Хятад вакцин нэрээр нано чип суулгаад байгаа тухай эх оронч хөдөлгөөнийхөн маань цахим сүлжээнд нийтэлжээ. Түмэн бодисын мэдлэгтэй, үсэг бичиг тайлагдсан хэсэг нь тэднийгээ шоолж мэдлэгтэй ба мэдлэггүй, эх оронч ба Хятадын эрлийзийн бяцхан тэмцэл болоод өнгөрсөн байдаг. Үндсэрхэг үзэлтнүүд гэхээрээ л “орк” боловсролгүй, үргэлж бүтэлгүй юм ярина гэж юу байхав. Тэдний хардаж байгаачлан үнэхээр хүн төрөлхтөн чипийг тарилгын шингэний түвшинд хийгээд эхэлсэн бол юу болох вэ? гэдэг харин ч шинжлэх ухааны талаасаа сонирхолтой сэдэв юм. Энэ талаар зарим ойлголтыг, шинжлэх ухааны талаас нь баримжаалж энэхүү нийтлэлээ бэлдлээ. Мэргэжлийн зөвлөгөө өгсөн Монгол Улсын мэргэшсэн химич инженер Л.Амартүвшин, мэдээлэл технологийн инженер О.Хичээнгүй нарт талархал илэрхийлье.
Нано гэдэг олон улсын жин хэмжүүрийн байгууллагаас баталсан метрийн системийн уртын хэмжээний нэгж. Нэг нанометр нь нэг метрийг тэрбум хуваасны нэгтэй тэнцүү (0.000000001м). Мөн цаашаа нэг нано метр нь 10 ангстромтой тэнцэнэ гээд задраад явахаар бид ямар бичил хэмжээнд инженерчлэлийн тухай ярьж байгаагаа баримжаалж болох юм. Биологийн судалгаанд элдэв вирус, эд эсийг ихэчвлэн голчоор нь микрон гэх хэмжигдэхүүнээр хэмжинэ. Нэг микрон нь 1000 нано метртэй дүйнэ. Зүйрлэвээс коронавирус нь 0.2-0.5 микрон диамерттэй. Үүнийг шугам дээр тавибал вирусны нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэл 200-500 нанометр хэмжээтэй гэсэн үг. Хүний биед 1-100 микрон голчтой төрөл бүрийн эсүүд байдаг нь 1000-100000 нано метрийн урттай гэсэн үг. Тэгэхээр нэгэнт нано түвшинд чип үйлдвэрлэж эхэлсэн бол энэ процессор нь вирус, эсийн хэмжээтэй байх боломжтой гэсэн үг юм.
Чип бол маш энгийнээр бичил компьютер. Овор хэмжээний хувьд тун бага мөртлөө асар өндөр түвшинд интегралчлагдсан логик электрон схем юм. Физик бүтцийн хувьд микропроцессорын чип нь өөртөө асар олон тооны транзистор (transistor) хэмээх хагас дамжуулагч элементийг агуулсан хэдхэн см2 талбай бүхий цахиурын (silicon) талст байдаг. Одоо энэ нь см биш нанометр талбайтай гэж яригдана. Ухаандаа компьютерийн мэдээллийг хард диск хадгалж байгаа бол түүнийг дамжуулж, хуваарилж, тооцоолж хөдөлгөж байгаа CPU бол тэр чигтээ чип юм. Чип бол дижитал технологийн хамгийн том ололт. Ердөө 50 жилийн 5 мб мэдээллийг хадгалахад нэг тонн хэмжээтэй процессор хэрэгтэй байсан бол өдгөө хумс шиг жижигхэн диск дээр 1 тб мэдээллийг хадгалах болжээ. Лампаар ажилладаг хуучны зурагтаас хэдэн зуу дахин жижиг хэрнээ дуу дүрсний гайхамшигт чанарыг үзүүлж байгаа гар утасны хувьслын гол хөдөлгөгч хүч нь мөн л чип. Өнөөдөр аль улс чип хөгжүүлж байна, тэр улс дэлхийн хөгжлийг тодорхойлж байна. Израль шиг хэмжээнд хүрээгүй ч Хятад улс чип үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн тоонд зүй ёсоор багтана. Тэгэхээр тэд маань нано түвшинд чип үйлдвэрлээд эхэлсэн гэж төсөөлье. Хамгийн наад захын технологи, анагаах ухааны түвшинд юу өөрчлөгдөх вэ? Ийм тохиолдолд хүний байршлыг чипээр хянах бол наад захын асуудал.
