Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕРЭГ СУРВАЛЖИЛГА: “Одоо бид автобус хүлээхэд ч ДААРАХГҮЙ“

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
8 минут 37 секунд

Бидний хувьд дасал болчихсон зүйл л дээ. Цаг минут харж нийтийн тээврээ хүлээх, түүнийг нь харсаар хажуугаар зөрөх олны хөл. Өвлийн тачигнасан хүйтнээр ч энэ байдал хэвийн үзэгдэл шахуу болчихсон. Гэвч нийслэлчүүд бидэнд хэрэгцээ шаардлагатай зүйл нь маш энгийн хэрнээ чухал болохыг сануулсан нэгэн ажлыг энд хүргэе. Энэ бол "Дулаан автобусны буудал". Энд хүүхэд хөгшид хэн ч бай автобусаа дааралгүй хүлээж сууж болно. Нийгмийн хариуцлагын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт хийж байрлуулах тус ажлыг “Гүнгэрваа” компанийн залуус санаачилжээ. Ингэхдээ цар тахлын үед бодит дэмжлэг үзүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн ач тусыг нийгэмд нь буцаан хэрэгцээ шаардлагатай бодит ажлыг эхлүүлэхээр шийдсэн нь энэ аж.

"Та автобус хүлээх гэж байна уу. Дулаан буудалд тухтай хүлээ" гэсэн хаягийг гаднаа наажээ. Дулаан автобусны буудал. Нэрэндээ зохицсон тун ч дулаахан. Хүлээлгийн сандал, ширээ шиг урт тавиур бас утас цэнэглэх хэсэгтэй. Биднийг очих хэсэгхэн зуурт хэдэн арван хүн дулаан автобусны буудлаар ороод гарлаа. Иргэд ам сайтайн дээр цаашид арчилгаа, цэвэрлэгээ тал дээр анхаарах тал дээр санал нэгдэж байв.

-Цар тахлын үед ААН, байгууллагуудад бодит дэмжлэг үзүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олны ачын хариуд нийгэмд хэрэгцээтэй нэг ч гэсэн бодит зүйл хийе хэмээн шийдсэн-

Тус "Дулаан буудал" төслийг хэрэгжүүлсэн “Гүнгэрваа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ариунболд “Цар тахлын үед Эрдэнэт үйлдвэрийн тус дэмээр хувийн ААН, байгууллагууд маань тодорхой хөнгөлөлтүүдийг эдэлж бодитой дэмжлэг авсан. Иймд бид үүний хариуд нийгэмд хэрэгцээ шаардлагатай нэг зүйлийг ч гэсэн хийж өгөхөөр ярилцсан. Он гарсаны дараахан Налайх дүүрэг рүү явах замд дулаан автобусны буудал байрлуулсан байхыг харсан. Хотын баруун талдаа алслагдсан гэр хорооллын бүс тул дүүрэгтээ дулаан автобусны буудлыг хийж байрлуулах шийдэл дээр тогтсон. Арчилгаа, үйлчилгээ талаасаа ч тэр нэгдүгээр хорооны автобусны буудал дээр байвал байрлуулахаар санал нэгдсэн юм. Бидний гаргасан саналыг тус хорооны Засаг дарга ч нааштай хүлээж авч ашиглалт, арчилгаа үйлчилгээн дээр анхаарч ажиллахаар болсон. Байрлуулж өгсөн өдрөө түлхүүр, техникийн удирдлага болон бусад шаардлагатай зүйлсийг нь хорооныхонд хүлээлгэн өгсөн" гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн "Байрлуулж байхад иргэд маш таатай хүлээн авсан. Сургуулийн сурагчид болон тухайн газарт ажил үйлчилгээ эрхэлдэг иргэд, ахмадууд бүгд л талархаж байсан. Төмөр карказтай, шилэн хаалга, салхивч зэргийг шийдсэн. Дээвэр болон шалыг чулуун хөвөнгөөр дулаалж, хавтангуудаа ч олон давхарласан. Ерөнхийдөө дулаан алдагдал багатай, цас бороо, салхинд тэсвэртэй байхаар зорьж хийсэн. Мөн иргэдийгээ тухтай байх үүднээс дотор хэсэгт нь хүлээлгийн сандал, хичээл хийх тавцан, утас цэнэглэх боломжийг ч гаргаж өгсөн.

Оны эхээр дулаан автобусны хийнэ гэдгээ хэлж байсан. Түүнээс хойш бид судалж, материалаа худалдан авч хийж эхэлсэн.

Энэхүү ажлын талаар Эрдэнэт үйлдвэрийн хамт олон олж хараасай гэж хүсэж, талархлыг маань хүлээж авааасай гэж хүсэж байна. Нийгэмд тустай үйл ажиллагааг өөрсдийнх нь дэм гэж харж, урам зориг аваасай. Бусад ААН, байгууллагууд маань нийгэмд дутагдаж буй тодорхой ажлуудыг бодит болгож хийдэг байгаасай гэж уриалмаар байна. Уриалгад маань нэгдэж дараа дараагийн ажлуудыг нийгэмд түүчээлээсэй хэмээн хүсэж байна” гэлээ.

-Харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээ, цахилгаан эрчим хүчний зардлыг хороо хариуцана-

“Хийгээд өгсөн зүйлийг бид цаашид улам сайжруулахын сацуу хариуцаж ажиллах нь бидний үүрэг болж байна” хэмээн СХД-ийн нэгдүгээр хорооны Засаг дарга О.Буянгэрэл хэлэв. Тэрбээр “Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүнгэрваа” компанийн залуус энэ оны нэгдүгээр сард ирж санаачилгаа хэлсэн. Ингэхдээ нийгмийн хариуцлагын хүрээнд хорооныхоо нутаг дэвсгэрт дулаан автобусны буудлыг хийж гүйцэтгэмээр байна гэх хэлж байсан. Үүнийг нь ч бид таатай хүлээж авсан. Хил гааль хаалттай байсан хэдий ч богино хугацаанд хийж байрлуулж өгсөнд талархалтай хандаж байгаа. Тухайн компани нь өөрсдөө энэ чиглэлийн бус бетон, зуурмагийн үйлдвэртэй залуус юм. Хойч ирээдүй болсон хүүхэд, багачуудыг даарч зогсохгүй байх нөхцөл бололцоог хангаж нөгөөтээгүүр хорооны иргэдийн тухтай орчин нөхцлийг бага ч атугай нэмсэн явдалд иргэдийнхээ зүгээс талархаж байна.

Цаашид харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээг хороо хариуцана. Эрчим хүч, цахилгаан зарцуулалтыг хорооноос шийдвэрлэсэн. Орой хамгийн сүүлийн автобус ирсэний дараагаар хорооны сахиул автобусны буудлаа цэвэрлээд, түгжих юм. Өглөө 06 цагт онгойлгоно. Цаашид дулаан автобусны буудал дотроо иргэдэд чиглэсэн мэдээллийн самбар байршуулах төлөвлөгөөтэй байгаа” гэв.

-Аюулгүй байдал талаасаа камержуулах хэрэгтэй-

Нүдээ олсон зөв шийдлийг бодитоор хэрэгжүүлсэн гэдгийг Сонгинохайрхан дүүргийн I хорооны иргэн Б.Чимэг-Очир хэлж байлаа. Тэрбээр “Шийдэл талаасаа маш зөв гэж харж байгаа. Сургууль орчмын бүс учраас хүүхэд, багачуудын хөл хөдөлгөөн их байдаг. Ийм хэсэгт хүүхэд багачууд гэлтгүй хүн ардыг автобусаа дулаан газар хүлээх боломжийг өгч байгаа хэрэг шүү дээ. Алслагдсан хороо тул нийтийн тээврийн эргэлтээс шалтгаалан автобус хоорондын ирэх хугацаа хол. Энэ хэрээр удаан хүлээдэг гэсэн үг. Байрлуулах газраа ч зөв сонгосон хэмээн харж байгаа. Цаашид камержуулалт хийх шаардлагатай гэж бодож байна. Шөнө оройн цагаар сурагчид их орж гарах тул аюулгүй байдал талаасаа ч зүйд нийцэх байх. Хороонд маань их бүтээн байгуулалт хийдэггүй юмаа гэхэд ядахдаа гудамж талбай нь хоггүй, цэвэрхэн байгаасай гэж боддог доо. Цэвэрхэн байвал үр хүүхдүүд маань ч өвчин зовлонгүй байна шүү дээ” гэв.

-Одоо бид ДААРАХГҮЙ-

Автобусны буудлын ард талд сургууль, цэцэрлэг тун ойр зайтай байрладаг. Иймдээ ч хүүхэд, хөгшдийн хөл тасрахгүй. Дулаан автобусны буудлыг гадна талаас нь шинжин харсаар 2-3 дугаар ангийн бололтой хоёр хүүхэд орж ирэв. Тэд ч дулаан автобусны буудлын булан тохой бүрийг сайтар харангаа “Одоо бид даарахгүй байх нь ээ” гэж хэлэх нь чихэнд сонстов. Хажуугаар орж гарсан залуус гар утсаа цэнэглэнгээ элдвийг ярилцана. Нар салхийг үл тоон автобусаа хүлээдэг бидэнд бол ганц асуудлаас ч болтугай нэмэрлэж байгаа хэрэг шүү гэх бодол тэрхэн зуурт төрөв.

Хаврын урь хэдийнэ оржээ. Тэглээ гээд цас, бороо, салхитай өдрүүд дуусах биш. Гэхдээ одоо нэг ч гэсэн хүүхдийн гар бээрэхгүй дулаан газар автобусаа хүлээх нь.

Байгалийн хийн хоолойн төслийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг үзэглэлээ
Байгалийн хийн хоолойн төслийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг үзэглэлээ
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.