1954-1961 онд хэрэгжүүлсэн Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөгөөр худалдааны гудамжийг өргөтгөж байсан. Тухайн үед архитектор Б.Дамбийнямын зураг төслөөр Хоршооллын худалдаа үйлчилгээний нэгдсэн төвийн барилгыг барьсан нь “Урт цагаан” хэмээн нэршиж байжээ. “Урт цагаан” үйлчилгээний төв нь 20 дугаар зууны дунд үед баригдаж байсан түүхтэй. Тухайн үед нийслэлчүүдийн хамгийн их үйлчлүүлдэг газруудын нэг байв. Эл үйлчилгээний төвд үе үеийн засварчин, оёдолчин, цаг засвар, дархад ажиллаж ирсэн. Урт цагаан нийслэлчүүдийн сэтгэлд энэ л төрхөөрөө тод үлдсэн.
Гэвч өнөөдрийн “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилга хотын хөгжлөөс хол гэгч нь тасарч үлджээ. Биднийг тус төвд очиход бараг л “балгас” болосон гэхэд хилсдэхгүй дүнсгэр төрх угтсан юм. Хотын төвд байрлах үйлчилгээний газрын шаардлагыг хангахгүй болсон гэдэг нь хэний ч нүдэнд илхэн харагдана. Тиймээс ч Нийслэлийн Засаг даргын А/216 дугаар захирамжаар Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарч, улмаар А/520 дугаар захирамжаар дахин төлөвлөлтөд оруулахаар шийдвэрлээд байгаа юм. Тус шийдвэрийг уг төвд үйл ажиллагаа эрхэлдэг түрээслэгчид хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа юм.
Нийслэлээс Урт цагааны худалдааны төвийг дахин төлөвлөлтөд оруулж дуусах хүртэл түрээслэгчдийг “Нийслэлийн өмчийн 4 дүгээр байр” руу шилжүүлж, үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн байна. Гэвч ихэнх түрээслэгчид өөрсдийн хүсэлтээр шилжээгүй бол цөөн хэдэн нь Нийслэлийн өмчийн 4 дүгээр байранд нүүж ороод байгаа юм.
Уг асуудал юу болсон талаар нэхэн сурвалжиллаа.
Урт цагаан үйлчилгээний төвийн түрээслэгч “Миний зүгээс энэ барилгыг дахин төлөвлөлтөд оруулахыг эсэргүүцэхгүй байна. Харин ковидын үед хүмүүсийн амьдрал хэцүү, ажил төрөлгүй байхад нураахаа хойшлуулсан нь дээр байх. 2019 оны гуравдугаар сард барилгыг буулгана гээд ус, цахилгаан, дулааныг тасалсан. Тог, дулаан ирсэн хэдий ч одоо хүртэл усгүй байна. Дахин төлөвлөлтийн ажил дуусах хүртэл Нийслэлийн засаг захиргааны 4 дүгээр байранд талбай гаргаж өгсөн. Гэхдээ бүх түрээслэгчид орох хэмжээний хүрэлцээтэй байгаагүй” гэв.
Урт цагаан үйлчилгээний төвийн түрээслэгч “Дахин төлөвлөлтөд орох хугацаанд Нийслэлийн 4 дүгээр байранд бидэнд ажлын байр гаргаж өгсөн. Гэхдээ тэр газарт хүн байх ямар ч аргагүй. Цонхгүй агаар салхи орохгүй яг л “подвол” шиг газар байсан. Бид тийм газар ажиллаж чадахгүй. Хэдийгээр энд усгүй байгаа ч тэр газраас тухтай байна. Хэрвээ сайхан байр байсан бол мэдээж нүүх байсан. Сая манай дарга нар хөөцөлдөж байгаад халаалтаа авсан” гэсэн юм.
Дээрх асуудлаар Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газрын “Урт цагаан” үйлчилгээний төвийг хариуцсан менежер Б.Сэргэлэнбаатартай ярилцлаа.
-Сайн байна уу. “Урт цагаан” худалдааны төвийг дахин төлөвлөлтөд оруулах ажил ямар шатанд явагдаж байна вэ?