Юуны түрүүнд бүх төрлийн саажилтыг арилгах боломжтой болно. Компьютер мэдрэлийн импульстэй аль хэдийн холбогдсон бөгөөд робот гар, хөл, нүд, сонсголын эрхтний туршилтууд хаа сайгүй хийгдэж зарим нь амьдралд нэвтрээд байгаа. Тэгэхээр чип нь мэдрэлийн эсийн түвшинд импульс хоорондын мэдээлэл дамжуулалтыг удирдах, хянах боломжтой болсноор биеийн аль нэг хэсэгт хүрэхгүй байгаа дохиог хүргэж, мэдрэлийн системийг догогдолгүй ажиллуулах боломжтой болох юм. Тэгэхээр тархины харвалт, гэмтлийн болон төрөлхийн шалтгаантай саажилтаас ангижрана гэсэн үг. Чип сонсголын болон харааны мэдрэлтэй холбогдсноор киног тархи дотроо үзэж, чихэн дотроо хөгжим сонсох, бусдын дуудлагыг хүлээн авч сонсох боломжтой болно.
Чип хийчихсэн юм чинь дагалдах физик сенсор \мэдрэгч\ эсвэл урвалж бодис тээгчийг хийчихсэн гэсэн үг. Бүтцийн хувьд чипнээс хэд дахин энгийн эд л дээ. Тэгэхээр төрөл бүрийн сенсорын тусламжтайгаар хүний биед гадны вирус, бактер нэвтэрмэгц хариу үйлдэл үзүүлж устгах боломжтой болно. Өөрөөр хэлбэл вирус, бактерийн гаралтай халдварт өвчнөөр өвчлөхгүй гэсэн үг. Мөн урвалж бодисын тусламжтайгаар цусны шинжилгээг бие дотроо өгч бодисын солилцоо, эд эрхтнүүдийн өөрчлөлтийг бүрэн хянах боломжтой болно. Хавдрын эсийг дөнгөж үүсмэгц нь олж илрүүлнэ гэсэн үг. Инсульний хэмжээ үл ялиг алдагдахад л мэдэгдэнэ. Тэгэхээр сахарын өвчин ч бас баяртай болно гэсэн үг.
Дэлхийн шилдэг эрдэмтэд, технологийн тэргүүлэгч компаниуд тархи судлалд асар их хөрөнгө хаяж хиймэл оюун ухааныг хөгжүүлж байгаа. Зарим нь хиймэл оюун ухаан хэзээ ч хүний ухамсарыг програмчлах түвшинд хөгжихгүй гэж үздэг. Харин зарим нь ухамсартай робот төрөх өдөр ойртсоор байгаа сануулдаг. Хэрвээ ухамсар машинтай холбогдвол бид суулгасан чипнийхээ тусламжтайгаар бодлоороо харьцаад явчих нь байна. Бас бусдын бодлыг унших, бусдаас бодлыг хянах, хулгайлах зэрэг шинэ бололцоо гарч ирэх нь ээ.
Сонирхогчийн хувьд ингэс гээд мэдлэг хязгаарлагдав аа. Мэргэжлийн хүмүүс бол үүнээс хэд давсан өргөн хүрээтэй боломж, төсөөллүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах байлгүй.