УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.
УИХ-ын гишүүн А.Адьшаа "Монгол жолооч нарын эрх ашгийг хамгаалах нь чухал байна. Гэтэл сүүлийн үед БНХАУ-ын бодлогыг дэмжиж, жолоочгүй машин явуулна гэж байна. Энэ бодлого чинь ямар учиртай бодлого вэ. 10-20 мянган жолоочийн эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ"
ЗТХ-ийн сайд Л.Халтар "Ярантай боомтын хувьд 2 асуудал байна. Нэгдүгээрт, боомт хаагдаагүй. Хэвийн. Гэхдээ Хөшөөтийн уурхайтай холбоотой хоёр асуудал. Зам эвдрэлтэй байгаа учир замаа зас гэсэн шаардлагыг аймгийн удирдлага болон ЗТХ-ийн төвөөс тавьсан. Энэ бол зөв. Учир нь хүнд даацын машин явж байгаа учир аюулгүй байдлаа хамгаалах нь чухал" гэлээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Эдийн засаг маш хүнд байна. Нүүрсний үнэ түүхэндээ байгаагүй өндөр байхад бид хоногтоо 100-хан машин гаргаж байна. Үүнийг хариуцдаг хүн алга. Тэгээд бүх зүйлийг ковид руу чихчихдэг. Ийм байдлаар явмааргүй байна. Манайхаас ковидын тохиолдол Хятад руу ороод байхаар бид нүүрсээ зарж чадахгүй байна. Бид зохион байгуулалтаа хийж чадахгүй байна. 500 жолоочийг 14 хоног тусгаарлаад арай гэж БНХАУ руу явуулахад дундуур нь 1, 2 ковидтой хүн шургаж байна. Үр дүнд нь бизнес ч байхгүй, ачаа тээвэр ч байхгүй. Энэ асуудалд хэрхэн анхаарах вэ"
ЗТХ-ийн сайд Л.Халтар "Хоёр гол арга хэмжээ авна. Нэгдүгээрт, Бөмбөлгийн систем. Тодруулбал, жолооч нарыг бөөнөөр нь байлгаад эрсдэлтэй юм байна. Тайван зогсоолын зочид буудалд нэг удаа бөөнөөр нь байлгаж үзсэн. Халдварын тархалт маш өндөр байсан. Бөмбөлгийн систем гэдэг нь маш цөөхнөөр нь буюу компаниудыг 2,3-аар нь хуваагаад бөөгнөрлийг нь сааруулж байна.
Засгийн газрын шийдвэрээр Цагаан хад суурьшлын бүсийг тодорхой хугацаанд хаалттай буюу дотоодын цэргээр хамгаалуулсан бүс болгоё гээд зардал мөнгөний асуудал шийдэгдээд явж байна" гэлээ.