Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсад коронавирусийн анхны дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдлыг баталж, улс даяар Бүх нийтийн бэлэн байдал зарлаж байв.
Нэг жилийн хугацаанд өрнөсөн ковидтой холбоотой томоохон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
"Хархан нүдэн" тоглолт
Дотоодод "алдсан" анхны халдварын тохиолдол гэгддэг ачаа тээврийн жолооч Д Алтанбулагийн боомтоор нэвтэрч, "Энхсаран" сувилалд 21 хоног тусгаарлагдсаны дараа 2020 оны арваннэгдүгээр сарын 8-нд дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн "Хархан нүдэн" тоглолтыг эхнэрийн хамт үзсэн. Тус тоглолтыг 3000 орчим хүн үзсэн гэдэг.
Иргэд хүнсээ цуглуулав
УОК-оос Бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоосон хэдий ч иргэд хүнсээ цуглуулах, эмнэлгийн үйлчилгээ авах зэрэг шалтгаанаар гэрээсээ гарах боломжтой байсан юм. Хатуу хөл хорио тогтоосон өдөр томоохон зах худалдааны төвүүдэд иргэд олноор үйлчлүүлэн, мах, гурил, будаа зэрэг өргөн хэрэглээний хүнсний хиймэл хомстол үүсгэж эхэлсэн.
Хөл хорионы өдрүүд
УОК-оос хөл хорионы дэглэмийг чангаруулж, гудамж талбайд явганаар болон автомашинтай зорчих иргэдийг хөдөлгөөнийг бүрэн хориглосон. Иргэд зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах болон хамгийн ойр хүнсний дэлгүүрээс хүнс авах боломжтой бөгөөд улс даяар 18 чиглэлийн байгууллага үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байв.
Хөл хорионы дэглэмийг сахиулахаар эргүүлд гарсан алба хаагчид иргэдийг гэртээ байхыг уриалж байв.
Шийдвэр ба хэрэгжилт
Архангайн иргэн Улаанбаатар хотод нэвтэрч чадалгүй 22-н товчооны өмнөхөн амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр гарсан. УОК-оос гаргасан шийдвэрийн хэрэгжилт бодит байдалд тусгалаа олж чадалгүй эрдэнэт хүний амь нас эрстсэн ба цагдаагийн байгууллагын алба хаагчид, иргэдийн хооронд зөрчилдөөн үүсэж эхэлсэн юм. Зарим тохиолдолд эмнэлгийн байгууллагын эмч, сувилагч нар ч ажилдаа очиж чадахгүй нөхцөл байдлууд үүсэж байлаа.
Цахилгаан, дулааны төлбөрийг тэглэв
2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдан иргэд, ААН-үүдийн цахилгаан, дулааны төлбөрийг тэглэх болсон шийдвэрээ танилцууллаа.
Үйл ажиллагаа явуулж буй 18 чиглэлийн байгууллагын алба хаагчид хувийн унаагаар зорчихдоо qr код байршуулж, замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн юм.
Халдвар авсан нэгнээ ад үзэх тохиолдол иргэдийн дунд үүсэж, төрийн алба хаагчид ч хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн хэд хэдэн үйлдэл гаргав.
Хэн бүхний сэтгэл эмзэглэв
2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр төрөөд хэдхэн цаг болсон эхийг коронавирусийн халдвартай нь тогтоогдсон даруйд гэрийн халад, шаахайтай нь хөхөө өвлийн хүйтнээр гадагш гарган машинд суулгаж буй дүр зураг хэн бүхний сэтгэлийг эмзэглүүлэв.
2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр нярай биетэй эмэгтэйн асуудалд бухимдсан иргэд төв талбай дээр жагсаал хийн, тухайн үеийн УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг огцрохыг шаардав.
Засгийн газар огцров
Иргэдийн жагсаал хүчээ авсаар байсан тул УОК-ын дарга асан Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан нар огцорч буйгаа мэдэгдсэний дараа Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх хариуцлагыг багаараа үүрэх учиртай хэмээн Засгийн газар огцорч буйг мэдээлэв.
