Ковид19 цар тахлын халдвар эрс нэмэгдсэний улмаас Австри улс үндэсний хэмжээнд тусгаарлалтын дэглэмд шилжжээ. Өнөөдрөөс тус улсад иргэд гэрээсээ ажиллаж, ресторан баар, театр, нэн шаардлагатай бус дэлгүүрүүдийг хаасан байна. Шинэ дэглэм ирэх сарын 12 хүртэл үргэлжлэх аж.
Цар тахлын нөхцөл байдал зөвхөн Австрид бус, Европ паяар хүндэрч, улс орнууд шинэ хязгаарлалын бодлого руу шилжиж байна. Харамсалтай нь иргэд энэхүү нөхцөл байдлыг төдий л ойлгохгүй байгаа бөгөөд Недерланд, Бельги улсад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, эмх замбараагүй байдал үүсгэжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүс нутаг хариуцсан захирал Ханс Клюге өчигдөр ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа "Хэрвээ шинэ хязгаарлалтуудыг тогтоохгүй бол ирэх хавар гэхэд Европ тивд нэмж 500 000 үхэл бүртгэгдэх эрсдэл байна" хэмээн учирлажээ.
Австри улсын тухайд, өнгөрсөн долоо хоногт вакцинд заавал хамрагдах тухай хууль баталж, вакцинд хамрагдахыг хуульчилсан анхны улс болсон юм. Мөн тус улс вакцинд хамрагдаагүй хоёр сая гаруй иргэнээ тусгаарлалтын дэглэмд оруулаад байсан билээ.