Сэтгэлийн үгээ чамдаа би хэлюү гээд
Санааширч суусаар зөндөө удлаа даа
Сайхан сарнай минь соёолж гүйцээд
Саруул талаа чимэглэн ургалаа
Өө өө өө хайрын минь ганц сарнай
Өр зүрхэнд минь дэлбээлээч дээ...энэ дууг эмээ минь сонсож, ээж минь ч аяласаар өдийг хүрчээ. Одоо би ч бас аяласаар л ...
-Энэ дуугаар ярилцлагаа эхэлсний учир гэвэл өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан 80, 90-ээд онд ард түмний сэтгэл зүрхэнд мөнхөрч үлдсэн олон сайхан дууны эзэд Болох “Цагаан шөнө” хамтлагийн уран бүтээлчидтэй уншигч та бүхнийг учран золгуулъя. Төдийгөөс өдийг хүртэл олон сайхан уран бүтээлийг сэтгэл зүрхэндээ “хүлхэж”, сонортоо аялгуулан дуулж яваа билээ...
-Юуны түрүүнд “Цагаан шөнө” хамтлагийн 30 жилийн ой тохиох гэж байна баяр хүргэе. Яриагаа "Цагаан шөнө хамтлагийн үүх түүхээс эхэлье гэж бодож байна?
-Цагаан шөнө хамтлаг анх 1991 онд байгуулагдсан. 1995 он хүртэл уран бүтээлээ туурвиж байгаад хэсэг завсарлага авсан. 2017 оноос эхлэн үйл ажиллагаагаа дахин сэргээж, уран бүтээлээ хийж эхэлсэн. Завсарлага авсан энэ хугацаанд манай уран бүтээлчид бие даасан байдлаар уран бүтээл хийж байсан. Энэ жил манай хамтлагийн 30 жилийн ой болж байна. Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр болох Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цахимаар тоглолт хийхээр бэлдэж байна. Манай хамтлаг зургаан уран бүтээлчтэй. Мөн манай хамтлагаас хоёр гавьяат төрсөн. Амьд хөгжмийн хамтлаг гэж ойлгож болно.
-Танай хамтлагийн хамгийн хит болсон “Хайрын сарнай” дуу хэрхэн бүтэж байв?
Хөгжмийн зохиолч СТА Ч.Баттогтох: Зарим дууны үг эхэлж орж ирээд дараа нь ая нь орж ирдэг. Харин “Хайрын сарнай” дууны хувьд үг, ая нь зэрэг орж ирж байсан. Хайрын дуу учир мэдээж нэг бүсгүйтэй холбогдоно. Энэ дууг 1987 онд зохиож байлаа. Өдийг хүртэл дуулагдана гэж естой санаж байгаагүй юм билээ. 1991 онд болсон “Ая дууны жигүүр” тэмцээнд ороод түрүүлж байсан түүхтэй.
-Өдийг хүртэл дуулагдана гэхээр дууны хувьд чанар чансаатай уран бүтээл гэдэг нь ойлгомжтой хэрэг шүү тиймээ?
Продюсер М.Баясгалан: Амьдралаас, хүний сэтгэлээс урган гарсан дуу учир хүмүүст их ойрхон санагддаг байх. Түүнээс биш ур чадвар шаардсан, гүн гүнзгий агуулгатай, мэргэжлийн дуу биш. Бидний хувьд ч мөн энэ дууг хит болно гэж бодож байгаагүй. 1991 онд болсон нэг дууны тэмцээнд дуулсан юм. Тэгэхэд МҮОНРТ бичиж авсан юм билээ. Түүнээс хойш хүн бүрийн мэддэг дуу болсон.
1990-ээд оны эхэн үе бол ганзагын наймааны оргил үе байсан. Тэр үед 20-иод настай залуучууд уран бүтээл ч хийнэ, наймаа ч хийдэг байв. Тухайн үед хүмүүс вагонд тэр чигтээ “Хайрын сарнай”-г дуулдаг байсан. Тэр үеийг одоотой харьцуулахад хүмүүс их архи уудаг байлаа. Хаана баяр наадам болно, тэр бүрт "Хайрын сарнай" дуулагддаг байсан.
-"Хайрын сарнай дууг" зориулсан бүсгүйн талаар яриач?
