Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баттулга: Дэлхийн аваргын дараа ахлах дасгалжуулагчийн хувьд ажлаа өгнө

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
3 минут 34 секунд

​​​

Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ баг Токиогийн олимпоос нэг хүрэл медаль хүртлээ. Тэмцээнээ өндөрлүүлсний дараа шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга сэтгэгдлээ хуваалцах үеэрээ дасгалжуулагчийн ажлаа өгнө гэдгээ мэдэгдсэн юм.

Тэрбээр "Бид ажлаа аваад таван жил болж байна. Спортын ажилтыг олимпоос олимпын хооронд дүгнэдэг. Энэ удаагийн олимпод чөлөөт бөхийн шигшээ баг боломжит 12 эрхээс есөн эрх авсан. Зургаан тамирчин маань олимпод анх удаа оролцлоо.

Зургаан тамирчны маань дундаж нас 23. Бид таван жилийн өмнө 18-20 настай залуучууд авсан. Нийтдээ таван тамирчин медалийн төлөө барилдлаа. Есөн тамирчны маань найм нь шөвгийн найм руу орлоо. Медалийн тоо цөөхөн ч гэсэн бид залуучуудаа дэмжих бодлого баримталсан нь зөв байсан.

Амжилт үзүүлэхэд олон хүчин зүйлс бий. Ковидтой холбоотойгоор тэмцээн уралдаан бага зохион байгуулагдсантай холбон тайлбарлах хүмүүс ч байна. Тамирчдын сэтгэл зүйн хувьд бага зэрэг дутуу байлаа. Эхний гурван өдөрт гарааны өмнөх сэтгэл зүйд асуудлууд гарсан ч шийдсэн. Юутай ч залуучуудыг сонгосондоо би баярлаж байгаа.

Гуравхан жилийн дараа Парисын олимп болно. Тэр үед өнөөдрийн энэ залуучууд ид амжилт гаргах насан дээрээ ирсэн байна. Биднийг ажлаа авахад шигшээ багийн дундаж нас 26-27 байсан. Дараагийн цикльд ажиллах дасгалжуулагчдын багтаа залуу багийг бүрдүүлж өгсөндөө сэтгэл хангалуун байна.

Казахстанд болсон Азийн эрхийн тэмцээнд явахад тамирчдын 60 хувь нь коронавирусийн халдвар авсан. Мөн дэлхийн эрхийн тэмцээнд явж байхад эрх авах хэмжээний тамирчдын тал нь коронавирус туссан. Өнөөдрийг хүртэл тэмцээнд орохдоо тамирчид маань халдвар авч, тэмцээндээ орж чадахгүй байх вий гэсэн айдастай ирсэн. Иймэрхүү хүчин зүйлс Монгол гэлтгүй бүх улсын баг тамирчдад нөлөөлсөн болов уу.

1980 оноос хойш 41 жилийн хугацаанд Монголын баг тамирчид найман удаа олимпт оролцсон. Ингэхдээ дөрвөн удаа финалдсан байдаг. Үүнтэй харьцуулахад энэ олимпт таван тамирчин маань медалийн төлөө барилдлаа. Тэд нар маань бүгдээрээ анх удаа олимпт оролцож байгаа тамирчид учраас ирээдүйтэй харагдаж байна.

Аравдугаар сард дэлхийн аварга болно. Манай тамирчид дэлхийн аваргад амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна. Шигшээ эрэгтэйчүүдийн багаасаа медальд хүргэж чадсангүй. Гэхдээ залуучууд маань сайн барилдсан.

Дэлхийн аваргын дараа ахлах дасгалжуулагчийн хувьд ажлаа өгнө гэсэн бодолтой байгаа. Би 2019 онд "Олимпын аварга төрүүлнэ" гэж зорилго тавьж, ярилцлага өгч байсан. Цар тахал болоод нөхцөл байдал өөрчлөгдсөн. Гэхдээ хүн хэлсэн ярьсандаа байх ёстой гэжээ. Олимпын аварга төрүүлж чадсангүй. Тиймээс ажлаа өгнө гэж хувиасаа шийдсэн" гэлээ.

Ковид 19-ийн үед хүүхдэд анхаарах шинж тэмдгүүд
Ковид 19-ийн үед хүүхдэд анхаарах шинж тэмдгүүд
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.