Б.Уянга: Төр ирээдүйд стратегийн ордын жагсаалтаар далайлгаж, ААН-үүдэд ДАРАМТ үүсгэж болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
16 минут 19 секунд

Баялгийн сангийн хуулийн хэрэгжилт болоод Ураны гэрээтэй холбоотой цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн, Уул уурхайн дэд сайд асан Б.Уянгатай ярилцлаа.

-Уран олборлох олон улсын туршлагыг бид нэвтрүүлэх л ёстой-

-Ярианы эхэнд саяхан Монголын Үндэсний олон нийтийн телевизээр гарсан Ураны асуудлаарх хэлэлцүүлгээс зарим нэг зүйлийг тодруулж асууя гэж бодлоо. Мэтгэлцэгч талууд уран хортой, хоргүй гэсэн хоёр өнцөг дээр ерөнхийдөө төвлөрлөө шүү дээ. "Та бүхэн энд сууж байгаа эрдэмтдэдээ итгэхгүй байгаа бол хими, физикийн багш нараас очоод асуугаарай" гэж аргаа барахдаа хэлэв үү? Мэтгэлцээнээс ямар дүгнэлттэй үлдсэн бэ?

-Мэтгэлцээд ч хамаагүй өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэй хэлж байгаа нь манай нийгэм нэг талаас эрүүл байгаа үзэгдэл гэж харсан. УУХҮЯ-нд газрын дарга, дэд сайдаар ажиллаж байхдаа Канад, Австрали зэрэг улсуудад зохион байгуулагдсан олон улсын хуралд явахад санал зөрөлдөх, шүүмжлэлд өртөх тохиолдлууд олон гардаг байсан. Үүнийг байх ёстой эрүүл үзэгдэл гэж хардаг. Гэхдээ бид үнэн бодит мэдээллийг заавал олон нийтэд хүргэж байх ёстой.

- УИХ-ын гишүүн, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатарын "шинжлэх ухаанд итгэх арга алга" гэж хэлсэн үг энэ салбарын эрдэмтдэд маш эмзэг тусах шиг болсон. Нөгөө талаас аж үйлдвэржилтийн салбарын асуудлыг хэлэлцдэг мэргэжлийн байнгын хорооны дарга нь үгүйсгэсэн байр суурь илэрхийлсэн нь зарим улстөрчдийн ч эгдүүцлийг хүргэх шиг боллоо?

Нэг зүйлийг онцолж хэлэхэд бид шинжлэх ухаандаа итгэх ёстой. Мэтгэлцээний явцад С.Ганбаатар гишүүний гаргаж ярьсан өнцөг тэнд сууж байсан эрдэмтэд рүү л хандаж хэлсэн юм болов уу гэж бодсон. Түүнээс биш аж үйлдвэржилт бол тэр чигтээ химийн нарын процессууд, бүх л төрлийн шинжлэх ухааны ололт, амжилтууд багтаж байдаг учраас итгэхээс өөр арга байхгүй.

Энэ ярилцлагаар ч мөн зарим чухал мэдээллийг давтаж хэлэх нь зүйтэй болов уу. Ураныг эрчим хүчний түлш талдаа ашиглавал эх үүсвэр талдаа нүүрснээс хамаагүй бүтээмж өндөртэй, түүхий эд болох юм. Монгол Улсаас гарах хэлбэр нь газрын дор уусган олборлох аргаар хүдрээс ураныг нь ялгаж аваад цөмийн энергийн түлш болохоос өмнөх шатанд нь гаргаж авна гэсэн үг. Тэгэхээр тэндээс цацраг идэвхт хог хаягдал үүсэхгүй юм. Хэрэв түлшийг бий болгосон бол тэндээс цацраг идэвхт хог хаягдал гарна шүү дээ. Тийм учраас бидэнд айх зүйл огт байхгүй гэж хэлмээр байна.

Газар доор уусган олборлох арга бол дэлхий дээр 70 гаруй жил туршигдчихсан, нийт ураны олборлолтын 56 хувь нь энэ арга руу шилжчихсэн байгаа юм. Тиймээс энэ технологи Монголд анх удаа орж ирж байгаа учраас маш сайн хариуцлагатай ажиллахыг шахаж, шаардах ёстой болохоос энэ төслийг хэрэгжүүлж огт болохгүй гэж эсэргүүцэх нь логикийн хувьд буруу зүйл.

