Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэнтийд хэн хэн нэр дэвших вэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 27 секунд


УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийг “улаан тойрог” хэмээн нэрлэдэг байв. Учир нь УИХ-ын гурван ч удаагийн сонгуульд Хэнтийнхэн МАН (тухайн үеийн МАХН)-ыг сонгож байлаа. Их ялалтын эхлэл нь 2000 онд тавигдсан юм. Тухайн үед Хэнтий гэлтгүй Монгол орон даяар улаан тугаа хатгасан МАН УИХ-д нийт 72 суудалд ялалт байгуулж байв. Харин Хэнтийд У.Хүрэлсүх, Н.Ганбямба, Д.Арвин нар сонгогдож, парламентын босгоор давж орсон юм. Тэдэнтэй Ардчилсан хүчнээс “Цагаан шонхор”- ын Ч.Энхтайван, Байгаль орчны сайд асан С.Мэндсайхан, Их хурлын гишүүн Да.Ганболд нар өрсөлдөн, өвдөг шороодож байлаа. 

Түүнээс хойш буюу 2012 оны сонгууль хүртэл хэнтийчүүд зөвхөн МАН-ын нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэдэг гэхээсээ илүү сунгалт хийдэг байв. У.Хүрэлсүхийг Б.Бат-Эрдэнээр сольсныг эс тооцвол төлөөллүүд нь ч өөрчлөгдсөнгүй. Харин У.Хүрэлсүх, Б.Бат- Эрдэнэ хоёрын байр солигдсон явдал нь Хэнтийнхний сонголт гэхээсээ намын шийдвэр байсан гэдгийг энд тодотгоё. 

Тэгвэл 2012 оны УИХ-ын сонгуулиар тус тойрог хоёр мандаттай болж, Ардчилсан намаас нэр дэвшсэн Б.Гарамгайбаатар “хөхөрдөггүй” Хэнтийгээс сонгогдсон Ардчилсан намын анхны гишүүн болов. Аймгийн намын хорооны дарга, “Монроуд” компанийн Ерөнхийлөгч тэрбээр М.Хүдэрбаатар хэмээх залуутай хамт Ардчилсан намын өмнөөс сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан. Харин үлдсэн нэг мандатыг аварга Б.Бат-Эрдэнэ авсан юм. Бас нэгэн статистик дурдахад, Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин, Н.Ганбямба нар тус тойргоос гурван удаа сонгогдсон. Мөн У.Хүрэлсүх, Д.Ганболд нар тус бүр хоёр удаа УИХ-д сууж байсан юм. 

2016 оны сонгуулиар мөн л Ардын намынхан ялалтын тугаа хатгаж, Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга нар хэнтийчүүдийн итгэлийг хүлээж, УИХ-д сонгогдсон юм. Ингэснээр Б.Бат-Эрдэнэ Хэнтийн тойргоос дөрөв дэх удаагаа парламентад сонгогдов. 

2016-2020 оны парламентын хамгийн залуу гишүүнээр тодроод байсан Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож, бүрэн эрхээсээ татгалзаж, өдгөө аавын хаалга татсан. 
Тэгвэл энэ удаагийн ээлжит сонгуулиар Хэнтий аймагт хэн хэн нэр дэвших вэ? Эхний хувилбар бол УИХ- ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Тус тойргоос дөрвөнтөө сонгогдсон тэрбээр тойрогтоо чансаа өндөртэй улстөрчөөр тодроод буй. Удаах мандатын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх аваад буй. Түүний хувьд ээжийнхээ нутаг болох Сүхбаатар аймгийг ч тойглож байгаа бөгөөд ирэх сонгууль хүртэл хөтөлгөө морьтой явж байна. УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун- Эрдэнэ Хэнтийн 18 дугаарт тойрогт нэр дэвших нь гарцаагүй. Хэрэв Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтийн тойрогт хүч үзэхгүй бол Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба дахин нэр дэвшинэ. 

Эрх баригч хүчин болох МАН-аас Хэнтий аймагт нэр дэвших хүмүүс тодорхой. Харин энэ парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж буй Ардчилсан намаас Хэнтий аймагт нэр дэвших хүмүүсийн нэрсийн жагсаалтын хувьд бүрхэг байна. Учир нь тус нам нэр дэвшигчиддээ сонгууль босго болох 100 сая төгрөгийн дэнчин тавьснаас үүдэн намын дотоод асуудал хурцадмал буй. Олон фракцын зовлонг үргэлж эдэлж ирсэн тус нам энэ удаад намын дарга С.Эрдэнийг сонгуульт ажлаа өгөхийг шаардаж, намын дотоод улс төр ширүүн байгаа.

Урьдчилсан байдлаар бол УИХ-ын гишүүн асан Д.Гарамгайбаатар, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөх асан М.Хүдэрбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар нар нэр дэвшинэ. Харин бусад нам, эвслээс тус тойргийг “онилсон” нэр дэвшигч одоогийн байдлаар алга байна.

 

Дипломат төлөөлөгчийн газрууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
Дипломат төлөөлөгчийн газрууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
 
Дэлхийн жижиг амьтны мал  эмнэлгийн холбооны 49-р хуралд оролцож байна
Дэлхийн жижиг амьтны мал эмнэлгийн холбооны 49-р хуралд оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.