Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батзул: Нийслэлээс тогны асуудлыг шийдэж өгвөл бүх карт цэнэглэх цэгүүд ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 31 секунд

2015 оны долдугаар сард нийтийн тээвэрт цахим үйлчилгээ анх нэвтрүүлэн хажууд нь бэлэн мөнгөний хайрцгийг тавьж байв. Харин 2017 оны дөрөвдүгээр сараас бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, зөвхөн картаар үйлчилдэг болсон.Энэ нь нийтийн тээвэр 100 хувь цахим болсон гэсэн үг. Харин “U-money” гэсэн том бичигтэй, карт цэнэглэх, борлуулах цагаан зориулалтын цэгүүдийг автобусны буудлууд дээр 2017 оноос тавьж эхэлсэн. Гэвч карт цэнэглэх тус цэгүүдийн ихэнх нь ажиллахгүй, үргэлж хаалттай байсаар байна. Зарим иргэд ажиллаж байгааг нь ганц ч хараагүй гэх нь ч бий.Тэгвэл тус  карт цэнэглэх цагаан цэгүүд ажиллаж байгаа эсэх ямар шалтгааны улмаас ажиллахгүй байгаа талаар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн маркетингийн менежер Б.Батзулаас  тодрууллаа. 

-“U-money”  карт цэнэглэх, борлуулах зориулалтын “цагаан” цэгүүд яагаад ажиллахгүй байна вэ?

 -Цагаан түц гэрээ байгуулсан гэрээт цэгүүдтэй яг л адилхан хуваарийн дагуу ажиллаж байгаа. Бид анх  гэрээ байгуулахдаа нийтийн тээврийн цагийн хуваарийн дагуу ажиллах ёстой гэсэн заалтыг оруулсан. Тиймээс нийтийн тээвэр явж эхлэх хугацаанаас дуусах хугацаа хүртэл  ажиллаж Улаанбаатар смарт картыг борлуулж, цэнэглэх үүрэгтэй. 

-Зарим цэгүүд нь ажиллахгүй байгаад байна. Үүний шалтгаан нь юу вэ?

-Зарим цэгүүдэд цахилгаан татаагүй, тогны асуудалтай болохоор ажиллахгүй байгаа. Манайхаас нийслэлийн захирагчийн ажлын албанд тогны асуудлыг шийдүүлэхээр ямар ч байсан бүх хүсэлтээ тавьсан.  Цаанаас тогны асуудлаа шийдэж өгөх боломж байгаа эсэхийг ч мэдэхгүй байна. Ойрын хугацаанд шийдэж өгнө гэдэгт найдаж байгаа. Тэгвэл бүх цэгүүд ажиллаж эхэлнэ. 

-Хүсэлтээ хэзээ тавьсан бэ?

-Оны өмнө хүсэлт тавьсан.Он гараад саяхан бас хүсэлтээ хүргүүлсэн байгаа.

-Одоогийн байдлаар нийт хэдэн цэг тавигдсан байгаа вэ?

- 40 цэг тавигдсанаас 20 нь ажиллаад, 20 нь ажиллахгүй байгаа. 

-Хяналт шалгалт хийдэг үү?

-Хийлгүй яахав. Байнга хяналт шалгалт хийж, цэнэглэхгүй байгаа асуудалд анхаарч ажилладаг. Гэрээт цэг хариуцсан хэлтэс маань санал гомдлоо авч, гэрээт цэгүүдэд тулгарсан санал гомдлыг шийдээд явдаг. 

-Иргэдээс гэрээт цэгтэй холбоотой санал, гомдол хэр их ирж байна вэ?

