлөөлөх хүчин зүйлийн нөлөөг бууруулах нь иргэдэд ч эмнэлгүүдэд ч, эрүүл мэндийн салбарт ч тустай.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2016 онд бүх улс орнуудад хандан, таргалалт, чихрийн шижинг бууруулах зорилгоор хэт чихэрлэг ундаанд татвар ноогдуулах зөвлөмж өгсөн. Түүнчлэн чихэрлэг ундаа нь шимт бодисгүй боловч өндөр илчлэг өгснөөр халдвар бус өвчний нэг гол шалтгаан болдог.
Тиймээс уг хуулийг өргөн барьж байна. Татварын орлого олохдоо гол нь биш, эрүүл мэндийн салбарын зардлыг бууруулах, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалахад чиглэсэн хууль юм. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр тооцож, хуулийг оруулж байна. Энэ хооронд үйлдвэрлэгчид технологийн өөрчлөлт хийх, иргэдэд энэ чиглэлээр таниулах ажил, хуулийн хэлэлцүүлэг хийнэ" гэжээ.