Манай улсад жилд дунджаар 22 мянган иргэн ажилгүйдлийн тэтгэмж авдаг. Тухайн иргэн нийгмийн даатгалын шимтгэл 24 сараас доошгүй хугацаанд сүүлийн есөн сар тасралтгүй төлсөн нөхцөлд ажлаас гарах үед ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй.
Ажилгүйдлийн тэтгэмжийг авахдаа оршин суугаа газрынхаа Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс болон нийгмийн даатгалын байгууллагад 14 хоногийн дотор бүртгүүлнэ. Ингэснээр ажлаас гарсан өдрөөс эхлэн 76 хоногийн тэтгэмж авах боломжтой. Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авахад өргөдөл, нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас халсан тухай шийдвэр, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, ажилгүй болсноо хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлсэн тухай мэдэгдэх хуудас зэргийг бүрдүүлэх шаардлагатай.
ХНХЯ-ны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал “Тэтгэмжийн дээд, доод хэмжээг тогтоох боломжгүй. Тэтгэмжийн хэмжээ нь хуулиар тогтоосон интервалтай байдаг. Олон жил даатгал төлсөн ажиллагсдын тэтгэмж 75 хувиар бодогддог. Цөөн жил төлсөн бол түүнээс бага хувиар бодогдох юм. Бүх даатгуулагчийн цалин өөр өөр байдаг учир тэтгэмжийн дээд, доод хэмжээг тогтоох боломжгүй.
Ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас гарсан, сахилга бат зөрчлөөс болж ажлаас халагдсан ямар ч нөхцөл үүссэн тэтгэмж авах эрхтэй" гэжээ.
Э.Дэлэгнанзадмаа