-Иргэдээс карт цэнэглэх цэгүүд яг хуваарийн дагуу цагтаа цэнэглэхгүй байна гэх санал гомдлууд ирдэг. Тухайн түц хариуцагч хүн нь заавал байнга цэг дээрээ байх ёстой гэсэн зүйл байхгүй. Зарим тохиолдолд хариуцагчид өөрсдийн амин асуудлынхаа улмаас ажиллахгүй байх боломжтой. Бид тухайн иргэдтэй гэрээ байгуулсан ч манай ажилтан шиг байлгаж болохгүй. Тэд манай үйлчилгээний нэг хэлбэрийг аваад үйл ажиллагаа явуулж байх үеэрээ смарт картыг  цэнэглэх үүрэгтэй. Үүнийг иргэд ойлгох хэрэгтэй. 

-Цэнэглэх цэгүүдийг ажиллуулах, ажиллуулдаг хүмүүст ямар шаардлага тавьдаг вэ?

-Цагаан түцийг худалдаж авч байгаа хүн барьцаа хөрөнгөтэй байх ёстой. Барьцаа хөрөнгөтэй, хүсэлт тавьсан иргэдэд шууд олгож байгаа. Ер нь бол шаардлагад нийцсэн, боломжтой бизнес эрхлэгч хувь хүн бүр нээлттэйгээр цэнэглэх боломжтой. Гэхдээ одоо ажиллахгүй байгаа цэгүүдийнхээ асуудлыг шийдчихээд нэмж олгох талаар яригдана байх. 

-Нэг автобусны буудал дээр ганц л umoney цэнэглэх цэг байх ёстой юм уу? эсвэл хэдэн ч цэнэглэх цэг байж болох юмуу? 

-Тэгэж заасан журам байхгүй. Гэхдээ манайх оны өмнө иргэдийн карт цэнэглэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд гэрээт цэгээс гадна тауэрсофт худалдаа үйлчилгээний кассын системээр хүнсний дэлгүүрт шууд картаа цэнэглэх боломжтой болгосон. Он гарснаас хойш Голомт банктай хамтран easypay буюу  голомтын поссоор картаа цэнэглэх боломжтой болсон. Ингэснээр гэрээт цэгүүдийн тоо, хүртээмж нэмэгдэж байгаа гэж ойлгож болно. Тухайлбал, 25-н автобусны буудал дээр 5 түц байлаа гэж бодъё. Тэдгээрийн нэг нь манай үндсэн гэрээт цэг буюу төхөөрөмжөөр цэнэглэдэг түц. Харин хоёр цэг нь голомтын поссоор цэнэглэдэг байлаа гэхэд энэ хэд бүгдээрээ л цэнэглэх боломжтой. Тэрнээс нэг автобусны буудал дээр нэг л цэнэглэх төв байх ёстой гэсэн журам байхгүй.

-Одоогийн байдлаар шинээр нэвтэрсэн easypay болон тауэрсофт худалдаа үйлчилгээний кассын систем ажиллаж байгаа хэдэн цэг байгаа вэ? Easypay-ээр ямар ямар цэгүүдэд цэнэглэж байгаа вэ? 

-Тауэрсофт бүртгэлтэй 30-40 хүнсний дэлгүүрүүд дээр шинээр нэвтэрсэн.Харин голомтын поссор цэнэглэдэг easypay 50-60 орчим түц байна. Easypay одоогоор туршилтаар явж байгаа. Энэ долоо хоногт жигдрээд ирэх долоо хоногоос бэлэн болсны дараагаар энэ тухай мэдээллийг өгнө. Манайх энэ ондоо багтаад 2000 гаруй гэрээт цэг шинээр бий болгох зорилт тавин ажиллаж байна. 

-Гэр хорооллын бүс нутагт карт цэнэглэх хүртээмж хэр байдаг вэ? Гэр хорооллын хэсэг болон хотын захын бүс нутгуудад хэр анхаарч байна вэ? 