Хөгжмийн зохиолч СТА Ч.Баттогтох: Энэ дуу өдийг хүртэл дуулагдана гэдэг нь тэр бүсгүй их сайхан бүсгүй байсныг илтгэж байгаа юм. Бид хоёрын хайр бүтээгүй хэдий ч одоо ч холбоотой байдаг. Тэр бүсгүй их сайхан амьдарч байгаа. Энэ дууг өөрт нь зориулж дуулсан гэдгийг мэддэг.
-Ч.Амаржаргал эгчийн хувьд энэ хамтлагтай хэрхэн хувь заяагаа холбосон бэ?
МУГЖ Ч.Амаржаргал: Миний хувьд сургуульд байхдаа найзуудтайгаа хүүхдийн хамтлаг байгуулж байсан. Анхны хамтлагтайгаа өнөөдрийг хүртэл хамтдаа уран бүтээл хийгээд явж байна.
-Сая Баагий ахын дурлалын түүхийг сонслоо. Баясаа ах, Амараа эгч хоёрын хувьд хэр дурладаг байв? Дурлачихаад ямар ямар уран бүтээл туурвив?
МУГЖ Ч.Амаржаргал: Бид өөрсдийн дотоод хүнээ мэдэрч аливаад ханддаг. Тиймээс дурлавал гүнзгий дурладаг.
Продюсер Ч.Баясгалан: Би тэгж их дурлаад байдаггүй. Миний хувьд 1995 он хүртэл энэ хэдтэйгээ урлаг уран бүтээл хийж байгаад өөр ажил хийсэн. Тийм ч учраас харьцангуй сэтгэлийн хөдлөл багатай. Одоо харахад заримдаа энэ хэдийгээ гайхдаг. Дэндүү их сэтгэлийн хөдөлгөөнтэй санагддаг.
-Ч.Амаржаргал эгчийн хувьд хэдэн дуутай вэ?
-Би 170 гаруй дуутай. Ээж, аавын дуунууд байдаг ч зонхилох сэдэв нь хайрын тухай дуунууд байдаг. Дурлахаараа, гуниглахаар дуугаа зохиодог. Хэрэв шүлэг таалагдахгүй бол олон өдөр сууж байж, аяаа зохиодог. Харин таалагдаж байвал хэдхэн минутад л бэлэн болчихдог.
-Таны уран бүтээлээс "Нартад ганцхан ээждээ" "Охиндоо" зэрэг дуунуудыг ард түмэн андахгүй. Харин "Охиндоо" дууны хувьд уйтгар гунигтай, хэцүү дуу гэхээсээ илүү өөрийн байгаагаа хүлээн зөвшөөрсөн бодь сэтгэлийн дуу гэж би хардаг?
-Манайх гурван хүүхэдтэй. Том охиндоо зориулж энэ дууг зохиосон. Том охиноо хоёр сартай байхад нь зохиож байсан. Гол нь би өөрөө харааны бэрхшээлтэй, эгч маань харааны бэрхшээлтэй. Тийм учраас охиноо төрүүлэхдээ 10 сарын хугацаанд их зовууртай байсан. Охиноо төрсний дараа их баяртай мэдээ сонсоод, дотоод мэдрэмжээрээ хийсэн дуу юм.
Энэ дуунд хүмүүс их дуртай байдаг. Гэхдээ миний хувьд гунигтай дурсамжтай учир дуулах дургүй. Олон жил огт дуулаагүй байж байгаад 2012 оны тоглолтдоо сонсогчдын хүсэлтээр дуулсан. Энэ дуугаар амьдралын бодит үнэнг хүмүүст хэлэхийг оролдож байсан.
-Харааны бэрхшээлтэй хүмүүс анх хамтлаг болж байхад ямар асуудал тулгарч байв?
-МУГЖ Ч.Амаржаргал: Анхнаасаа л урлаг хөөгөөд явсан болохоор тулгардаг асуудал байхгүй. Бэрхшээлээс илүү ямар сайхан уран бүтээл бүтээх вэ гэдэг гэгээн хүсэлдээ хөтлөгдөөд л явж байна.
М.Баясгалан: Нэг их бэрхшээл зовлон алга байна. Бэлтгэл хийх өрөө хөгжим байна. 2018 онд ХНХЯ, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр хөгжмөө авсан. Уран бүтээл хийхэд тулгардаг зүйл гэвэл бага юм байна.
