Дэлхийн улс орнууд дархлаажуулалтаа эрчимжүүлж байгаа ч халдварын тохиолдол, нас баралт буурахгүй хэвээр байна. Учир нь коронавирусийн халдвар мутацилагдаж байгаа нь халдварыг бууруулахад маш их саад болж байгаа юм.
ДЭМБ-ын мэдээлж байгаагаар коронавирус мутацид орж "Дельта" гэх коронавирусийн омог дэлхийн улс орнуудад зонхилон гарч байгаа гэнэ. Тус хувилбар нь анх Энэтхэгийн Нагпур хотод өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 80 гаруй оронд тархаад байгаа юм байна.
Мөн "Дельта" хувилбар нь илүү халдвартай тул дэлхий даяар эрчимтэй тархаж байгааг ДЭМБ-аас анхааруулж байна. Мөн битүү орчинд халдварлах магадлал 60 хүртэл хувь, задгай газарт 40 орчим хувь байна.
Өнөөдрийн байдлаар тус хувилбар ОХУ-д хамгийн их бүртгэгдсэн бөгөөд тус улсад халдвар авсан иргэдийн 90 орчим хувь нь "Дельта" хувилбараар халдварлаад байгаа аж.
Сүүлийн хоёр долоо хоногт Москва хотод коронавирусээр дахин халдварласан тохиолдлын тоо хоёр дахин нэмэгджээ. Мөн халдварын тоо буурахгүй байгаа нь “Дельта” хувилбартай холбоотой гэж ДЭМБ-аас үзсэн байна.