- .................................................
-Битгий хямраад бай л даа
-Битгий хямар гэж хэлэхэд чамд амархан л байгаа байх л даа
-Хүн сэтгэлээрээ урьтаад үхчихвэл юу болох юм бэ. Туссан байсан ч эдгэх арга нь олдоно...
50 гаруй насны ах, эгч хоёрын яриа ийнхүү өрнөж том биетэй, цонхигор царайтай ах цурхиртлаа уйлах нь тэр. Өөрөөсөө ч том биетэй, тулхтай байрын эр хүн асгартал уйлж байхыг анх удаагаа л харсан минь энэ.
Хавдар Судлалын үндэсний төвийн, Химийн эмчилгээний тасгийн үүдээр эдгэрэх найдвар, ганц хоног ч болов хорвоогийн нарыг илүү харах юмсан гэсэн бодлыг сэтгэлдээ тээсэн иргэдээр дүүрэн.
Зовлон тээж яваа хүний харц гэдэг яасан гунигтай гээч. Ус гүйлгэнэсэн, бодолд автсан дүйнгэ харц гэх юм уу даа. Гэхдээ л тэр харцны цаана байгаа итгэл найдварын оч бөхдөггүй гэдгийг би ойлгосон юм.
Сая л уйлж зогссон ах дөнгөж тайвшраад “Ах нь төрдөө 30 гаран жил зүтгэсэн хүн. Дөрвөн сайхан охинтой. Хүүхдүүдийн ажил амьдрал жигдэрч сая л амсхийж, ач зээгээ тойруулаад жаргана даа гэж бодтол элэгний хорт хавдартай болчихож. Хүн цагаа тулахаар үхчихье гэж боддоггүй юм байна. Эмчилгээгээ цаг тухайд нь хийлгээд, эм тариагаа ягштал хэрэглээд байвал хэдэн жилийн нас байгаа л юм шиг байна. Гэхдээ л хүн амьдралдаа бардаж болдоггүй юм гэж үнэн бололтой. Залуу сайхан насандаа эрүүл мэнддээ анхаарч байхгүй яав даа гэж бодоод тархиа шааж сууна. Манай хэдэн зээ их хөөрхөн шүү. Сая шинэ жилээр "Өвөө та үс, сахалтай бол яг л өвлийн өвгөн шиг харагдахаар байна" гээд л нулимсаа гартал инээлдэж байна лээ. Хорт хавдартай надад ямар юмных нь үс, сахал байх вэ дээ...” гэсээр бас л нулимс нь зангирч таг дуугүй болов...
-ХЭДЭН ХҮҮХДЭЭ ХӨХӨӨРӨӨ ХООЛЛОЧИХСОН ЮМ ЧИНЬ ТАЙРЧИХСАН Ч ЯАДАГ ЮМ-
ХСҮТ-ийн Химийн эмчилгээний тасгийн үүдээр суух хүмүүсийн хэнд ч хар буруу сэтгэл байхгүй. Зовлон туулж яваа хүмүүс нэг нэгдээ хачин элгэмсүү болчихдог аж. "Би гурав дахь хими эмчилгээндээ орсон хавдрын эсийн 50 хувь нь устсан гэж байна", "Тийшээ яваад эмчээс асуугаарай. Битгий сэтгэлээр унаарай" гэх мэт үгсээр хэн хэндээ сэтгэлийн дэм, тус болж буй нь энэ биз ээ. Эмчид үзүүлэх дарааллаа хүлээх зуур бусдад хамгийн их зөвлөгөө мэдээлэл өгч буй Л.Н-ийн хувьд хөхний хорт хавдраар өвджээ.
Гэхдээ тэр сэтгэлээр унаж, гуньж гудайгаагүй, гудайх ч үгүй биз. “Эгч нь хөхний хорт хавдартай. Сая хагалгаанд орохын өмнө гурав дахь хими эмчилгээндээ ороод гарч ирлээ. Хавдрын эс нь тодорхой хэмжээгээр буурсан байна л гэж байна. Өвчин туслаа гээд гунихгүй ээ. Эгч нь эдгэнэ. Эдгэхээр харагдаж байгаа биз дээ. Эгчийгээ чи дүрэлзэж байгааг харахгүй байна уу. Хэдэн хүүхдээ хөхөөрөө хооллочихсон юм чинь энэ мууг тайраад хаячихсан ч ер нь яадаг юм. Эдгэж л байвал хамаагүй ээ” хэмээн ярьж байлаа.
