Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уламжлалт анагаах судлалаас гаргасан санал, дүгнэлтийг үндэслэж, ЭМ-ийн сайд тушаал гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 40 секунд

Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2021 оны тавдугаар сарын 20-ны өдөр цар тахлын үед дагаж мөрдөх “Түр заавар шинэчлэн батлах тухай” тушаал гаргажээ. Тэрхүү тушаалын 6.5-д “Дээдийн номын уншлага, адис тид оршоосон рашаан хүртэх, тусгай найрлага бүхий дээдийн номын адис тидтэй утлагаар өөрийгөө болон орчин тойрноо ариусган утах” гэж заажээ.

Энэ талаар ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөл ковидын эмчилгээний талаар тайлбар өглөө. ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухаан судлалын Мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн Д.Цэрэндагва, Мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн Д.Нацагдорж нар хэвлэлийн хуралд оролцон, дараах мэдээллийг өгөв. Зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн Д.Цэрэндагва,

"Коронавируст халдвар дэлхий дахинд тархсаны дараа Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн зөвлөл, ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн хамт олон хамтраад 2020 оны гуравдугаар сараас ажиллаж байна. БНХАУ Ухань хотод гарсан халдварын үеэр уламжлалт анагаах ухааны эмчилгээ ашигласан гэдгээ зарласан. Манай улсын хувьд 2020 оны гуравдугаар сараас хойш уламжлалт анагаах ухааны түр зааврыг боловсруулаад Монгол Улс даяар мөрдөж эхэлсэн. Энэ дагуу 2021 оны хоёрдугаар сараас эхлээд уламжлалт анагаах ухааны эмч нар эмнэлгүүдэд буюу халдварын улаан бүсэд орж ажиллаж байгаа.

Түр зааврыг сая тавдугаар сард шинэчлэн гаргасан. Уламжлалт анагаах ухааны эмчилгээний аргуудыг коронавирусийн халдварын үеийн эхний гурван шатны үед хэрэглэж байна. Уламжлалтын эмнэлгүүд эмээр хангаад эмч нар Улаан бүсэд орж ажиллаж байгаа. Өнөөдөр олон мянган жилийн түүхтэй Монголын уламжлалт анагаах ухаанаар коронавирусийн халдварыг эмчилж болохыг харуулж байна" гэв.

Зөвлөлийн гишүүн Д.Нацагдорж,

"Коронавируст халдварын үеийн уламжлалт эмчилгээний зааврыг шинэчлээд, хэсэг хугацааны өмнө сайдын тушаал гарсан. Сайдын тушаалд бие, хэл, сэтгэлийг иргэн бүхэн хамгаалах талаас нь гүрэм засал, тарнийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх талаар тусгасан. Халдварын хүнд үед эмнэлгийнхэн болон ард иргэд халдварт өвчинд өртөхгүй эрүүл саруул байлгах тухайд уламжлалт анагаах ухааны мэргэжлийн түвшний ойлголтуудыг түр зааварт оруулж өгсөн.

Ингэхдээ эмнэлгүүдэд яг энэ эмчилгээг заавал хийгээрэй гэсэн шаардлага тавихгүй. Сайдад мөн буруу өгөхгүй. Яагаад вэ гэхээр салбар зөвлөл төр хувийн хэвшлийн уламжлалт анагаах ухааны бүх байгууллагын саналыг нэгтгэж, ярилцаж байгаад хүлээн зөвшөөрөөд сайдын тушаалд оруулахаар санал болгосон. Тухайн саналыг сайд баталгаажуулж, албажуулж өгсөн гэсэн үг. Үүнд сөрөг үзэл бодолтой хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь нийгэмд тустай онолын түвшинд байдаг зүйлсийг таниулж, урьдчилан сэргийлж байгаа хэрэг юм.

Буддын засал ном, онол ухаан амьдрал дээр батлагдаж, шинжлэх ухаантай яв цав нийлж явдаг. Уламжлалт анагаах ухааны мэдлэг өнгөрсөн 100 жил орчмын хугацаанд дарагдаж, бүдгэрсэн талууд байгаа" гэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга Ч.Амарболдын генерал цолыг сэргээлээ
Ерөнхийлөгч Х.Баттулга Ч.Амарболдын генерал цолыг сэргээлээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.