МУГЖ Ч.Амаржаргал: Нэг бэрхшээл байгаа юм байна. Коронавирус гэдэг өвчин чинь биднийг тайзан дээр гаргасангүй. \инээв\
СТА Ч.Баттогтох: Бид нар гитараа бариад дуугаа дуулахаараа ертөнцийн муу муухайгаас тасарч аз жаргалтай болдог. Гадуур явж байгаад хэн нэгэн нь бухимдалтай орж ирлээ гэж бодоход гитар хөгжмөө бариад л бүгдээрээ орчлонгоос тасарчихдаг. Хамгийн жаргалтай газар л энэ байдаг.
МУГЖ Ч.Азжаргал: Бидний нэг том боломж нь хамтлагийнхаа уран бүтээлийг өөрсдөө зохиодог болохоор уран бүтээлийн дутагдалд орно гэж байхгүй.
Ч.Баттогтох: Бүх зүйлийг л багаараа бүтээдэг болохоор тулгардаг зүйл ховор л доо. Жишээ нь, Амараа бид хоёр дуугаа бүтээнэ. Хөгжим аяыг зохиогоод дуусахад Баясаа мааны хөгжмийн найруулгыг нь хийж хувцасладаг, зүйрлэвэл гоё плаж өмсгөж босгож ирдэг гэсэн үг.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамтран нэгдсэн өөр хамтлаг байдаг бил үү?
-Байхгүй шүү дээ.
-Тэгэхээр та хэдийг жинхэнэ зүрх сэтгэлээрээ нэгдсэн хамтлаг гэж хэлж болох нь ээ?
М.Баясгалан: Хамтлаг байгуулаад гурван жил тоглож байна гэвэл нэг ондоо. Гучин жил тоглож байвал бас нэг ондоо. Яг "Цагаан шөнө"-ийн 30 жилийн түүхийг ярьж байгаа болохоос анхны хамтлагийг 1984 онд байгуулсан. Нэг юм хэлэхэд манай залуучууд санаачлага муутай жаахан залхуу байдаг юм. Бүр анх эхэлж байхад тоглох хөгжим байхгүй байлаа. Надад бөмбөр байхгүй дээр үеийн паниаран сандал байдаг байсан юм. Тэр сандлыг нүддэг байсан гээд боддоо. Тийм үеэс илүүтэйгээр одоогийн залуучуудад интернэт байна, гитар бөмбөрийн сургалт гээд бүгд ютүүбэд байна. Тэгсэн хэрнээ амьд тоглож байгаа хамтлаг арван хуруунд багтахаар цөөхөн байна. Залуучуудаас АsouNd, LemoNs байна уу даа. Ихэнх нь л хип хоп хөгжим сонсож ам бариад л дуу ч үгүй ая ч үгүй болсон юм шиг байна.
Ч.Амаржаргал: Гоё хит дууч гэсэн гаргахгүй байна.
-Уучлаарай болчимгүй асуулт ч байж болох юм. Гэхдээ та хэд хэрвээ хараатай байсан бол юу хийх юмсан гэж хүсэж мөрөөддөг вэ. Хэрвээ хараа орвол хамгийн түрүүнд юу хийх вэ?
МУГЖ Ч.Амаржаргал: Өдий насан дээр ирээд харааны талаар бодох нь багассан. Залуу насандаа бол хараа орох юмсан гэж хүсэж бас мөрөөдөж явсан. Хэрвээ хараа орвол миний хувьд ээжийгээ амьд дээр нь харах юмсан гэж боддог. Хараатай байсан бол би дуулаад өнөөдрийнх шиг ая зохиогоод явж байхгүй байсан. Багш болох хүсэлтэй байсан байхаа. Гэхдээ одоо урлагтаа хөтлөгдчихсөн болохоор энэ ажилдаа сонирхолтой дуртай.