Энэ ярианаас нэг л зүйлийг ойлгож бас сэтгэл эмзэглэж суув. Хүнд ямар ч өвчин зовлон тохиолдсон үр хүүхдээ л гэдэг юм байна. Үр хүүхдээ хөхөөрөө тэжээгээд болчихсон юм чинь одоо тайруулсан ч яах уу гэж хэлэх эмэгтэйн үг ямар хүнд үг гэдгийг та бүхэн надаар хэлүүлэхгүй мэдэрч байгаа биз ээ.
-ХАВДАР ГЭЭЧ НЬ Л БИТГИЙ БАЙГААСАЙ-
Биднийг ХСҮТ орохын өмнө үүдэнд улаан дээлтэй, буудаггүй булган малгай өмссөн гүндүүгүй сайхан ах дүнсээ гаргаж ирэн тамхи ороож суусан юм. Харин дотор иргэдтэй ярилцаж нэлээд хугацааны дараа гарч ирэхэд нөгөө ах ахин нэгийг ороосон болов уу гэлтэй тамхиа баагиулсаар сууна. Ах хүү нэг л гунигтай тамхиа соронгоо “Архангайгаас биеэ үзүүлэхээр ирсэн. Сая шинжилгээгээ өглөө. Хөдөөний бид нар бие хаадаа ямар анхаарах биш. Хэдэн мал л болж байвал гэж боддог шүү дээ. Гэтэл сүүлийн хэдэн жил ходоод гэдэс өвдөөд нэг л биш. Сум орон нутгийн эмч нар хавдар байж магадгүй хот бараад гэлээ. Тэр хавдар гээч золиг нь л биш байгаасай гэж бодох юм” гэсээр уртаас урт санаа алдаж суух нь тэр.
-50-аас дээш настай л бол эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах хэрэгтэй-
Хорт хавдраар өвчилж буй иргэдийн насны хувьд ихэнх нь 50-аас дээш насны хүмүүс байдаг аж. Тиймээс хэрвээ та 50 дээш настай л бол эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамрагдахыг мэргэжлийн эмч нар зөвлөдөг. Манай улсад элэгний хорт хавдар тэргүүлдэг бол умайн хүзүүний хорт хавдар, уушги, бүдүүн нарийн гэдэсний хорт хавдар удаах байруудад ордог билээ.
Эрт илрүүлж чадвал наанадаж л арай олон жил наслах цаашаа эдгэх магадлал нь өндөр болдог. Хамгийн харамсалтай нь хорт хавдартай иргэдийн дийлэнх нь хожуу үедээ оношлогддог ажээ. Харин эмчилгээний хувьд орчин үед хавдрын дэвшилтэт хими эмчилгээ болох байн эмчилгээний эм тариаг өнгөрөгч оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн даатгалд 100 хувь хамруулах болжээ. Байн эмчилгээ нэвтэрснээр хорт хавдартай өвчтнүүдийн амьдрах хугацаа, амьдралын чанар сайжрах тал дээр эерэгээр нөлөөлж байгаа юм байна.
Улсдаа хавдрын тусламж, үйлчилгээг хүргэж буй ХСҮТ-ийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал зэргийн талаар тус эмнэлгийн захирал Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.
-ХСҮТ-ээр үйлчлүүлж буй иргэдийн хэчнээн хувь нь хожуу шатандаа оношлогдсон байна вэ?
-Үйлчлүүлж буй иргэдийн 75 орчим хувь нь хожуу шатандаа оношлуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, 25 орчим хувь нь эмчилгээ үр дүнтэй, боломжтой цагтаа оношлуулж чадаж байгаа нь маш харамсалтай тоон үзүүлэлт юм.
-75 хувь гэдэг бол маш өндөр үзүүлэлт. Энэ хэрээр өвчтөнүүдийн эмчилгээний оочир дараалал тал дээр хүндрэл гардаг. Гэтэл улсын хэмжээнд хавдар судлалын ганцхан эмнэлэг байна. Тэгэхээр эмнэлэг нь ганц, өвчтөн нь их байгаа энэ нөхцөл байдлыг шийдвэрлэх гарц, гаргалгааг та юу гэж харж байна?
