ХБИ-ний хөдөлмөр эрхлэлт ба төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого сэдвээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхартай ярилцлаа. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг нэг өдөр яриад өнгөрөх бус өдөр бүр хэлэлцэж түүнийхээ хүрээнд тодорхой шийдэл гарцуудыг эрэлхийлэх ёстой талаар хэлж байв.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд ажил олгогчдын хандлага, төлөвшил чухал үүрэгтэй. Гэтэл нийгмийн хариуцлага аль эсвэл хуулиар тогтоосон квотын хүрээнд ХБИ-ийг ажлын байраар хангахад төрийн байгууллага идэвхийлэн оролцох ёстой байтал эсрэгээрээ хангалтгүй үзүүлэлттэй байна. Тэгвэл дан ялангуяа ХБИ-ий хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх явдлыг төрийн байгууллагуудын хариуцлагын асуудалтай нь хэрхэн уяж өгөх юм бэ?
-Монгол улсад 198 мянган төрийн албан хаагч ажилладаг. Төрийн өмчит компаниудыг оролцуулбал, энэ тоо 220 мянга болж өснө. Бидэнд байгаа тоон мэдээллээр 1600 орчим ХБИ төрийн байгууллагуудад ажиллаж байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 10 жилтэй харьцуулахад нэлээн ахиц харагдахуйц тоо. Гэхдээ тус үзүүлэлтийг хангалтгүй гэдгийг байнга хэлж ярьдаг. Төрийн байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах чиглэлээр тогтмол мэдээлэл хүргүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах нь хуулиар хүлээсэн үүргүүдийн нэг гэдгийг нь ч хэлдэг.
Нөгөөтэйгүүр, Төрийн албаны зөвлөл рүү албан бичиг хүргүүлсэн. Цаашид төрийн алба тэр дундаа төрийн захиргааны албаны сонгон шалгаруулалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулахад тохиромжтой тохиргоог хэрхэн бий болгох, цаашид энэ чиглэл дэх олон улсын туршлагыг судалж, хэрхэн нутагшуулах зэрэг асуудлыг анхаарах хүсэлтийг тавьж байгаа юм.
Би төрийн байгууллагуудыг уриалмаар байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байрны тохиргоог нь хангаж ажиллуулах хэрэгтэй. Бид өнөөдөр “Бэрх биш ээлтэй” гэх уриаг дэвшүүлсэн байна шүү дээ. Бэрх биш ээлтэй нийгэм учраас төрийн байгууллагуудын ажил олголт ч нээлттэй байх ёстой.
-Та өмнө ТББ-уудтай очиж уулзахад хамтын ажиллагаа ТҮНШЛЭЛ их чухал болохыг хэлж байсан талаар дурдсан. Зөвхөн төр, хувийн хэвшил гэлтгүй иргэний нийгмийн байгууллагуудтай ямар байдлаар түншлэн ажиллаж болно гэж харж байна?
-Иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо чухал. Нэг жишээг энд дурдъя. "Түгээмэл хөгжил" тэргэнцэртэй иргэдийн ТББ бий. Тус төв өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн тэргэнцэртэй иргэдэд хувийн туслах авах боломжийг нь нээж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлийн журмыг шинэчилж өгөх хүсэлтийг тавьсан байдаг. Бид энэ журмыг шинээр бэлэн болгосон. Үүний цаана, тухайн тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тодорхой боловсрол, чадамж нь байгаа цагт тодорхой хугацаанд хувийн дадлагажуулагчийн оролцоотойгоор ажлын байран дээрээ илүү хурдан суралцаж дадна гэсэн үг. Ажил хөдөлмөр хийж иргэд маань эдийн засгийн хувьд орлоготой байж, өөрийн хөдөлмөр, нийгэм хамгааллыг хангахаас гадна цагийн ажил ч хийх боломжийг өгч байгаа нь түншлэлийн нэг хэлбэр юм.
Манайд түншлэлийн олон янзын загварууд байдаг. Тухайн загваруудаас хамгийн тохиромжтойг нь туршиж, хэрэглэж байх ёстой. Энэ тал дээр иргэний нийгмийн байгууллага гэлтгүй төрийн байгууллага ч санаачилгатай ажиллах ёстой. Нөгөө талдаа бид холбогдох дүрэм журмыг боловсронгуй болгох, тохиргоо нь зөв байх тал дээр хамтарч ажиллах үүрэгтэй.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлд ямар бодлого барьж ажиллаж байна вэ. Эдгээр эцэг, эхчүүд хүүхдээ гэрээр асран халамжилдаг учраас ажил хөдөлмөр эрхлэх боломж хомс байдаг талаар асуудлыг хөнддөг шүү дээ?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж буй эцэг, эхчүүд ажлын байраар хангагдах нөхцөл боломж сул байгаагаас өрхийн орлого тааруухан байдаг тохиолдлууд бий. Бидний хаяж болохгүй нэг зүйл бол, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийг ажлын байртай болгох явдал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрт үүнтэй холбоотой зохицуулалтуудыг хийгээд явж байгаа. Өөрөөр хэлбэл, эцэг, эх нь ажлын байраа өөрөө бий болгох магадгүй цахим, онлайнаар ажил хийх зэрэг хувилбарууд байж болно шүү дээ. Ингэж гэмээнэ өрхийн амжиргаа тодорхой төвшинд сайжрах, нийгмийн хамгааллыг бий болгох боломжтой гэж үзэж байгаа. Манай нийгмийн тулгамдаж буй асуудлын нэг мөн л бол түүнийг шийдвэрлэх арга зам, боломжуудыг бүхий л талаар эрэлхийлэх учиртай. Ингэхдээ эрэлхийлсэн арга зам, шийдлүүдээс тохиромжтойг нь боломжоороо хэрэгжүүлэх ёстой юм.