-Бид судалгаа хийсэн. Судалгаанаас гэр хорооллын захын бүсүүдэд карт цэнэглэх цэгийн хүртээмж нэмэгдүүлэх боломжийг харвал захын бүсүүдэд яалт ч үгүй хүнсний дэлгүүр, түц хүрэх боломжгүй учраас ямар ч шаардлагаар очсон цэнэглэх цэг ойртуулж чадахгүй байна. Тухайлбал гэмтлийн хойно байдаг захын айлуудын хамгийн захын айл гэхэд хоёр уулны цаана байдаг. Тэгэхээр тэр хоёр уул давчихсан байгаа айлын тал хүртэлх зайны наана хамгийн ойрхон хүнсний дэлгүүр байдаг. Ийм учраас ямар ч боломжгүй болж байгаа юм. Бид тэнд ажилчин тавиад хөлс өгөөд ажиллуулах боломжгүй. Хүнсний дэлгүүрүүдийг  хүчээр тулгаж цэнэглэх цэг болгох боломжгүй.

-“CU” “CIRСLE -K”-д дандаа бэлэн мөнгөөр карт цэнэглэдэг. Ямар шалтгааны улмаас бэлэн бус картнаас цэнэглэх боломжгүй байгаа вэ?

- Бэлэн бусаар гүйлгээ хийх эрх авах ёстой.Тэр нь одоогоор баталгаажаагүй байгаа.  Голомтын easypay нь зөвхөн бэлэн бусаар, картаар гүйлгээ хийж байгаа.

-”Easypay”-ээс  гадна бэлэн бусаар хийх төлбөр тооцооны шийдэл, судлагдаж байгаа зүйл байгаа юу?

-Онлайн цэнэглэлтийн талаар судалгаа хийсэн одоо ч  судалж байгаа. Энэ эрхийг авахын тулд Монголбанкнаас зөвшөөрөл авах ёстой. Тэгэхийн тулд судалгаа хийсэн байх шаардлагатай. Олон шат дамжлагын асуудал. Манай компани нийслэлийн нийтийн тээврийн салбарт харьялагддаг ч гэсэн төлбөр тооцооны системийг нь л  дангаараа хариуцаж байгаа компани. Цаашдаа онлайн цэнэглэлтийг гаргахын тулд нийслэлээс эхэлж харилцан ярилцсаны үндсэн дээр шийдэлд хүрэх ёстой. Тэрний дараагаар дараагийн асуудлууд яригдана. Ер нь бол манайхаас байж болох судалгаагаа өөрсдийнхөө түвшинд хийчихсэн байгаа.

Цэнэглэх цэгүүд ажиллахгүй байсан болохоор бэлэн мөнгө өгч зорчиж байгаад торгууллаа гэсэн гомдол хэр их ирдэг вэ? 

Ер нь ирдэг. Гэхдээ хүмүүс автобусаар зорчихгүй байна, ухаалаг карт хэрэглэхгүй байна гэдэг нь бидэнд сөрөг талтай. Яагаад вэ гэхээр тухайлбал нэг иргэн картаа цэнэглэхгүй бэлэн мөнгөө жолоочид өглөө гэхэд энэ нь төсөвт төвлөрөх ёстой мөнгө биш болж байгаа юм. Зүгээр л автобусны жолоочид урамшуулал болгож өгч байгаа болно.Төсөвт төвлөрсөн мөнгөөр эргээд иргэдэд хэрэгтэй, тав тухад нийцсэн шаардлагатай зүйлсийг хийдэг. Тэгэхээр иргэд үүнийг сайн ойлгох хэрэгтэй. 

-Тэгэхээр автобусны жолоочид өгч байгаа бэлэн мөнгийг тухайн жолооч эргээд автобус баазандаа өгдөггүй  гэсэн үг үү?

-Өгөхгүй. юу гэж өгөх вэ дээ. Иргэд картаараа л зорчих хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Өгөх ёстой мөнгөө зөв хүндээ өгөх хэрэгтэй. 

МУИС-ийн номын сангийн урд байрлах "U-money" карт цэнэглэх, борлуулах цэг.

Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын I хэсэг яндангүй, нүхэн жорлонгүй бүс болно
Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын I хэсэг яндангүй, нүхэн жорлонгүй бүс болно
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.