-Даатгалын шинэчлэлийг УИХ-аар баталж, 2021 оноос гуравдугаар сараас хэрэгжилт нь эхэлсэн. Үүний ачаар аль ч эмнэлэг хавдрын эмчилгээ хийх чадамжтай бол эмчилгээг хийх боломж нь бүрдсэн. Тийм ч учраас хавдрын хими эмчилгээг бүхий л аймаг, дүүрэг хийж байна. Мөн мэс заслын эмчилгээг бусад эмнэлгүүд хийгээд эхэлсэн. Тэгэхээр ганцхан ХСҮТ-д эмчилгээ хийж байгаа зүйл биш. ХСҮТ бол хамгийн сайн, чанартай тусламж үйлчилгээг хийж, бусдад туршлага, мэдлэгээ хуваалцаж мэргэшүүлж, ачааллаа бууруулах чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, хавдрын хамгийн энгийн хагалгаануудыг бусад эмнэлгүүд хийж байхад ХСҮТ нарийн төгс эмчилгээг хийж байх жишээтэй. Энэ мэтчилэн хавдрын тусламж үйлчилгээг үе шаттай хүргэх зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа.
-Өнгөрөгч 7 хоногт аймаг, дүүргүүдийн эмч нарыг чадавхжуулах сургалтад хамруулсан. Гэвч хавдрын эмчилгээг энэ байдлаар тарж хийх нь эмчилгээний чанарын асуудал хөндөгдөх үү?
-Ирээд хийвэл чанарын асуудал сайтайн дээр санхүүгийн зардал багатай. Манай эмч, мэргэжилтнүүд очиж хийвэл хүндрэлүүд их. Ер нь эмч мэргэжилтнүүдийг сургалтад тогтмол хамруулахгүй байгаагаас эмчилгээ, үйлчилгээ доголдох эрсдэлтэй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлаас шалтгаалан сургалтуудаа хийж чадахгүй байсан. Энэ жилийн тухайд сургалтаа маш чанартай хийж байгаа.
-Бас нэг ажиглагдаж буй зүйл бол ХСҮТ-д тоног төхөөрөмжийн хүртээмж тааруу байна гэх иргэдийн яриа. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Тоног төхөөрөмж байнгын шинэчлэгдэж байх ёстой зүйл. Энэ утгаараа хавдрын болон бусад эмнэлгүүдэд тоног төхөөрөмжийн дутагдал байдаг. 2018 оноос хойш шинэ туяа аппаратуудтай болсон. Мөн 2022 оноос хэд хэдэн тоног төхөөрөмжийг шинэчлэх гэж байна. Энэ мэтчилэн тоног төхөөрөмжийн тал дээр анхаарсаар л байна. Өөрөөр хэлбэл, хавдар судлалын салбарт хөрөнгө оруулалт ч хангалттай хэмжээнд хийгдэхгүй байгаа л гэсэн үг. Энэ нь улсаас зайлшгүй анхаарал хандуулах ёстой асуудал.
Бид өвчин зовлон өөрийн толгой ирэх аль эсвэл ойр дотны хэн нэгэнд тохиолдохгүй л бол бодох нь бүү хэл санаа тавьдаггүй, анхаарч үздэггүй нь үнэн. Монгол Улсад ойролцоогоор нийт оношлогдож буй хорт хавдрын 75-80 хувь нь хожуу үедээ оношлогдож байна. Хожуу оношлогдоно гэдэг нь эмчилгээний сонголт багасах эрсдэл бий болж эхэлнэ гэсэн үг. Хэдийгээр сүүлийн жилүүдэд эрт илрүүлгийн асуудалд төр засаг бодлогын хүрээнд анхаарч эхэлсэн нь сайшаалтай боловч хүн амын дунд урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл амьдралын хэв маягт бүрэн "суралцаж" амжаагүй байна. Ганц л амьдрах хорвоо юм хойно энэ мэтийг эдэлж, хэрэглэлгүй яах юм л гэдэг. Хөрөнгө зарах бүхнийг эдэлж, хэрэглэж чаддаг шигээ эрүүл мэнддээ ч "хайртай" байя. Хайртай хүмүүстээ өгч чадах хамгийн чухал хайр, халамж бол өөрөө эрүүл байх явдал мөн билээ.
Нэмэлт мэдээлэл
Х.Умаахан