-Ирэх оноос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл мөрдөгдөж эхэлнэ. Шинэчилсэн найруулгад хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн харилцааг шинэ зохицуулалтуудаар тусгаж өгсөн гэж сонссон?
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль бол дан ганц хөдөлмөр эрхэлж буй иргэнээс гадна ажил олгогчид руу чиглэсэн хамтын харилцаанд суурилсан хууль. Ажил олгогч нар зөвхөн үүрэг хүлээх бус үүргээ биелүүлэхтэй нь холбоотой тодорхой нөхцлүүд байх ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж буй ААН байгууллагуудад татварын тодорхой хөнгөлөлт эдлүүлэх боломжийг эрэлхийлсэн эрх зүйн орчныг тодорхойлж байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр, хууль дангаараа хангалттай биш. Үүний цаана хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тухайн ААН, байгууллагын удирдлагуудын манлайлал их чухал байдаг. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдлыг бүрэн ойлгох, хөдөлмөр эрхлэлтийн харилцан ашигтай, үр дүнтэй байгаа харилцааг харгалзаж цаашид магадгүй компаниуд өөрсдөө нийгмийн хариуцлагын хүрээнд ажлын байраар хангах нь баялаг бүтээх, бусад иргэдийг ч баялаг бүтээхэд татан оролцуулж буй хэрэг юм. Энэ л хамтын ажиллагаа. Дан ганц хуульд өөрчлөлт оронгуут нийгэм дээрх нөхцөл байдал өөр болчих юм шиг бодож болдоггүй. Мэдээж хууль журмаар зохицуулагдсан зүйл байна. Мөн нийгмийн өөрийнх нь харилцаанд талуудын ойлголт бүрэн төсөөлөлд тулгуурласан байдлаар шийдэгддэг зүйлүүд ч бий.
-Мэргэжлийн албадын зүгээс ХБИ-ий мэдээллийн нэгдсэн сан дутмаг байдгаас аливаа төрлийн мэдээллийг цуглуулж, судалгаа хийх ихээхэн хугацаа шаардагддаг талаар хэлдэг. Энэ чиглэлд ямар ажил хийж байна вэ. ХНХЯ-нд ажлын хэсэг гарсан гэж сонслоо?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл нэг үетэй харьцуулахад тодорхой хэмжээнд цэгцэрч байгаа. Цэгцлэх ч шаардлагатай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн Ерөнхий газраас тухайн мэдээллийг бүрэн цэгцэлсний үндсэн дээр цаашдын үйл ажиллагааг бүрэн зохистой хэмжээнд явуулах боломж бүрдэнэ. Мөн Монгол Улсын Засгийн газар бүх түвшний нийгмийн мэдээллийг бүрэн тодорхой болгох чиглэлд ажлудыг хийсээр байгаа. Энэ бол зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар хязгаарлагдах зүйл биш. Манай нийгэмд байгаа бүхий л талын мэдээллийг бүрдсэн тохиолдолд тухайн мэдээлэлд суурилсан зохицуулалт хийх, шийдвэр гаргах боломжтой болж байгаа юм. Жишээлбэл, ХНХЯ дээр хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн удирдлагын систем бий болгож байна. Энэ систем дутуу ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл тодорхой хэмжээнд шивэгдэж байгаа. Цаашид ажил олгогч нар мэдээллийг тодруулсан байдлаас өөрсдийнхөө саналыг тавих боломжтой болно. Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд маш том асуудлыг ч шийдвэрлэх, гаргалгаа гарц байдаг гэх талаас нь харж, итгэдэг болсон. Их өгөгдлийг бид бүрэн ашиглаж чадвал дараа нь зохистой шийдвэрүүдийг гаргаж чадна. Магадгүй хэсэгчилсэн мэдээллээр зохицуулалт хийлээ гэж бодоход нөгөө талд нь асуудал нь үлдээд байдаг бол үүнийг даван туулах арга нь мэдээллийн нэгдсэн сан хэмээн харж байна.
-Ярилцсанд баярлалаа.