Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5, Ковид-19-ийн онцгой байдлын тусламжийн төслөөр нийслэлийн Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Дундговь, Дархан-Уул, Хэнтий аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд нэгжийн үнэ нь 122,641,000 төгрөг бүхий нийт 981,128,000 төгрөгийн өртөгтэй Япон улсын Olympus корпорацид үйлдвэрлэгдсэн Ходоодны дуран оношилгооны иж бүрдлийг гардуулан өгөв.
Төслийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудад өндөр эрсдэлтэй өвчтөний оношлогоо, эмчилгээг сайжруулахад зориулан амьсгалын аппарат, яаралтай түргэн тусламжийн багц, эмнэлгийн ажилтны хамгаалах хэрэгсэл, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах, мэдрэлийн мэс заслын тусламжийн нэн шаардлагатай 138,5 тэрбум төгрөгийн өртөгтэй нийт 75 нэр төрлийн 72534 эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг хангаж, суурилуулжээ. Монгол Улс 100,000 хүн амд ногдож байгаа хорт хавдрын өвчлөлийн түвшинээр дэлхийд өндөр, нас баралтаараа хамгийн өндөр улс юм. Манай улсад 2010-2019 оны хооронд 38119 хүн хорт хавдрын шалтгаанаар нас барж нийт нас баралтын 22.8 хувийг эзэлж байна. 2019 онд хорт хавдрын нас баралтын 4801 тохиолдол бүртгэгдэж, сүүлийн 10 жилийн дунджаас 989 (25.9%)-өөр, өмнөх оноос 389 (8.8)-өөр тус тус нэмэгджээ. Хорт хавдрын шалтгаант нас баралтын бүтцийг судалж үзэхэд сүүлийн 10 жилийн дунджаар 2-р байранд ходоод 15.6 хувь, 4-рт улаан хоолой 7.6 хувийг тус тус эзэлж байна.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох "Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлого баримталж байгаа. Монгол Улсын хавдрын тохиолдлуудын эрэмбээр элэгний хорт хавдар хамгийн өндөр хувийг эзэлдэг бол ходоод, улаан хоолойн хавдар удаалж байна. Энэхүү аппаратыг ашиглалтад оруулснаар энэ төрлийн хавдрын оношилгооны тусламж үйлчилгээнд ахиц гарч байна. Өмнө нь энэхүү үйлчилгээг авахын тулд заавал ХСҮТ болон төрөлжсөн нарийн мэргэжлийн төв эмнэлгүүдийг зорьдог байсан бол одоо орон нутгуудаар энэхүү тоног төхөөрөмжөө суурилуулснаар орон нутгийн иргэдэд илүү ойртож байна" гэв.