Хөгжлийн банкнаас зээл авсан ААН-үүд зээлээ эргэн төлөөгүйгээс болж, дампуурах эрсдэлд орсон талаар тус банкны удирдлагууд мэдээлсэн. Тиймээс зээлийг нь эргэн төлүүлэх ажиллагаа хийгдэж, мөн зарим зээлдэгч болон Хөгжлийн банкны удирдлагуудыг АТГ-аас шалгаж эхлээд байгаа юм.
Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас яллагдагч, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Шүүх тус хүсэлтийг хянан хэлэлцээд яллагдагч Н.Мөнхбатыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий мэдээлэл байгаа” үндэслэлээр 2022 оны 02 сарын 23-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.