Олимпын аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр өөрийн найз болох Улсын начин Э.Энхбатыг зодож, биенд нь хүнд гэмтэл учруулсан хэрэг олныг цочирдуулаад байсан. Тодруулбал, Э.Энхбат начин тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаад БНСУ руу эмчлүүлэхээр явсан юм. Түүний биеийн байдал одоо ч муу байгаа бөгөөд эмчилгээний зардал нь хүрэхгүй байгаа тул эмчилгээ нь зогсонги байдалд орсон гэж өмгөөлөгч нь мэдээлжээ.
Харин Э.Энхбат начны эхнэр Б.Нандинцэцэг өөрийн цахим хуудаснаа "Н.Түвшинбаяр теннис тоглоод хүүхдүүдээ эрхлүүлээд юу ч болоогүй мэт явж байхад миний 3 хүүхэд өдөр бүр бурханаас аавыгаа ухаан орохыг хөл дээрээ босохыг чин сэтгэлээсээ уйлаад гуйгаад бяцхан биендээ байхгүй тэвчээр ухааныг гаргаж, аавыгаа видео коллоор хараад "Аав минь одоо босоод ирээч" гээд гуйгаад, ээжийгээ уйлахаар нулимсийг минь арчиж аргадаж байгаа үрсээ хараад шүд зуугаад аль болох сайхан зүйл бодож өдөр хоногийг өнгөрөөж байна. Яагаад хүний муу нь жаргаж, хүний дээд сайн хүн нь зовох ёстой гэж. Миний хань бол зүгээр хорхойд хоргүй хавь ойрын бүх хүнд түшиг болдог сайн залуу. Заримдаа гомдох л юм. Та нарт үнэнийг хэлбэл нүд нь орой дээрээ гарна даа. Теннис тоглож зугаацаж явахаар миний ханийн төлбөрийг цаг тухайд нь хурдан төлнө үү. Цааш нь дамжуулаад хэлээрэй. Намайг вайбартаа блок хийсэн бололтой" гэжээ.