Тавантолгой түлш ХХК сайжруулсан шахмал түлшний борлуулалтаа ирэх сарын 1-ээс эхлүүлэхээр болжээ. Хүйтний улиралд ард иргэдийг угаарын хийн болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлж айл өрхүүдийг угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийнхөө хэвийн ажиллагааг шалгаж, баталгаажуулахыг тус компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс анхааруулжээ.
Нийслэлийн төсвөөс гэр хорооллын айл өрхүүдэд угаар мэдрэгч төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүйгээр олгосон. Уг төхөөрөмж нь эвдэрсэн бол харьяа дүүргийнхээ Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандаж засуулах боломжтой бөгөөд засвар авахааргүй гэмтэлтэй бол гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө угаар мэдрэгчийн төхөөрөмжийг зайлшгүй худалдан авах шаардлагатай. Угаарын хийн мэдрэгчгүй айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлш худалдаалахгүй, мөн картыг нь идэвхижүүлэхгүй юм байна.