-Хамтарсан ЗГ-ын байгуулсан Ураны гэрээг одоо болтол улстөржүүлж, эсэргүүцээд байгаа нь утгагүй-

-Өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газар Франц Улсын "Орано майнинг С.А.С" компанитай уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байдаг. Гэрээг байгуулахтай зэрэгцээд ордны гадаа эсэргүүцлийн лоозон барьсан хэсэг хүмүүсийн жагсаалыг та санаж байгаа байх. Нэгэнт гэрээ байгуулагдсан ч энэ асуудал намжсангүй. Нөгөө талд уран олборлох нь байгальд төдийгүй, хүнд маш их хортой гэсэн ойлголт өнгөрсөн хугацаанд нийгмийн сууж ирсэн нь илт байгаа харагддаг. Үүнийг та юу гэж боддог вэ?

-Уран хортой гэсэн сөрөг мэдээлэл маш их газар авчихсан юм байна гэж ойлгосон. Нийгэмд ураны талаарх бодит мэдээлэл маш хангалтгүй байгаа нь харагдаж байна. Уг нь Ураны гэрээ хамтарсан Засгийн газрын үед байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлогтой. Бүх талууд нэгдээд ЗГ дээрээ ажиллаад, УИХ дээрээ батлаад явсан зүйл шүү дээ. Гэтэл одоо дахин дахин сөрөг талаас нь сөхөж байгаа нь жаахан харамсалтай санагддаг. Энэ үед ард иргэд асуудалд шүүлтүүртэй хандаж, соргог байх л хэрэгтэй. Ядаж сургуулийн эрдэмтэн, багш нар маань ураны талаарх бүх талын мэдээллийг учир зүйтэй нь шавь нартаа хэлдэг, танин мэдүүлдэг байх нь нэг сайн ажил болох юм.

Бид шар нунтаг бүтээгдэхүүнийг гаргаж байгаа. Нэг үгээр, байгалийн ураныг тэр чигээр нь гаргаж байна гэсэн үг. Эндээс цааш боловсруулах үйлдвэр гэвэл дэлхий дээр ердөө тав л байна. Тэр үйлдвэрүүдээр боловсруулагдаж байж цацраг идэвхт чанартай түлшийг гарган авдаг. Энэ боловсруулалт Монголд хийгдэхгүй. Хоёрдугаарт, газар доор уусган олборлох арга нь олон улсад олон жилийн хугацаанд туршигдсан технологи учраас бид ч мөн үүнтэй хөл нийлүүлэх л ёстой.

Гуравдугаарт, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг харахаар нүүрс, зэсийн баяжмал, жонш, алт гэсэн хэдхэн зүйл дээр эргэлдэж байгаа. Эндээс жоншийг бид сайн бүртгэлжүүлж чадахгүй байгаа. Нүүрсний хэрэглээ буурахаар хүссэн хүсээгүй уул уурхайн бусад нөөц баялгаасаа түлхүү гаргах хэрэгтэй болно. Тиймээс солонгоруулахын тулд ураны төсөл хамгийн чухал үүрэгтэй.

Уран олборлох асуудал дээр гүний усны асуудлыг их хөнддөг. Газрын доорх гүний ус руу хүчил маш ихээр шахах гэж байна гэдэг мэдээлэл маш их тархсан. Угтаа саармагжуулж байгаа л хэлбэр юм. Жишээ нь, 100 хувийн хүхрийн хүчил байлаа гэхэд нэг хувь нь хүхрийн хүчил, 99 хувь нь ус байдлаар саармагжсан зүйлийг урантай хэсэг рүү уусгах замаар оруулж, тэндээс байгаа ураныг нь уусмалдаа шингээж аваад буцааж татах цигл явагдана л гэсэн үг.

-Хоёр талын гэрээ байгуулагдсанаас хойш хоёр сар өнгөрсөн байна. Ажлын явц хэр урагштай хөдөлж байгаа вэ, танд авсан мэдээлэл бий л байх?

-Гэрээний дагуу хэрэгжих ажлын явцыг Бадрах Энержи ХХК танилцуулах үүрэгтэй. Сая хэлэлцүүлгийн өмнө тухайн компанийн удирдлагуудтай уулзаж мэдээлэл авснаа хуваалцах нь зөв байх. Төслийг бүтээн байгуулалтын үе шатанд хийгдэх ёстой ажлуудын тендер олон улсад зарлагдаад явж байгаа юм билээ. Цаашид бид бүхэн хяналтаа сайн тавиад, ажлыг нь шахаад явах нь зүйтэй гэсэн бодолтой байгаа даа.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд Дорноговь аймгийн Сайншандын иргэдтэй уулзалт хийхэд малчдын хувьд уран хортой. Хоёр толгойтой хурга, ишиг гарсан түүхтэй юм билээ гэх зэрэг шүүмжлэлийг маш их хэлж, лавласан асуултууд маш их асууж байсан. Уулзалтад мал эмнэлгийн газар, малын эрүүл мэндийн асуудлыг хариуцдаг ТББ-ын нэгдсэн холбооноос судалгаа хийснээ танилцуулсан. Тэр тайланг ч мөн нийтэд нээлттэй тавих хэрэгтэй юм билээ. Судлаачид нь өөрсдөө мөн нээлттэй мэдээлэх шаардлагатай юм байна гэж харсан.

