Хөгжлийн банкыг дампууруулсан чанаргүй зээлдэгч нар ил гарснаас хойш үүнээс улбаатай нийгмийг бухимдуулсан олон сэдэв хөврөн гарч байна. Хөгжлийн банкнаас дам байдлаар зээл авсан байж болзошгүй гэх мэдээллийн улмаас сэтгүүлчийг заналхийлсэн Ё.Отгонбаярыг үүрэгт албанаас нь чөлөөлөв.
Үүнээс гадна Буянт-Ухаа дахь гаалийн газрын дарга асан С.Цэцгээгийн хамтрагч байж болзошгүй 19 тэрбум төгрөгийн зээлтэй "Сонгулд" ХХК-ийн талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Товчхондоо 20 гаруй жил гаалийн байгууллагад ажилласан атлаа Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харахаар тэрбум тэрбумаар нь мөнгө эргэлдүүлдэг томоохон бизнес эрхлэгчдээс дутхааргүй хөрөнгө орлоготой байгаа нь гайхшрал төрүүлээд байгаа юм. Мэдээж хүн хувийн бизнестэй байж болно. Түүнийг үгүйсгэж болохгүй. Гэтэл насаараа төрд ажилласан хүн өөр ямар орлогын эх үүсвэртэй болох, түүний тайлан мэдээллийг ХОМ-ээсээ далдлаад өнгөрдөг дээрхтэй ижил хэд хэдэн жишээ бий.
Тухайлбал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХОМ-ийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үеэр нь олонд танилцуулж байхад тэрбээр 1 тэрбум 694 сая төгрөгийн хадгаламжтай ба насаараа төрд ажилласан хүн хэрхэн энэ их хөрөнгөтэй болсон нь асуултын тэмдэг хэвээр үлдсэн.
УИХ-ын дарга асан М.Энхболд мөн л насаараа төрд ажилласан гэгддэг. Гэтэл 2019 онд мэдүүлсэн ХОМ-т жилийн 1.1 тэрбум төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлсэн байдаг. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хэн нэгний түрийвч рүү өнгийхөөс илүүтэйгээр тухайн хүн үнэнч, шударгаар хөдөлмөрлөж аливаа бизнес эрхэлж байгаа бол түүнийхээ татвар, тайлан тооцоог үнэн зөв гаргадаг эсэхийг нь хянадаг байхын тулд хардаг баймаар. Гэтэл ямар орлогын эх үүсвэрээс бүрдсэн хөрөнгө болох нь нийтэд ил бус хэвээр байгаа нь нэгдүгээрт шударгаар хөдөлмөрлөж амжилттай яваа нэгэнд хар төрүүлж түүнийг хэлмэгдүүлэх, хоёрдугаарт шударга бусаар хөлжсөн "төрийн зүтгэлтнүүдийн" үнэн төрхийг илчлэхэд саад болсон хэвээр байгаа юм.
Товчхондоо хөрөнгө орлогын мэдүүлэгт тухайн хүний хувийн бизнесийн орлого, зарлага, тайлан тооцооны дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргах шаардлагатай. Нөгөө талаар АТГ зөвхөн шаардлагатай тохиолдолд бус ХОМ мэдүүлсэн хүн бүрийн мэдээллийг нягталж, шалган түүнээс гарсан бодит дүгнэлтийг нээлттэй байдлаар байршуулах хэрэгтэй.