Вакцинжуулалт эхлэв
2021 оны хоёрдугаар сарын 23
Ерөнхий сайдаар томилогдсон Л.Оюун-Эрдэнэ ажлаа авснаасаа хойш вакциныг Монгол Улсад татах ажилд анхаарлаа хандуулан, БНЭУ-д үйлдвэрлэсэн “АстраЗенека” (150 мянган тун), БНХАУ-д үйлдвэрлэсэн “Синофарм” (300 мянган тун) вакциныг хүлээн авч ард иргэдээ вакцинжуулалтад хамрагдахыг уриалан эхний тунг өөрөө тариуллаа.
ХӨСҮТ-ийн захирлаар Л.Баттөрийг томиллоо
2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн захирлаар Анагаах ухааны доктор, дэд профессор Л.Баттөрийг томилов.
"Сүүлчийн" хөл хорио
Вакцинжуулалтын ажил эд өрнөж байх үед буюу энэ оны дөрөвдүгээр сарын үеэр халдварын эхний давлагаа үүсэж, "сүүлчийн" гэх 14 хоногийн хөл хорио тогтоож буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарлав.
Эргэн тойрон "цагаан хувцастнууд"
ААН-үүд ээлж дараагаар үүд хаалгаа нээж эхлэв. Арилжааны банкууд цахимаар үйл ажиллагаа явуулж байсан хэдий ч биеэр үйлчилгээ авах иргэдэд зориулан салбаруудаа нээж эхэлсэн юм.
Эмнэлгүүдийн ачаалал "таазандаа тулав"
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа, одон медаль гардуулалт, номын баяр зэрэг иргэдийг олноор цуглуулах арга хэмжээ зургаадугаар сарын эхээр эрс нэмэгдсэнээс үүдэн халдварын хоёр дахь давлагаа үүсэж эмнэлгүүдийн ачаалал таазандаа тулан, эмч ажилтнууд цөхрөнгөө барж эхэлсэн юм.
NO NAADAM
Коронавирус халдварын тархалт өндөр байсан учир улсын их баяр наадмыг нэг жил өнжих саналыг залуус гарган, 2021 оны баяр наадмыг тэмдэглэхгүй байх уриалга гарган, жагсаал хийв.
"Дээлтэй хувилбар"
Баяр наадамтай холбоотойгоор иргэд хөдөө, орон нутгийг ихээр зорих болов. Ингэснээр нийслэлд халдварын тохиолдол багассан бол эсрэгээр орон нутгуудад өвчлөл хүндэрч эхэлсэн юм. Наймдугаар сарын эхэн үеэс Монгол Улсад коронавирусийн дельта хувилбар бүртгэгдэж эхлэв.
ГУРАВДУГААР ТУН
Эрүүл мэндийн сайдын тушаалаар дархлаа дэмжих гуравдугаар тунг наймдугаар сарын сүүлээр иргэдэд тарьж эхэлсэн бөгөөд одоог хүртэл гуравдугаар тунгийн вакцинжуулалт үргэлжилж байна.
ХӨСҮТ-ийн захирлаар Ц.Билэгтсайханыг томиллоо
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Л.Баттөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, түүний оронд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэд захирал асан Ц.Билэгтсайханыг томилсон юм.
Хичээл, сургуулийн үйл ажиллагаа нээж, үүнтэй зэрэгцэн дельта хувилбарын давлагаа есдүгээр сард өндрөө авав. Шинжилгээ өгч буй иргэдийн тоо багассантай холбоотойгоор өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо буурсаар байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 1-нээс эхлэн үзвэр үйлчилгээ, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр нээх шийдвэрийг гаргахын зэрэгцээ иргэдийг дархлаа дэмжих вакцины гуравдугаар тунд хамрагдахыг уриалсаар байгаа билээ.