Продюсер М.Баясгалан: Хэрвээ би хараатай байсан бол нэг бол их сайн явна. Нэг бол их муу явна. Яагаад гэвэл би бага, залуудаа их хөдөлгөөнтэй явлаа. Дунд зэрэг, дундуур явна гэж хэзээ ч боддоггүй. Хараа орчих юмсан гэж би боддоггүй. Яагаад гэвэл би муу муухай юм хармааргүй байна шүү дээ. Гудамжаар хийсч байгаа хог новшийг хармааргүй байна. Харахгүй байгаа нь надад таалагддаг. Ганцаараа явахад, амьдрахад, ажил төрөл хийхэд хэцүү нь хэцүү. Гэхдээ сайн тал нь харахгүй байгаа нь амар амгаланг мэдрүүлдэг. Тэрнээс би чинь чи өнөөдөр ямар хувцас өмсчихсөн явж байгаа юм бэ гээд эхэлнэ шүү дээ. Өөрөө хурц араншинтай болохоор тэр. Ямарч юм хоёр талтай. Муу юманд ч сайн тал байгаа, сайн юманд ч муу тал байна. Харахгүй байгаадаа харамсдаггүй
СТА Ч.Баттогтох: Баясаа бид хоёр багаасаа найзалсан юм. Бид хоёр бүх зүйлийг л хийж үзэж байлаа. Сэтгэхүй нь шал ондоо шүү дээ. Би хараатай байсан бол мотоцикл унаад л, салхи татуулаад давхих юмсан гэж ярьдаг байлаа.
М.Баясгалан: Би залуудаа хүнд метал хөгжим сонсдог, рок стайлтай залуу байлаа. Мөрөөдөл бол нэг гоё Harlay-Davidson унаад нэг гоё охин ардаа суулгаад, тэр охины үсийг нь хийстэл давхих юмсан гэж боддог. Германд явж байгаад би Рокоруудын цуглаантай таарсан юм. Тэгсэн хэдэн зуун мототой байкарууд цуглаад дуунд нь тэр хавийн газар доргиж байгаа юм. Одоо тэр хүмүүс чинь өвөө нар болсон. Гэхдээ залуу насны стайлдаа үнэнч үлдсэн. Би яг тийм дуу хөгжим сонссон болохоор юмыг жаахан гажиг талаас сэтгэдэг гэх юм уу даа.
-Цагаан шөнө хамтлагийн цаашдын төлөвлөгөө юу байна вэ?
-Эхний ээлжинд цомог гаргасан. Энэ дуунуудыг хүмүүс хүлээн авч байна. Дараа дараагийн олон сайхан уран бүтээлийн төлөвлөгөө байна.
-Ч.Баттогтох ахын хувьд ахиад ингэж гал халуун дурлаж хайрын уран бүтээл туурвих болов уу?
-Манай цомогт орсон нандин дурсамж гэж дуу байгаа. Тэр дуу бас нэг бүсгүйд дурлаад бичсэн. Одоог болтол миний зүрхэнд надтай хамт байнга явдаг. Яг өөрөө хаана явааг бол мэдэхгүй.
-М.Баясгалан ахын хувьд анх тайзан дээр гарч байсан сэтгэгдлээ хуваалцаач?
-Бага залуудаа сэтгэлийн хөдөлгөөн өндөртэй байлаа. Уран бүтээлийг үзэгчид алга ташиж хүлээж авахад огшдог байлаа. Одоо бол баргийн юманд баярлахаа, гомдохоо байсан. Энэ хэдийгээ баярлахаар гайхаад байдаг юм. Заримдаа том тайзан дээр гараад тоглохоор энэ хэддээ хэлдэг. Сэтгэлийн хөөрөлгүй тоглоно шүү гэж хэлдэг.
МУГЖ Ч.Амаржаргал: Үүнтэй заримдаа санал нийлдэггүй юмаа. Үзэгчид сайхан байхад мэлмэрээд л ирдэг юм.
СТА Ч.Баттогтох: Манай Амараа гэхдээ гайхалтай хөдөлмөрч шүү. Бүгдээс нь түрүүлж ирээд л бэлтгэлээ хийдэг гэртээ хийсээр л байдаг.
Ч.Амаржаргал: Миний үндсэн ажил чинь урлаг байхгүй юу. Өөр хийж гавьсан юм алга байна.
-Өөр та хэд Монголын ард түмэндээ зориулж үг хэлнэ үү?
-Өөрсөддөө ямар сайхан зүйл хүсдэг тэрийгээ л хүсье.
Ярилцсанд баярлалаа.