Засгийн газраас хэрэгжүүлж буй Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд Хангай хотхонд орон сууц түрээслэн амьдарч буй иргэд зарим асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсжээ.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, "Улсын хэмжээнд 3,000 гаруй түрээсийн орон сууцны сан бий. Үүний 2,000 гаруй нь нийслэл хотод бий. Тодруулбал, Буянт Ухаа-1, 2, Хангай хотхон юм.
Хангай хотхоны иргэд үндсэн гурван асуудлыг хөндөж байгаа. Уг хотхоны иргэд 240-400 мянган төгрөгөөр түрээсэлдэг. Өмнө нь иргэд зөвхөн түрээсэлж байсан бол түрээслээд өмчлөх журам гарснаар тухайн байраа өмчилж авах боломжтой болсон.
Энэ журмаар хоёр боломжийг нээсэн. Эхнийх нь түрээсийн төлбөрийн зэрэгцээ илүү мөнгө төлж байгаад урьдчилгааны 30 хувьд хүрмэгц ипотекийн зээлд хамрагдах. Дараах нь түрээсээсээ илүү мөнгө төлж байгаад өмчлөх юм.
Хангай хотхоны зарим иргэн нэгдүгээрт метр квадратын зөрүүний асуудлыг гарган тавьж байна. 2016 оны тавдугаар сарын 31-ний Засгийн газрын хуралдаанаар тухайн үеийн Барилга, хот байгуулалтын сайд Г.Баянсэлэнгэд даалган, уг хотхоноос 15 тэрбум төгрөгөөр орон сууц худалдаж авах тогтоол баталсан байдаг. Үүнтэй холбоотойгоор "Бэрэн" компанийн барьсан Хангай хотхоноос нийт 7,974 метр квадрат талбайг хувааж авсан. Метр квадратын үнэ нь 1,880,000 төгрөг байгаа юм.
Тухайн үед төрийн албан хаагчид, иргэдтэй гэрээ байгуулахдаа хавсралтаар өгсөн мэдэгдэлд нэг метр квадратыг 1,280,000 төгрөг байхаар бичсэн байгаа юм. Үүнээс болж хууль хүчний байгууллагууд тодорхой албан тушаалтнуудыг шалгаж байна. Энэ асуудлаар түрээслэгч нартай уулзсан бөгөөд хуулийн байгууллага шалгаж байгаа тул бид ямар нэг арга хэмжээ авах боломжгүй байгааг хэлсэн.
Хоёрдугаарт, таван жилийн хугацаанд төлсөн түрээсийн төлбөрөө урьдчилгаанд тооцуулъя гэсэн. Ийм боломжгүй. Төлсөн мөнгө нь СӨХ, цэвэрлэгээ үйлчилгээнд зарцуулагдсан тул урьдчилгаанд тооцохгүй.
Гуравдугаарт, түрээслээд өмчлөх хугацаа таван жил байгааг 15 жил болгох саналыг тавьсан. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа журмын дагуу улсын төсвийн хөрөнгөөр баригдсан орон сууцны үнийг таван жил, гадаад, дотоодын зээл, буцалтгүй тусламж, хувийн хэвшлийн хөрөнгөөр баригдсан орон сууцны үнийг 15 хүртэлх жилийн хугацаанд төлснөөр өмчилж авах боломжтой. Энэ асуудлаар Засгийн газарт танилцуулж, Сангийн яамтай ярилцах болно" гэлээ.