-Урт цагаан 60 гаруй жилийн өмнө баригдаж байсан. Барилгын насжилт маш муу. Мэргэжлийн хяналтын 16 дүгнэлтийн 7-8-ийнх нь шаардлагыг хангадаггүй. 2020 оны дөрөвдүгээр сард нийслэлийн Засаг даргаар Ч.Амарсайхан ажиллаж байхдаа А/216 тоот тушаал гаргаж, Урт цагаан худалдааны төвийг дахин төлөвлөлтөд оруулах, нураах захирамж гарсан. Тэр үед бүгдийг нь нураагаагүй зөвхөн биеийн тамир, спорт хороо буюу нэгдүгээр корпусыг нураасан. Өнгөрсөн хавар дахин төлөвлөлтийн тендерийн уралдааныг зарлаж зураг төслийг шалгаруулсан.
-Одоогийн байдлаар Урт цагааны үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Гэтэл халуун, хүйтэн усгүй байгаа нь ямар шалтгаантай вэ?
-УБЦТС-аас Урт цагааныг тогоор хангадаг. Усыг ямар газраас өгдөгийг сайн мэдэхгүй байна. Дахин төлөвлөлтөд оруулах шийдвэр гарсны дараа ус, цахилгааныг тасалж, түрээслэгчдийг гаргасан. Гэвч буцаад орчихсон дээгүүр доогуур мөнгө өгч байгаад дулаан, цахилгаанаа авсан бололтой. 300 орчим хүн түрээсэлдэг гэдэг боловч ердөө 30 иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан байдаг. Гэрээ байгуулсан 30-ын нэг нь гэхэд 10 салаад явчихсан. Миний сонссоноор нэг түрээслэгчийн бүтээгдэхүүн 12-13 хүний гар дамжиж байж хэрэглэгчийн гар дээр очдог.
-Нэгэнт үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гарчихсан байхад нь ажиллаж байгаа нь хууль бус гэж ойлгож болох уу?
-Мэдээж хэрэг хууль бус гэж ойлгож болно. Ямар ч хуулийн дагуу зөвшөөрөл байхгүй. Яг одоо Урт цагаанд байгаа хүмүүс тусгаарласан вант улстай юм шиг л байдаг. Эдгээр хүмүүс ямар нэг асуудал үүсэхэд хамгийн үнэтэй өмгөөлөгчдийг хөлсөлж, хахууль өгсөөр байгаад сурчихсан.
-Урт цагааны түрээслэгчдийг “Нийслэлийн өмчийн 4 дүгээр байр” луу шилжүүлэх шийдвэр гарахад хэсэг түрээслэгчид ирсэн гэсэн. Хэчнээн түрээслэгч ирсэн бол?
-Урт цагааны үйлдвэрчний эвлэлийн хорооны хэсэг хүмүүс 2020 оны 4 дүгээр сард нийслэлийн өмчийн газартай санамж бичиг байгуулан энд буюу нийслэлийн өмчийн 4-р байранд ирсэн. Эдгээр түрээслэгчид 20 жилийн турш дам түрээс төлж Урт цагаанд ажиллаж байсан.
-Нийслэлийн өмчийг хувийн мэт ашиглах болсон өөр ямар нэг шалтгаан бий юу?
-1990, 2000-иад оны үед Урт цагааны тухайн үеийн түрээслэгчид дээгүүр доогуур таньдаг хүмүүсээрээ яриулж байгаад, Урт цагааныг өмчлөх газрын эрхийг хуурамчаар ч юмуу өөрсдийн нэр дээр гаргуулсан. Урт цагаан бол бидний хувийн өмч ухааны юм ярьдаг. Одоо Чингэлтэй дүүргийн захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр хэрэг үүсгээд жил гаруй болж байна. Ямар нэг шийдэгдсэн зүйл одоогоор байхгүй байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Нийслэлээс "Урт цагаан"-ы түрээслэгчдэд гаргаж өгсөн ажлын байр.“Нийслэлийн өмчийн 4 дүгээр байр”.