Коронавирусийн халдвар авсан иргэд эмнэлэгт болон гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байгаа. Ингэхдээ эм тариагаа өөрсдөө худалдан авч эмчлүүлж байгаа юм. Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллээр "Батлагдсан хүн болгонд 60 ширхэг эм хүргүүлж байна. Мэдээж зарим нэг хүнд очоогүй тохиолдол гарч байна" гэж мэдээлж байсан ч халдвар авсан иргэдээс тодруулахад ихэнх нь өрх, эмнэлгийн байгууллагаас ямар нэгэн байдлаар үнэгүй эм тан өгөөгүй гэдгийг хэлж байлаа. Мөн халдвар авсан иргэдийн хувьд өвчнөө эмчлүүлэхээс гадна эмийн зардал нь маш их болж байгаа нь тулгамдсан асуудлын нэг болж байгааг онцолсон юм.
Иргэн Ж "Би халдвар аваад гэрээр эмчлүүлж байна. Эрүүл мэндийн сайд ярилцлагадаа 60 ширхэг "Арбидол" эм үнэгүй өгч байгаа гэхээр нь өрхийн эмнэлгээсээ асуусан чинь "Тийм зүйл байхгүй" гээд өгөөгүй. Манайх Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байдаг. Манай хоёр хүүхэд бас халдвар авсан. Бид гурав эмчилгээндээ нийт 600 гаруй мянган төгрөгөөр эм тан авч байна. Хөрш айлын маань гурван хүн бас халдвар авсан гэсэн. Эм тан авах мөнгөгүй учраас зээлээр авсан гэж байна лээ. Эмчилгээний эм тангаас гадна дархлаа дэмжих витаминууд гээд зардал маш их болж байна. Энэ бол айл өрхөд тулгамдсан асуудлын нэг болоод байна"
Иргэн Т "Хүүхэдтэйгээ хамт халдвар аваад эдгээд гарсан. Хүүхэд маань нэлээн хүндэрсэн ч эмчилгээ дороо авч байна лээ. Өрхийн эмнэлгээс нэг монгол эм, антибиотиктой өгч байна лээ. Манай эмч "Арбидол" элгэнд муу гээд өгөөгүй. Зөвхөн миний эмийн зардал гэхэд 400 гаруй болсон. Хүүхдийн эм арай гайгүй байсан. Витамин D, C, антибиотиктой, уушигны дусал авахад л хямдраад 136 болж байсан. Иргэд эмийн зардалд дарлуулж байна"
Иргэн М "Халдвар аваад эдгэрээд өчигдөрхөн л /2021.06.19/ эмнэлгээс гарлаа. Улсаас ямар нэгэн эм тан өгсөнгүй. Эмчилгээний зардалд нийт 600 гаруй мянган төгрөг зарцуулсан"
Иргэн Э "Би өнгөрсөн гуравдугаар сард халдвар аваад эмнэлэгт эмчлүүлээд гарсан. Тухайн үед эмнэлгээс витамин D, C хоёр өгч байсан. Тэрийг нь уугаад эдгэрээд гарсан. Эмнэлгээс гараад хэд хоног витамин C уусан. Эмэнд мөнгө зараагүй"
Иргэн Б "Би яг одоо тусгаарлагдаад эмчлүүлж байгаа. Эмнэлгийн зүгээс 10 ширхэг антибиотик өгсөн. Өөрөө 300 гаруй мянган төгрөгөөр эм авсан. "Арбидол"-ыг 39 мянгаар авч байсан. Хайрцагдаа 20 ширхэг л байдаг. Энэ эмийг иргэд өдрийн 3-4 ширхэгээр 7 хоног уух ёстой. Тэгэхээр маш их мөнгө болно. Тан гэхэд л ширхэг нь 5200. Витамин D, C 30 ширхэг нь 18 мянга гэхчлэн явж өгнө. Мөнгөгүй, өдрийн хоолоо аргацааж байгаа айлуудад 200, 300 мянгаар шууд эм авчих боломж байхгүй. Ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч л болох байхдаа"
Иргэн А "Манай гэр бүл халдвар аваад гэрээрээ эмчлүүлж байна. Улсаас том хүүхдэд болон эхнэрт 20 ширхэг "Арбивир" гэдэг эм авч ирж өгсөн. Өөрсдөө нэмэлтээр эм тан авч ууж байна. Гэрээсээ гарч болохгүй учраас хоол унд, эм танд мөнгөө үрж байна. Зөвхөн эм тан авахад 500 мянга болсон. Виферон лаа 3 саятай нь 10 ширхэг нь л гэхэд 92000 болж байх жишээтэй. Витамин С-г халдвар авахаасаа ч өмнө дархлаагаа дэмжих зорилгоор ууж байсан. Ер нь иргэд эмэнд маш их мөнгө үрж байна даа. Гэхдээ эрүүл байхын тулд зарахгүй гээд ч яах билээ. Одоо цээжээр зүрхний харалдаа тугалга цутгачихсан мэт үе үе зангираад хэцүү л байна. Зүрх гэнэт хаагдчихвий гэж айгаад 2 хоногт 1 удаа аспирин-81 ууж байна. Болж өгвөл өөрсдийгөө сайн хамгаалж энэ өвчнийг тусалгүй гараарай гэж иргэддээ захимаар байна" гэлээ.
Юутай ч Эрүүл мэндийн сайдын хэлсэнчлэн халдвар авсан иргэдэд олгох 60 ширхэг "Арбидол" эм иргэдийн гарт очихгүй байгаа бололтой. Энэ тухай ч иргэд өөрсдийн цахим хуудаснаа бичсэнийг хүргэж байна.