УИХ-ын чуулганы хуралдаанаар Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна. Хуулийн төсөлд хотын төвд нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж барихаас бусад зориулалтаар газрын зөвшөөрөл олгохгүй байх, аж ахуйн нэгж, олон нийтийн оролцоо, хөрөнгө оруулалтыг татах, олон улсын болоод дотоодын хөрөнгө босгож, тулгамдсан асуудлаа шийдэх талаар тусгажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Нийслэлийн стандарт, нийслэлийн дэг журмыг сахиулахад хүнд байдаг. Явган хүний зам байхгүй шахуу хот болчихоод байна. Хүчирхийллийн хот, дарга нарын захиалгаар машинтай хүмүүсийн зам болсон. Зам, брожур, ногоон байгууламж, явган хүний зам, ногоон байгууламж, тэгээд барилга байх ёстой. Гэтэл шууд брожур руу тулгаад олигархуудын байшин босчихоод байна. Тэгэхээр энэ үе үеийн эрх мэдэлтнүүд нийслэлд нөлөөлж, нийслэлийг стандартгүй болгосон" гэлээ.
УИХ-ын Ж.Мөнхбат "Нийслэлийн эрхийг нээж, хариуцлагыг өөрсдөд нь үүрүүлэх ёстой. Хотын стандартын зохижуулалтыг бий болгох ёстой. Хотын удирдлагууд иргэдийнхээ аюулгүй амьдрах эрхийг хамгаалж, хотын стандартыг бий болгох ёстой" гэлээ.