Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төлөөлөгчгүй, ардчилалгүй, сэмхэн хуралдахаар төлөвлөсөн МАН-ын их хурал гацаанд оржээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 22 секунд

У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож МАН их хурлаа хийн шинэ даргаа сонгох хэрэгтэй болсон. Түүний орыг залгахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дарга Г.Занданшатар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Ерөнхий сайд асан УИХ-ын гишүүн С.Батболд өрсөлдөж байгаа тухай мэдээлэл хөврөх болж МАН их хурлаа энэ сарын 24-нд хийх товтой байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Ингэж шахуу их хурлаа хийх нь ямар нэгэн өрсөлдөөн гаргалгүйгээр дараагийн даргын албыг Л.Оюун-Эрдэнэд өвлүүлэх тохироотой нь холбоотой. Хамгийн сүүлийн мэдээллээр их хурлын тов бага зэрэг хойшилж энэ сарын 27, 28-ний аль нэг өдөр хуралдана гэсэн аман зарыг аймаг, нийслэлийн хороо үүрүүдэд төв аппаратаас хүргүүлээд байгаа гэв. Харин албан ёсоор бичгээр зар тараасан зүйл одоогоор алга байна.

Гэнэт их хурлаа шуурхай хуралдуулахаар шийдсэн намын удирдлагуудын тооцоо харин сүүлийн өдрүүдэд талаар болж мэдэхээр болжээ. Учир нь МАН-ын их хурал ямар ч төлөөлөгч сонгохгүй, ардчилалгүй, ил тод бус болох гэж байгааг шүүмжилсэн байр суурь хаа сайгүй болж УИХ-ын гишүүд ч эгдүүцлээ илэрхийлэх болсон байна. Өнгөрөгч долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанд Засгийн газрын сайд нарт нэлээд хатуу үг хаясан галтай болж өнгөрсөн. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын гэр бүлийн хүчирхийллийн асуудалд дарагдаад олон нийт анзаараагүй болохоос УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, М.Оюунчимэг гээд олон гишүүд Засгийн газрын сайд нар тэр дундаа Ц.Нямдорж, Н.Уртнасан, С.Энхболд, С.Амарсайхан нарыг дайруулж нэлээд хатуу шүүмжлээд авсан. Энэ нь алсуураа одоогийн намын удирдлагууддаа “одоо болно шүү, арай хэтэрч байна” гэсэн мессеж өгч байгаа хэлбэр юм.

Төрийн түшээд ийнхүү дургүйцлээ илэрхийлсэн бол МАН-ын анхан шатны байгууллага, жирийн гишүүдийн дунд ч гомдол, шүүмжлэл их байгаа ажээ. Тодруулбал МАН-ын 200 гаруй мянган гишүүдийн дунд дараагийн намын хуралдаа оролцохоор анхан шатны хороо, үүр дээрээ нэр дэвшиж өрсөлдөнө, улс төрийн идэхи оролцоогоо нэмэгдүүлнэ гэсэн хүлээлттэй олон хүн байв. Гэтэл энэ их хурлыг гуравдугаар сард болсон намын баярын үеэр анхан шатны байгууллагуудаас сонгосон 1110 төлөөлөгчтэйгээр явуулна гэж намын удирдлага шийджээ. Тухайн үед намын их хурал хуралдах тухай яригдаад өнгөрсөн бөгөөд цөөн тооны хороо, үүрүүд хурлаа хийж төлөөлөгчөө сонгож нэрсээ явуулсан аж. Харин дийлэнх үүр, хороод нь хөл хорионы улмаас хуралдаагүй. Гэтэл тэднээс сонгогдсон гэх төлөөлөгчдийн нэрсийг ямар ч хурал, сонгуульгүй дээрээс ирсэн чиглэлийн дагуу албан бичиг дээр бичээд явуулчихсан гэх маргаан хаа саагүй гарч байна. Гуравдугаар сард үүр, хороод нь хуралдаж төлөөлөгчөө сонгосон байлаа ч нэгэнт намын их хурал цуцлагдсан учраас дахиж хуралдаж төлөөлөгчдөө сонгох ёстой гэсэн хэл амыг жирийн гишүүд нь хийж байгаа гэх. Энэ маягаараа МАН хойд Солонгосын хөдөлмөрийн нам шиг боллоо дээрээс бүх нэрсийг зоодог, цөөн хүний хүрээнд бүх асуудлаа шийддэг, намын даргыг сонгодог биш өвлүүлдэг болох нь гэж дургүйцлээ илэрхийлэх гишүүд олон байна.

Одоогийн удирдлагууд Их хурлаа бараг 100 хувь өөрсдийн зоосон нэрээрээ хайрцагласан. Ямар ч өрсөлдөөн, олон ургалч үзэл гарахгүй нь ойлгомжтой. Харин ингэж хүч түрэн асуудлаа шийдлээ гэхэд хэр удаан хол явах нь эргэлзээтэй.

Тиймээс намын гишүүдээ дахин хайрцаглах, УИХ-ын гишүүдтэйгээ “ажиллах” шаардлагатай болсон тул намын их хурал хойшилж магадгүй байдалтай байгаа гэв. Мөн УИХ-ын гишүүд Засгийн газрын зарим сайд нарыг солихгүй бол Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг хөндөнө гэж намын удирдлагууддаа шахалт үзүүлэх болсон гэнэ. Тэдний шаардлагаар Засгийн газар тогтвортой ажиллахын тулд хэл ам татлаад байгаа гурван сайдаа сэлгэнэ гэж эх сурвалж мэдээлж байна. Энэхүү гурван сайдын сэлгээгээр тэд УИХ-ын гишүүдтэйгээ тохироо хийнэ. Энэ тохиролцоо сэлгээ, намын их хурал хоёр бараг зэрэг явагдана гэж саарал ордны танхимны цэг дээр ярих болов.

Намын бүлгүүд хуралдана
Намын бүлгүүд хуралдана
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.