Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхий нийтэд бид СЭРГЭЛЭН биш, МАНГАР харагдсан шүү

Ангилал
Спорт Токио-2020
Огноо
Унших
5 минут 24 секунд

Өчигдөр олимпын нээлтийн үеэр Монголын далбааг барьсан МАНГАР “СЭРГЭЛЭН” нөхдүүд нэг хэсэгтээ л камерын өмнө монголчууд гэж ямар хүмүүс байдгийг дэлхий даяар харуулаад амжлаа. Гэхдээ МОНГОЛ ХҮН гэж ямар байдгийг сайнаар нь биш саараар харуулчихлаа гэж бодож сууна. Учир нь цар тахал, үхэл хагацлын дундаас арай ядан “өндийж” буй энэ олимпыг дэлхий даяар хүлээсэн. Бүгд энэ их баяр цэнгэлийг ямар нэгэн асуудалгүй дуусаасай. Баг тамирчдын хүч хөдөлмөр талаар битгий болоосой гэж дор бүрнээ залбирч суугаа.

Тиймээс зохион байгуулагч орон дахин хойшлуулахгүйн төлөө, бүр тасалдуулахгүй байхын төлөө төсөөлж байсан бүх ашиг орлогоо умартаж энэ олимпыг Токио хотноо хүлээн авч байгаа юм. Гадны жуулчидгүй, нээлт хийж байгаа цэнгэлдэх нь ч үзэгчгүй олимп өмнө нь хэзээ ч болж байгаагүй.

Тиймээс халдвар хамгааллын дэглэмийг тултал нь сахиж олимпын нээлтээ хүртэл үзэгчгүй цэнгэлдэхэд хийлээ. Гэтэл Г.Ганхүү тэргүүтэй манай улсын хэсэг төлөөлөгчид заасан байршлаасаа холдож цэнгэлдэхийн суудалд очиж “бид ийм л мангар сэргэлэн” улс гэдгээ дэлхий даяар зарлалаа. “Бид хөөгдөж гараагүй” гэх тайлбарыг өгсөн харагдана лээ. Япончууд та бүхнийг шууд хөөгөөд цэнгэлдэхээс гаргачихгүй. Харин анх сууж байсан байршлыг чинь өөрчлөөд хамгийн арын эгнээ рүү “цөлчихөө” хөнгөхөн мэдэх улс. Та нарыг "хөтөлж" явсан Ерөнхий сайд чинь ямар их ичсэн бол. Ядаж хэдэн бор тамирчдынхаа нэр хүндийг бодох л байсан юм. Нэртэйгээр нь сэргэлэнтэж байгаад олимпын тугны хажууд ямар нэг шон зоогоод далбаагаа өлгөчихгүй дээ.

Дүрэм журам зөрчиж камер бараадаж далбаагаа гайхуулсан ч яалаа, гайхуулаагүй ч яалаа. Энэ энгийн журмаар зохиогдож буй уралдаан тэмцээн биш. Бүх зүйл нь цар тахалтай тэмцсэлдсэн агуулгатай. Гэтэл энэ балай үйлдлээ “сэргэлэн, гайхалтай, ухаалаг, хаана ч бусдаас ялгардаг монголчууд” гэж тайлбарлаад, бас тайлбарлуулаад сууж байгаа гунигтай. Мөн манай баг тамирчдын зарим нь маскаа эрүүндээ хүртэл доошлуулчихсан нээлтийн ажиллагаанд оролцож харагдана лээ. Манай тэр хоёроос өөр маскаа баатарлаар доошлуулж чадсан хүн тэр олон улсын, хэдэн зуун тамирчид дунд огт харагдаагүй. Энэ мэт жижиг ч гэсэн үйлдлүүдээ цаашид анхаарах нь зүйтэй. Эх орныхоо нэрийг гаргах гээд дор бүрнээ эрвийж дэрвийхээрээ хичээж байгаа чинь бид маш ойлгож байна. Бид ч бас та нарыг амжилт гаргачихаасай гээд дэмий ч гэсэн зурагтныхаа өмнө эрвийж дэрвийхээрээ л дэмжиж суугаа шүү.

Харин тэр Г.Ганхүү тэргүүтэй нөхдүүд худлаа ярихаа болиод дахиж балай үйлдэл гаргаж, монголчуудынхаа нэрийг тив дэлхий даяр шившиглэхээ болиорой. Эзэн орны үзэгчид нь хүртэл орж чадахгүй байгаа тийм том ёс суртахууны хажууд хүндэт зочид нь хүндэтгэлгүй хандаад байхад ямар олиг байх вэ дээ. Монголчууд гэхээрээ л ямар бүдүүлэг зохисгүй гэдгээ гайхуулах ёстой биш. Хэрвээ бидэнтэй адилхан мангартдаг байсан бол Солонгос, Хятад, Герман, АНУ, Канад, Итали гээд бүгд л ингээд далбаагаа бариад зогсож чадна. Гагцхүү манайхаас өөр ингэж мангартах бодолтой хүмүүс тэр цэнгэлдэх дотор байгаагүй л байх.

Ер манай монголчууд энэ "сэргэлэнтэх" гэдэг мангар юм аа одоо болих хэрэгтэй. Бөөндөө оочерлож байхад хэн нэгэнд оочер захчихаад хоол эргүүлээд явчихдаг, ямар нэгэн юм болоход яаж шийдэх вэ бус яаж бултах вэ, яаж танил талаараа зохицуулж аргалгах вэ гэж мангартдаг. Монголчилж байна гэж нэрлээд тракторт мотоциклийн дугуй тавьчихдаг, прүүст үхэр аччихдаг, гурван эгнээ зам битүү түгжирчихээд байхад яагаад ч юм үү мэд захын эгнээ хурдан явна гэж сэтгээд дайраад байдаг зэрэг МАНГАР "СЭРГЭЛЭН" зангаа засах хэрэгтэй. Хаана ч явсан дүрэм журам, нийгмийн амьдрал, хүн ёсны хэм хэмжээг сахин биелүүлж суръя. Миний хувьд наад МАНГАР "СЭРГЭЛЭН" гэдэг нэршил чинь ЛАГ СЭРГЭЛЭН биш. Харин мангар үйлдлээ сэргэлэн гэж өөрсдийгөө хуурч буй мангар бодол гэж хардаг байгаа шүү.

Г.Лхагвадорж

МҮМУУХ: Зөвхөн Монгол адуу уралдах
МҮМУУХ: Зөвхөн Монгол адуу уралдах "Монгол Магнай" даншиг наадам зохион байгуулах хүсэлт гаргажээ
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.