Өнөөдөр 18.00 цагийн орчимд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан руу хутга барьсан этгээд дайрч, танхайрсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Өмнөх мэдээллийг энд дарж уншина уу.
Тодруулбал, БШУЯ-ны гадаа 37 настай С гэгч этгээд сайд Л.Энх-Амгаланг яамнаасаа гарч ирэхэд нь хутга барьж танхайрсан бөгөөд төрийн тусгай хамгаалалтын албаныхан уг этгээдийг саатуулж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм. С нь сайд Л.Энх-Амгалангийн биед халдсан боловч хутгаар ямар нэгэн гэмтэл учруулаагүй юм байна.
Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ажээ. С нь БШУ-ны сайдыг ЭЕШ өгөх гэж байгаа 16, 17 настай хүүхдүүдэд хүчээр вакцин хийх гэж байна хэмээн хэвлэлүүдэд хандаж байсан билээ.
Үүнтэй холбогдуулан БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдэл гаргажээ. Тэрбээр "Насанд хүрээгүй хүүхдэд вакцин хийхгүй ээ гэдгийг нийт эцэг эхчүүддээ салбарын сайдын хувьд хариуцлагатай хэлье. Монгол Улсын Засгийн газар болоод Боловсрол, шинжлэх ухааны яамнаас, мөн миний зүгээс ийм шийдвэр болоод үг, үйлдэл хийгээгүй болохын мэдэгдэж байна. Мөн энэ сэдвээр далимдуулж миний амь насанд халдах оролдлого хийсэнд гүнээ харамсаж байна..." гэжээ.