Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Magicbox төслийг санаачлагч Б.Цолмон: Контейнер орж ирэх бүрт нь засаж, номоор дүүргэн сумд руу явуулах болно

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
5 минут 2 секунд

No description available.Контейнерыг номын сан болгон тохижуулж, хүүхэд залуусыг хичээл хийх таатай орчноор хангах зорилготой "Magicbox" төслийг "Ид шидийн орон" хүүхэд хамгааллын төвийг санаачлагч Ч.Ганжавхлан тэргүүтэй хэсэг залуус санаачлан Сүхбаатарын талбайд байршуулсан. Тэгвэл "Magicbox" төслийг санаачлагч Б.Цолмонтой ярилцлаа.

-Magicbox төслийг санаачлах болсон шалтгаан юу вэ?

-Контейнер номын сан буюу хүүхдийн номын сан нь хүүхдүүдийг ном унших дулаахан таатай орчноор хангах, тэднийг номонд дуртай болгох зорилготой. Зөвхөн ном унших бус шатар тоглох, код бичих сургалт явуулах төлөвлөгөөтэй байгаа. Энэ чиглэлээр ажилладаг багш нар бидэнтэй холбогдсон. Гадны улсуудад сурагчид нь хичээлээ тараад ангидаа даалгавараа хийх боломжтой байдаг. Харин манай улсын хувьд тийм боломж хомс, хичээл тарлаа л бол сурагчдыг шууд гаргачихдаг шүү дээ. Тиймээс энэхүү контейнер номын санд хүүхдүүд хүссэнээрээ, үнэ төлбөргүй хичээлээ хийх боломжтой. Хүүхдүүд хичээлийнхээ 60-80 хувийг гэрийн даалгавараа хийхдээ ойлгодог. Зарим тохиолдолд багшаасаа даалгавраа асуухаас айх, эсвэл найзуудынхаа дэргэд асуухаас ичих зэрэг асуудал гардаг. Тэгвэл энэхүү номын санд хүүхдүүд хамтран даалгавараа хийж, бие биенээсээ туслалцаа авах нь үр дүнтэй гэж тооцоолсон.

-Хамрах хүрээг хэрхэн тооцоолсон бэ?

-330 сум, гэр хороолол, хотын төв гээд боломжтой бүхий л газар байршуулах юм. Эхний ээлжинд орон нутгийн сумдад байршуулах болно.

-Одоогийн байдлаар хэдэн ширхэг контейнер засаж янзалсан байна вэ?

-Энэ бол хамгийн эхний засаж янзалсан контейнер. Үүний дараагаар 2-3 засаж эхлэсэн. Одоогоор бүрэн бэлэн болоогүй хэдий ч цаашид засаж, сайжруулсаар байх болно. Нэг сарын өмнө эхний контейнерээ засаж эхлэсэн. 11 дүгээр сарын 1-нд байршуулна гээд зорьсон учир нэг сарын хугацаанд бэлэн болгохын тулд маш их хичээж ажилласан.

-Тендер зарласан байсан. Одоогоор тендер авсан сум байгаа юу?

-Шалгаруулах материалаа авч байгаа. Манай төслийн баг 15 хүний бүрэлдэхүүнтэй. Төсвийн багийнхан ярилцаж байгаад шаардлага хангасан хамгийн сайн материалыг шалгаруулах болно. Үнэхээр сэтгэл хөдлөм гоё материалууд ирсэн байсан. Зөвхөн улсаас тендер зарлаад түүнийг нь хувийн компаниуд авдаг бус эргүүлээд бидний зүгээс улсад тендер зарлаж, сум орон нутгийн захиргаадад өгч байгаа юм.

-Төсөл хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Энэ контейнер нь төв талбайд долоо хоногийн турш байрлаж, ном хүлээн авах юм. Манай төсөл нь нэг контейнер засаад дуусахгүй. Контейнер орж ирэх бүрт нь засаж янзлан, номоор дүүргээд сумд руу явуулах болно. Ямар ч байгууллага бидэнтэй хамтарч, хандив туслалцаа өгөх боломжтой.

-Одоо бэлэн болсон байгаа контейнерийг ямар нэг байгууллагаас дэмжлэг болгон өгсөн үү?

-Энд байгаа контейнерийг бэлэн болгоход олон байгууллага тусалсан. Шалны халаалт, хавтангуудыг өөр өөр байгууллагууд өгсөн. Харин “Апу” компаниас хоёр контейнер өгсний нэгийг төв талбайд байршуулаад байна.

-Нэг контейнерийг засаж бэлэн болгоход хэчнээн төгрөгийн төсөв шаардлагатай байна вэ?

-Одоогийн байдлаар эцсийн тооцоо гараагүй байна. Бидний зүгээс байгаа мөнгөө зарцуулаад хийсэн. Сүүлийн дөрвөн хоног огт унталгүйгээр ажиллаж засварыг дуусгасан учраас тооцоолол гаргаж амжаагүй байгаа. Миний тооцооллоор 60-70 сая төгрөг гарсан байх.

-Төв талбайд контейнер байршуулах эрхээ авсан хэдий ч оруулахгүй байна гэсэн мэдээлэл байсан. Үүнийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Өчигдөр шөнө хийж дуусаад авчирсан. Гэвч эндхийг хариуцсан цагдаа нарын зүгээс талбайд эсэргүүцэл илэрхийлсэн жагсаал болж байгаа учир оруулах боломжгүй гэх тайлбарыг өгсөн. Ажлын цаг дууссан учир зөвшөөрөл өгсөн хүнтэй холбогдож чадалгүй буцаагаад ачаад явсан. Төрийн байгууллага хэтэрхий том болоод ч тэрүү хоорондоо мэдээлэл солилцоогүйгээс үл ойлголцол гарсан.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

"Magicbox" төслийн контейнерийг Сүхбаатарын талбайд байршуулах үеэр бэлтгэсэн өмнөх фото сурвалжилгыг энд дарж уншина уу.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монголчуудын байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдагийн илрэл нь тэрбумаар тоологдох мод тарих хөтөлбөр юм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монголчуудын байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдагийн илрэл нь тэрбумаар тоологдох мод тарих хөтөлбөр юм
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.