-Судалгаагаар юу гэж гарсан байдаг юм бэ?

- Уран хортой гэдэг нь батлагдаагүй л юм билээ. Мэдээж амьд организмтэй холбоотой асуудал учраас өөр ижил төстэй орны судалгааг мөн харьцуулж харна. Манайхтай хамгийн ойролцоох нь Казахстан улс. Тэнд хүн, малд сөргөөр нөлөөлсөн асуудал гараагүй байсан. Гэхдээ эрсдэлээ тооцоход илүүдэхгүй. Аль болох эрсдэлт хүчин зүйлийг бий болгохгүй талаас бүгдээрээ ажиллах шаардлагатай байх.

-ААН-үүдэд стратегийн ордын жагсаалтаас зугтах арга сүвэгчлэх нөхцөлийг төр өөрөө үүсгэж болохгүй-

-Ураны асуудлаарх яриагаа энэ хүргээд өндөрлүүлье. Та өнгөрсөн парламентын үед батлагдсан Баялгийн сангийн тухай хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллаж байсан хүн. Хамтарсан Засгийн газрын хамгийн том амбицын нэг нь энэ хууль. Үүн доторх хуримтлалын санд уул уурхайн компаниудаас төвлөрсөн хувь хэмжээ 2028 он гэхэд нэг иргэнд 10 сая төгрөг ногдох хэмжээнд хүрнэ гэсэн судалгаа байсан. Энэ хэр бодитой тооцоолол гэж үзэж байгаа вэ? Нөгөө талаас зохицуулалт нь яаж явбал илүү оновчтой байх вэ?

-Эрдэнэс Монгол нэгдлээс танилцуулж байсан тооцоолол л доо. Гэхдээ нарийвчилсан тооцооллыг давхар хийх шаардлагатай гэж харж байгаа. Нөгөө талаас ЗГ стратегийн ач холбогдол бүхий ордоос төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээрийг компаниудтай хийж эхлээд явж байна.

Гэтэл стратегийн орд гэдэг нэр томъёо зөвхөн манай улсад л байна. Өөрөөр хэлбэл стратегийн ашигт малтмал гэдэг зүйлийг улс орнууд батлаад түүнийгээ дэмждэг. Товчхондоо тухайн улсын эдийн засагт ийм ийм ашигт малтмалын борлуулалт, олборлолт, үйлдвэрлэл хэрэгтэй байна гэж үзээд түүнийг нээж илрүүлэхийн тулд бодлогоо боловсруулж, ААН-дээ хөнгөлөлт үзүүлдэг.

Жишээ нь, Саудын Арабд чухал ашигт малтмалаа батлаад төрлөөр нь ангилсан. Түүнийхээ дараа гадаадын хөрөнгө оруулагчдад орд нээхэд хамтарч ажиллах санал гаргаад хэрэв тухайн хөрөнгө оруулагч тал орд нээх юм бол гаргасан хайгуулын зардлынх нь тодорхой хувийг Саудын Арабын ЗГ гаргана гэсэн зохицуулалттай. Зүй нь ингэж ААН-үүдийг дэмжиж явах ёстой бодлогыг 2006 онд манай хууль тогтоогч нар Ашигт малтмалын тухай хуульд тусгаж өгөхдөө стратегийн ашигт малтмалын орд гэдэг ерөнхий агуулгаар нь биччихсэн. Энэ нь өөрөө сөрөг үр дагавруудыг бий болгоод байгаа юм.

Энгийн үгээр хэлэхэд, ААН ямар нэгэн орд илрүүлэхэд төр түүнийг нь харж байгаад стратегийн ордын жагсаалтад оруулна гэж дайраад, бүртгэж авсныхаа дараа төрийн эзэмшлийн хэмжээг нь тогтооно гээд тулгачхаж байгаа юм. Ингээд төр заавал тэднээс хувь эзэмшиж байж хуримтлалын санд мөнгө төвлөрнө гэдэг болсон. Энэ нь салбарт маш их сөрөг уур амьсгалыг үүсгэж байгаа.

