ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-руу тавих Байгалийн хийн хоолойн төслийн хүрээнд хийх ажлын гэрээнд албаныхан гарын үсэг зурлаа. Тодруулбал, төслийн хүрээнд 2022-2023 онд хийх инженер геодези, хайгуул судалгааны ажлын гэрээнд өнөөдөр /2022.02.28/ Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газ Пром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар гарын үсэг зурав.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Төслийн цогц арга хэмжээний хүрээнд төрөөс дэмжих тухай хуулийн төслүүд ойрын хугацаанд эхэлнэ. Мөн төслийн хэрэгцээнд зориулж газар олгох тухай асуудлууд тулгамдсан. Хийн хоолойг татах зурвасын дагуу газар олголтыг хийх, тусгай хамгаалалтад авах, аюулгүй байдлыг хангах, хийн хоолойн барилга угсралтын ажлуудыг саадгүй явуулахтай холбоотой бэлтгэл ажлуудыг хоёр талын Ажлын хэсэг нарийвчлан гаргасан төлөвлөгөөний дагуу хийж, тухай бүрт нь үнэлэлт дүгнэлт өгөх ёстой" гэлээ.