Үндэсний их баяр наадмыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан ч Нарантуул худалдааны төвийг зорих иргэд цөөнгүй байна.
Баяр наадмын өдрүүд хаяанд ирсэн эдгээр өдрүүдэд зах мягмар гарагт ч мөн ажиллаж байгаа аж. Наадмын өдрүүдээр иргэд ямар дээл хувцас өмсөх төлөвтэй байгааг Нарантуул захаас бэлтгэсэн сурвалжилгыг хүргэж байна.
-ДЭЭЛНИЙ ЛАНГУУНУУД ЭЛ ХУЛЬ-
Баяр наадам дөхсөн хэдий ч Монгол дээлний лангуунуудыг иргэд дайрч биш тойрч гарч байлаа. Энэ жилийн дээлний онцлох өнгө, загвар болоод иргэдийн худалдан авалт ямар байгааг худалдаа эрхлэгч Ц.Наранмөнхөөс тодрууллаа. Тэрбээр, "Энэ жил гэлтгүй, сүүлийн хоёр жил баяр наадам болсонгүй. Хүмүүс дээл авахгүй болохоор ямар өнгөний тренд байх вэ дээ. Харин экс Ерөнхийлөгч Х.Баттулга олон медаль гардуулсны хүчинд энэ зуны орлого арай гайгүй байна" гэв.
Худалдаа эрхлэгч Г.Цэцэгмаа, "Ковидоос болоод хүмүүс дээл хувцас гэхээс илүү энгийн хувцсаа авахтай үгүйтэй болсон байна. Дээрээс нь торгоны үнэ өссөн болохоор дээл давхар өссөн. Ямар ч барааны түүхий эд өсөхөд бараа дагаад л өсдөг шүү дээ. Дээлний үнэ 150 мянгаас эхэлж байна" гэв.
Дээл худалдаалагчдаас авсан мэдээллийн дагуу торгоны хэрхэн өссөн талаар худалдаа эрхлэгч Б.Цогтсайхантай ярилцлаа. Тэрбээр, "Урдаас бараа орж ирэхгүй байна. Орж ирж байгаа хэд нь үнэтэй байхаар яах аргатай билээ. 8,000-35,000 төгрөгийн үнэтэй байна. Өнөөдөр хэдий амралтын өдөр ч захын удирдлагуудаас ирж ажиллаж болно гэхээр нь ирээд сууж байна" гэлээ.
Дээлний үнэ сонирхоод зөрж буй иргэдийн үзэл бодлыг сонслоо. Иргэн Д.Болдсайхан, "Наадмаар нутаг явах гээд дээл үзтэл сүрхий үнэтэй байгаа юм байна. Уг нь гайгүй л байдаг сан. Цар тахал гээд хамаг юмны үнэ өсөж дээ. Ирэх жил л болъё доо" гэсэн юм.
Иргэн О.Мөнхцэцэг, "Охин маань гадаад явах гээд дээл сонирхож байгаа юм. Төвийн дэлгүүрүүдээр ярих ч юм байхгүй. Энд арай гайгүй үнэтэй юм шиг боловч, загвар хийц муутай юм. Харж байгаад л сонголтоо хийе" гэв.