Салбарын мэргэжлийн хүний өнцгөөс харвал, ийм зохицуулалтаас болж, стратегийн том ордыг олон компаниуд жижиглэж хуваагаад олон жижиг ордууд болгож харагдуулах замаар стратегийн ордын жагсаалтад бүртгүүлэхгүй байх нөхцлийг сүвэгчилж эхэлнэ гэсэн үг. Ийм нөхцөлийг төр өөрөө бүрдүүлээд байвал энэ салбарт гадны хөрөнгө оруулалтыг татахад маш төвөгтэй болно.Тиймээс ийм байдал үүсэхээс сэргийлж олон улсын жишгийг дагаж зөв замд бодлогоо чиглүүлэх нь чухал байгаа юм.

Энэ утгаараа миний бие стратегийн болон стратегийн бус бүх ордын борлуулалтын орлогоос тодорхой хувийг нь хуримтлалын санд авдаг байх хуулийн төслийг санаачлаад ажиллаж байна. Энэ бол хамгийн оновчтой тэгш, шударга байдал. Ингэж чадвал хэзээ нэг цагт хэн нэг төрийн албан хаагчийн буруу шийдвэрээс болж гэж чичлэх шаардлага гарахгүй, улс төрийн нууц хөзөр болж тоглуулахгүй байх боломж нь бүрдэх юм. Мөн гадны хөрөнгө оруулагчдад ч тоглоомын дүрэм нь тодорхой байвал субьектив нөлөөллийн орон зай байхгүй болно.

2024 оны хуримтлалын санд 495.6 тэрбум төгрөг төвлөрсөн байдаг. Гэтэл бид бүх ордоос ялгалгүйгээр орлогын хоёр хувийн татвар авдаг байсан бол 1.1 их наяд төгрөг хуримтлуулах боломжтой байсан. Мэдээж сангийн үр өгөөжийг иргэд урт хугацаандаа, бодит өсөлттэйгөөр, голлох хэрэгцээ шаардлагадаа тулгуурлан зарцуулах нь зүйтэй.

-Бүх ашигт малтмалын ордоос нэгэн жигд орлогын тодорхой хувийг авдаг болох хэрэгтэй-

-Хуулийн төслөө хэзээ өргөн барихаар зэхэж байгаа вэ, хамтрах саналтай гишүүд хэр олон байна?

-Одоо л хэвлэл мэдээллээр дамжуулж олон нийтэд мэдээлэл хүргэж эхэлж байна. Хуулийн төсөлд санаа нийлж, хамтарч ажиллахыг хүссэн гишүүдэд мэдээж нээлттэй. Төслөө боловсруулж дуусгаад УИХ-д өргөн барихаар зорин ажиллаж байна.

-Баялгийн сангийн хуулийг дагалдах маш олон журмууд яамдуудад боловсруулагдаж байгаа юм билээ. Ийм олон журмаар зохицуулах нь өөрөө төвөгтэй байдал руу хөтөлж, хуулиа сулруулах эрсдэлтэй юм биш үү?

- Тийм. Салбар яамдуудад журмын төсөл боловсруулагдаж байна. Бэлэн болохоор том хэлэлцүүлэг болох байх. Одоогоор дүгнэж хэлэхэд эрт байна л гэж хэлэх байна.

-Ярианы төгсгөлд таниас сүүлийн үед танай нам дотор яригдаж байгаа нэг сэдвээр асууя гэж бодлоо. Бүлгийн гишүүд бүлгээс гарсан улс төрийн шийдвэрийг дагах, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд дэмжиж оролцох ёстой, үгүй бол намын бодлого сөрсөн гэж үзэн оноо хасах журмын төсөл яригдаж байгаа юм билээ. Таны байр суурь аль талд нь байгаа вэ?

-Миний хувьд дэмжиж байгаа. Гишүүд намдаа ч мөн ажлаа дүгнүүлэх нь зүйн хэрэг шүү дээ. Харин ч хэн нь ажлаа сайн хийж, хэн нь хийдүүлээд байгаа нь ялгарах зөв систем л гэж бодож байгаа. Ингэж байж магадгүй илүү хариуцлагатай болох байх.

Ярилцсанд баярлалаа

Гурван чиглэлд шөнийн автобус явж байна
Гурван чиглэлд шөнийн автобус явж байна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 6 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 6 хэм дулаан байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!