Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Ардын намаас Улаанбаатар хотыг М.Энхболд л гайгүй удирдсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 55 секунд

Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан гишүүд байнгын хороо болон тогтоолын төслийг санаачлагчаас асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Өнөөдөр Улаанбаатар хот ямар байгаа билээ. Харамсалтай байгаа шүү дээ. Аз жаргалтай Улаанбаатар хот аз жаргалтай болчихсон уу. Дарга нараас өөр аз жаргалтай хүн энэ хотод алга. Юун түр хороо вэ, энийгээ бүр хороо болгосон нь дээр байх. Хэдэн жилийн дараа Улаанбаатар хотын дордсон байна гэдэгт эргэлзэхгүй байна. Өнгөрсөн хугацаанд танай баян гишүүд энэ хотын битонон ширэнгэ болгочихлоо. Би Улаанбаатар хотын иргэн. Миний амьдарч байгаа эргэн тойрон, хот тэр чигээрээ уруудаж байна. Гэр хороолол өнөөдөр ямар нөхцөл байдалд байна. Камер тавихаа мэдэхээс биш гэр хороололд ганц гэрэлтүүлэг тавьж мэдэхгүй байна шүү дээ та нар. Улаанбаатар хотод гайгүй ажилласан хэдхэн дарга нар байгаа. Танай намаас М.Энхболд л гайгүй ажиллаж байсан. Манай намаас Э.Бат-Үүл, н.Ганхуяг гээд хотыг сайн удирдсан хүмүүс байсан. Одоо энэ хот чинь авахгүй юмгүй боллоо. Зайсан, гэр хороолол хоёр чинь гамшгийн туйл боллоо" гэв.

Түүний асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар "Д.Ганбат гишүүний хэлсэн аз жаргалтай амьдаръя гэдэг буруу биш ээ. Хүний аз жаргалд тэмүүлэх хүсэл бол бидний мөн чанар юм аа. Та 2024 оныг яриад байна. Бид өнөөдөр 2021 онд энэ хотыг хөгжүүлэхийн төлөө ажиллана. Бид өнөөдөр системтэйгээр явахгүй бол 2024 онд энэ асуудлыг бүр шийдэж чадахгүй. Тиймээс хамтраад хотын асуудлыг барьж аваад УИХ бодлогын дэмжлэг үзүүлье ээ. Ардын нам, Ардчилсан нам гэж үзээд бид дийлэхгүй. Улаанбаатарын асуудал бол Монгол Улсын хөгжлийн гол асуудлууд байгаа" хэмээн хариуллаа.

Ингээд түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураахад хуралд оролцсон гишүүдийн 71.7 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Ингэснээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Баяр

Монгол, Перу улсын иргэд 90 хоног харилцан визгүй зорчино
Монгол, Перу улсын иргэд 90 хоног харилцан визгүй зорчино
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.