Автозамын түгжрэлийг бууруулах аргаа олохоор дарга нар судалгаа авчээ. Зөв. Ер нь ажлыг хийхийн өмнө сайтар судлах хэрэгтэй. Бид өнгөрсөн 30 жилийн түүхэндээ ямар ч юмыг судалгаагүй эсвэл ТЭЗҮ-гүйгээр хуссаар ирсэн. Үр дүнд нь өнөөдрийн Улаанбаатар хот боссон. Тэгвэл түгжрэлийг бууруулахын тулд зоригтой арга хэмжээ авах цаг болсон хэмээн судалгаанд оролцогчдын 91 хувь нь үзжээ. Энэ онд түгжрэлийг бууруулах чиглэлээр хийхээр төлөвлөсөн олон талт төсөл хөтөлбөрүүд бий. Баганан тулгуурт хөнгөн галт тэрэг буюу LRT, хурдны замын бүтээн байгуулалт гэх мэт. Түгжрэлдээ санаа зовж, шийдлийг эрэлхийлсээр байгаа нь сайшаалтай. Бүгдийг үгүйсгэх боломжгүй. Гэвч шийдлүүдээ зөв тодорхойлох ёстой.
Өчигдрийн судалгаанд ч гэсэн сонин ойлгомжгүй зүйл харагдана лээ. Ялангуяа тэр 60 мянган төгрөгийн үнэтэй машин ачилтын төлбөрийг 100 мянга болгох санаа. Энэ хэсэг маньд байтугай манай нийслэлчүүдэд бүгдэд нь таалагдсангүй. Ямар сайндаа л саналаа өгсөн 73 хувийг олох гэж өдөржин эрж сурах вэ дээ.
Машин ачилтын мөнгийг нэмэх асуулт, хариултаас хоёр логик уншиж болохоор байгаа юм. Эхнийх нь, жолооч нарт 60 мянган төгрөг бол юу ч биш. Чихрийн цаас. Тиймээс л хүссэн газраа машинаа хаячихдаг байж. Тэд мөнгөө тоолохдоо жараас хойш тоолдогч юм уу. За, ер нь бол ЖАРХАН мянга учраас л машинаа ачуулах дуртай байж гээд ойлгочих. Ядаж байхад энийг нь эртхэн судлаад мэдчихгүй манай дарга нар ч гэж үнэн лойчихсон нөхдүүд.
Дараагийн логик нь судалгаанд оролцсон жолооч нар бүгд эрүүл бус байж. Эсвэл машингүй хүмүүс ч юм уу, ер нь мэдэх юм алга. Төлбөрийн хэмжээг нэмснээр асуудал бүрэн шийдэгдэхгүй. Өнөө хэд маань 60 мянга байхад "хулгайч" шиг ачдаг байсан бол 100 мянга болчихвол бараг "дээрэмчин" шиг туух биз. Нөгөө рекордоо эвдэж бариад балайг нь авна даа, харж л байгаарай та нар. Ингээд хотоор дүүрэн бөөн хэрүүл, уур бухимдал, стресс. Үнэндээ машин ачилтын мөнгө нь хямдхан болохоор л машинаа хаа хамаагүй хаяад байгаа юм биш. Машин тавих зай завсаргүй, нийтийн тээвэр нь дампуу, хот нь төлөвлөлтгүй учраас нэгдүгээр эгнээнд тавиад ачуулаад байгаа юм.
Уг хүний эрхийг дээдэлдэг, эсвэл жаахан соёлтой газарт бол машин ачилтын нөхдүүдийг өөхшүүлэх биш машины торгууль тэргүүтэй бусад төлбөр, хураамжийг төрийн өмнөөс "нэхдэг" хуулийн этгээдүүдийг бий болгох хэрэгтэй. Энэ хүмүүс аж ахуйн нэгж байгуулаад тодорхой дүрэм журмын хүрээнд дүрэм зөрчсөн, нэгдүгээр эгнээнд машинаа тавьсан, төв замын эхний эгнээгээр зорчсон гээд машин техниктэй холбоотой торгууль шийтгэлүүдээс гадна бусад төрлийн торгуулиудыг иргэдээс нэхнэ, цуглуулна гэсэн үг. Гэхдээ нөгөө мөнгө хүүлэгчид шиг зодож нүдээд явах хэлбэр огт биш. Харин хуулийн хүрээнд нэхэмжлэхээс эхлээд төлбөрөө төлөхгүй бол захиргааны шийтгэл ногдох хүртэл төрийн өмнөөс "хөөцөлдлөгөөний" бүх хар бор ажлыг нь хийнэ гэсэн үг.
Ингэснээр иргэд өнөөдөр миний халааснаас гарахгүй юм чинь гээд дүрэм зөрчдөг нь багасна. Замын хөдөлгөөнд зохиомлоор түгжрэл үүсгэх нь буурна. Зөрчил хянан шалгах шийдвэрлэх журмаар бол автомашин жолоодож яваад зөрчил гаргаж, торгууль тавиулсан бол 15 хоногийн дотор сайн дураараа төлөх үүрэгтэй. Гэвч манайхан хэзээ яаж торгуулснаа ч мэдэхгүй давхиж байгаад машин зарах үедээ зарж байгаа машиныхаа мөнгөнөөс торгуулиа төлчихдөг төвөгтэй хүмүүс. Энэ хугацаанд торгууль, төлбөр нь зуугаас сая хүртлээ тоологдсон байх нь элбэг. Хэрвээ энэ төлбөрийг цаг хугацаанд нь аваад, хууль биелүүлээд байвал иргэд хариуцлагатай болно. Төр ч цаг тухайдаа төлбөр, хураамжаа авна. Хүний өмч хөрөнгөнд халдаж, Үндсэн хуулиар олгогдсон суурь эрхийг нь зөрчихгүй.
Ямар цахим үндэстэн боллоо гээд банкных нь данснаас шөнөдөө ухаад байлтай нь биш. Заавал нэг ийм төрлийн үйлчилгээний маягийн алба байгуулдаг бол уг нь сайнсан.
Хэрвээ нэгэнтээ машин ачилтын мөнгийг 40 мянган төгрөгөөр нэмэхэд машинаа хүссэн газраа тавихгүй гэж иргэд нь ч амлаад, төр нь ч зүтгүүлэх гээд байгаа юм бол хоёрын хооронд 100 мянган болгож байснаас 1 сая, эсвэл бүр өндөр дүнгээр өсгөчих хэрэгтэй. Тэгвэл машинаа байтугай дугуйгаа ч хүссэн газраа хаядаг хүн олдохгүй. 100 мянгаас 73 хувь нь айж байгаа юм чинь, 1 саяас 100 бүгд айна. Ер нь хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан тогтолцоотой хүмүүнлэг иргэний нийгэм байгуулах гээд байгаад юм уу, машин ачилт, дугуй түгжих зэрэг "ширэнгийн хууль"-иар амьдрах гээд байгаа юм уу. Эртхэн аль нэг замаа сонгоод нэг талдаа гаръя, найзуудаа.