Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулга Ерөнхийлөгчөөс “буусан“ тул Ч.Сайханбилэг Монголд тун удахгүй ирэх гэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 18 секунд

Монголын мега төслүүд болох Оюутолгой, Эрдэнэт зэрэг асуудлуудтай холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн командалсан “салаа” тэр чигтээ шүүхийн хаалга татав. Улмаар Сангийн сайд асан С.Баярцогт, Да. Ганболд, М.Энхсайхан, Б.Бямбасайхан тэргүүтэй нөхдүүд нь өнгөрсөн жил шүүхээс ял авч, командлагч Ч.Сайханбилэг АНУ руу “зугтсан”. Мөн Оюутолгойн асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баярт хүртэл ял өгсөн.

Харин энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болон дараа нь С.Баяр, Да.Ганболд, Б.Бямбасайхан зэрэг эрхмүүдийн хэргийг УДШ дахин хэлэлцээд хүчингүй болгож, суллаад байгаа юм. Мөн Сангийн сайд асан С.Баярцогтод оноогоод байсан 10 жилийн ялыг өнгөрсөн тавдугаар сард бууруулж 4.8 жил болгосон. Улмаар энэ сарын 19-ний өдөр хуралдсан УДШ-ээс түүнд холбогдох хэргийг тусгаарлан анхан болон давах шатны шүүхийн дүгнэлтийг хүчингүй болгож мөрдөн байцаалтад буцаалаа. Мөрдөн байцаалтаас дахин анхан шат руу шилжихдээ ямар зүйл заалттай буцаж ирэх нь тодорхойгүй. Ямар ч байсан улс төрийн хилс хэрэгт холбогдсон гэх хүмүүсийг асуудал “нааштайгаар” эхэлсэн нь энэ бололтой.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар үе үехэн захидлаар гарч ирдэг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тун удахгүй эх орондоо ирэх гэж буй гэнэ. Тодруулбал, тэрбээр ирэх наймдугаар сарын эхээр эсвэл дундуур ирэх төлөвлөгөөтэй байгаа гэх мэдээлэл байна. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 хувь зэрэг асуудлуудад Ерөнхий сайдын хувиар шийдвэр гаргасан тэрбээр өнгөрсөн хоёр жил гаруй хугацааг АНУ-д зугтаж өнгөрүүлсэн.

Энэ хугацаандаа тэрбээр гадны томоохон хуулийн фирм болох Amesterdam & partners LLP болон лобби үйлчилгээ үзүүлдэг АНУ-ын DCI Group LLC зэрэг компаниас зөвлөх үйлчилгээ авсан юм. Энэ талаар https://www.foreignlobby.com/ сайтад түүнийг уул уурхайн авлигын хэрэгт шалгагдаж буй асуудалдаа тус DCI group LLC компаниас зөвлөх үйлчилгээг авсан хэмээн энэ оны хоёрдугаар сарын 1-нд олон нийтэд мэдээлж байв. Сануулахад, тус компанийг өнгөрсөн сонгуулийн үеэр О.Цогтгэрэл, Ц.Туваан нар АН-ыг сонгуульд амжилттай оролцуулахын тулд хөлсөлж авсан хэмээн шуугьж байсан лобби компани билээ.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эх орондоо эргэн ирэх шийдвэрийг гаргахад хоёр хүчин зүйл нөлөөлсөн байх. Нэгдүгээрт, Х.Баттулга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг улс төрийн өс авах, мөн гуравдагч орны хөрөнгө оруулагчдыг түлхэх зорилгоор улс төрийн хэлмэгдүүлэлт явуулж байна хэмээн удаа дараа мэдэгдэж, “Х.Баттулгын шүүхээр орохгүй, Монголын шүүхээр орно” хэмээн “тэмцэж” байв. Х.Баттулга намайг хэлмэгдүүлэх гээд байна гэснийх нь хариуд түүнийг эх орноосоо зугтаасан хэмээн Интерполоор хүртэл хайлгаж байлаа.

Хоёрдугаарт, шинэ Ерөнхийлөгч сонгогдсоны дараагаар мега төслүүдтэй холбоотой хэргүүдийн улс төрийн “гал” хамаагүй буурсан явдал юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг нэр дэвшихээр болж, Х.Баттулга нэр дэвшихгүй болсон тэр цагаас л уг асуудал нааштай эргэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, сонгуулийн дүн болон ирээдүйн улс төрийн нөхцөл байдал тодорхой болсон учраас л тэр биз.

Ийнхүү Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаад байсан Ч.Сайханбилэг удахгүй эх орондоо ирэх бололтой.

Г.Лхагвадорж

Сурвалжилга: Сагсны талбай эзгүйрч, сааданд тоглох хүүхдүүд олширчээ
Сурвалжилга: Сагсны талбай эзгүйрч, сааданд тоглох хүүхдүүд олширчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.