Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сурагчдын хаврын улирлын хичээл эхлэх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийж байна. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Гурван настай хүүхдүүдийг II сарын 14-нөөс эхэлж цэцэрлэгт авна. Гэхдээ нэг асуудал байгаа. Бүртгэл шаардахгүйгээр элссэн хүүхдүүд тухайн цэцэрлэгтээ орно. Хоёр настайдаа бүртгэлээс гадуур үлдсэн хүүхдүүдэд шинэ бүртгэлийн асуудал үүсч байгаа юм.
Гурван настнуудын цэцэрлэгийн хамрагдалтыг 100 хувь хийж чадахгүй. Гурван настай 47 мянган хүүхдийг л цэцэрлэгт хамруулах боломж байгаа. Тиймээс төрийн өмчид цэцэрлэгүүдийн багтаамжийг шахна. Хувийн цэцэрлэгүүдийн багтаамжийн судалгааг хийж байна" гэлээ.