УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж хариулт авч байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараас асуулт асуулаа.
Тэрбээр, "Төсвийн тогтвортой байдлын хууль маань явсаар байгаад төсвийн тогтворгүй байдлын хууль боллоо. Нөхцөл байдал сайнгүй байгаа гэж яриад байгаа. Тэгвэл сайжруулахын тулд ажиллах биш өөрсөддөө ашигтай болгодог байдлаар хууль өөрчлөх чинь гэмт хэрэг шүү. Юм ярихаар Ч.Хүрэлбаатар гишүүн 2016 оноос хойш тоолоод өр ширэнд орсон юм шиг ярьдаг. 15 жилийнхээ төсөвт анализ хийгээд ийм алдаа дутагдал гарсан байна, ингэж засъя гээд шийдэх хэрэгтэй. 2016 оноос хойш тавьсан өрийг Ч.Хүрэлбаатар төлсөн юм шиг дэмийрээд байгаа. Энэ нөхөр С.Батболдын Засгийн газрын ХЭГ-ын дарга байхдаа Оюутолгойн өрийг тавьж, 1.5 сая төгрөгийг тараасан. 2012 онд хэдэн их наяд төгрөгийн өр хаяад явсан. Ингээд төрөл арилжсан юм шиг зүйл яриад байдаг" гэв.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, "Төсвийн тогтвортой байдлын тухай хууль тогтвортой байх ёстой. Анх хууль гаргахдаа УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын саналаар энэ хуульд өөрчлөлт оруулна гэж байсан. Миний санаж байгаагаар Р.Гончигдож цэцэд гомдол гаргаад Н.Алтанхуягийг Засгийн газрын тэргүүн байх үед үүнийг өөрчлүүлсэн. Дараа нь олонхоор өөрчилдөг болсон. Буруу зүйл хийсэн. С.Батболдын Засгийн газрын үед тэргүүн Шадар сайд байсан хүн одоо хөгийн, хүн чанаргүй зан гаргах шаардлагагүй. Та гурван жил зургаан сар тэр Засгийн газрын Шадар сайд байсан. Зээлийг танайхны Сангийн сайд хийж байсан. Үүнийгээ эргээд санах ёстой. Ч.Хүрэлбаатар гэдэг хүн харахаараа дөвчигнөөд байж болохгүй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт орох боломжгүй. Үүнээс зайлсхийхийн тулд дөрөв, таван төсөвтэй явж байсан цаг саяхан. Би ч бас яривал ярина. Чимээгүй л байгаад байгаа" гэж хариуллаа.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, "Ч.Хүрэлбаатараа чи яваандаа Монголын төрд хариуцлага хүлээх байх. Үргэлж худлаа ярьдаг. Чи Сангийн сайд болсноос хойш Монголын өрийг төлөөд дуусгасан гэж ярьсан. Гэтэл сүүлийн дөрвөн жилд таван тэрбум ам.доллароор Монгол Улсын Засгийн газрын өр нэмэгдсэн. Би чам шиг худал хуурмаг, хулгай зэлгий хийгээгүй учраас ил тод хэлье. Ч.Хүрэлбаатар нэг цаас үзүүлээд өр дараад байсан. Энэ өр чинь дийлдэхээ байгаад төсвийг өөрчилж болохгүй тогтвортой байдлын хуулийг тогтворгүй болгож өөрсдөдөө ашиглаж өөрчилж байна. С.Батболдын үед Сангийн сайд хэн байсан нь чухал биш. Н.Алтанхуягийн үед Н.Алтанхуяг, С.Батболдын үед С.Батболд шийдвэр гаргаж байсан юм" гэж тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, "Яах аргагүй есөн их наядыг төлсөн. Гадаадаас жилийн 11 хувийн хүүтэй ам.долларын бонд хүртэл гаргаад авсан байсан. Арилжааны банкуудаасаа жилийн 17 хувийн хүүтэй зээл авч байсан. Төлөгдөх хугацаа нь нэг жил зургаан сарын хугацаатай байсан. Бид бүгдийг нь буцааж төлсөн. Төсвийн тогтвортой байдлын хуулийг 2012-2016 онд долоон удаа өөрчилсөн. Харин одоо хоёрдахь удаагаа л орж байна" гэв.