Олон улсын сувилагчдын баяр өнөөдөр тохиож байна. Сувилагчдын баярыг тохиолдуулан эрүүл мэндийн салбарт 37 жил ажиллаад гавьяаныхаа амралтад гараад удаагүй байгаа сувилагч Г.Цэцгээтэй ярилцлаа.
Тэрбээр 1984 онд Булган аймгийн Хангал суманд Нэгдүгээр бригадаас эмчийн ажлаас гараагаа эхэлсэн. Хожим ослоор хөгжлийн бэрхшээлтэй болсон ч сувилагчийн ажлаа долоон жил тасралтгүй хийж байгаад тэтгэвэртэй гарсан нэгэн юм.
-Юуны өмнө танд Олон улсын сувилагчдын баярын мэнд хүргэе. Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон тухайгаас яриагаа эхлэх үү?
-Баярлалаа. Хүүхэд л юм болохоор багаасаа багш болно гэж их боддог байсан. Гэтэл намайг наймдугаар анги төгсдөг жил манай аймагт хуваарь ирээгүй. Тэгээд арван жилийн сургуульд ортол Дарханы эмчийн хуваарь ирсэн. Мэдээж би багш болох мөрөөдөлтэй байсан учраас эмч болно гэж бодоо ч үгүй, төсөөлөө ч үгүй. Гэтэл аав маань "Дарханы анагаахын хуваарь их зүгээр юм байна. Эмч хүн нийгэмд их хэрэгтэй" гэхээр нь аавынхаа үгэнд ороод Дарханд суралцахаар явсан. Улмаар Дарханы анагаахын сургуулийг бага эмч, сувилагчаар төгссөн. Надад маш их зүйлсийг зааж сургасан Дарханы анагаахын дунд сургуулийнхандаа их баярлаж явдаг.
-Төгсөөд хаана хуваарилагдав. Эмч болсоноос хойшхи санаанаас гардаггүй гоё дурсамжаасаа хуваалцаач?
-Би Булган аймгийн Хутаг-Өндөр сумын хүн. Сургуулиа төгсөөд сумандаа ирж ажиллана даа гэж боддог байлаа. Гэтэл цаанаас хуваарилахдаа намайг Булган аймгийн Хангал суманд хуваарилчихсан. Мэдээж би дургүйцээд уурлаж, уйлж янз бүрээр л эсэргүүцсэн. Гэтэл "Хэрвээ ажиллахгүй бол дипломыг чинь хураана" гэхээр нь айсандаа Хангал сумандаа ирж ажиллаж байсан даа. /инээв/ Одоо бол Хангал сумынхандаа их хайртай. Хангал сумандаа 37 жил ажилласан байна шүү дээ.
Энэ хугацаанд олон ч эх барьж авч байсан. Гэхдээ гуравдугаар сарын 17-нд хоёр хүүхэд эх барьж авч байсан минь санаанаас хэзээ ч гардаггүй юм. Тухайн үед ээж нь 18-нд төрсөн бол гоё байхгүй юу гээд инээлдэж байсан. Одоо хоёр ихэр маань нас биед хүрсэн том залуучууд болсон байх.
-Дээх нь үед эх баригч нар эх барьж авсан хүүхдүүддээ нэр өгөх явдал түгээмэл байсан. Та эх барьж авсан хүүхэддээ нэр хайрлаж байв уу?
-Байлгүй яахав. Хамгийн анх эх барьж авахад сэтгэл түгшээд маш их айдас, сандралтай байсан. Гэхдээ маш амжилттай эх барьж авч байсан. Анхны эх барьж авсан хүүхэддээ Ариунжаргал гэдэг нэр хайрлаж байсан. Хэдэн жилийн дараа нөгөө ээж маань дахиж төрөх гэж ирээд дүүд нь бас нэр хайрлаарай гэж хүссэний дагуу Азжаргал гэдэг нэр хайрласан. Их гоё дурсамж шүү.
-Нэг суманд ажиллаж, амьдардаг учраас эх барьж авсан хүүхдүүдтэйгээ их таардаг байх?
-Тэгнэ. Заримдаа хэнд ямар нэр өгснөө ч мартчихна. Тэгээд хэн чамд нэр өгсөн юм гэхээр "Эмч та өгсөн шүү дээ" гэдэг юм. /инээв/. Эх барьж авсан хүүхдүүдээ том болоод эрүүл саруул өсөж, торниж байгааг нь харах сайхан байдаг. Гэхдээ би эх барьж авах ажлыг удаан хийгээгүй. Хоёр жил л ажилласан байх. Тэгсэн хэрнээ сэтгэлд хамгийн тод дурсамж үлдээсэн байна шүү. Сумын бага эмч байна гэдэг бараг эмнэлгийн дарга шиг бүх ажилд гар бие оролцоно шүү дээ. Бригадын эмч, эх баригч бага эмч, сургуулийн эмч, эмийн бус эмчилгээний бага эмч, ээлжийн сувилагч гээд бүгдийг нь л хийж үзлээ. Харин 2008 онд осолд орж, өрөөсөн хөлгүй болсон. Гэхдээ өрөөсөн хөлгүй, хөгжлийн бэрхшээлтэй болсон ч 7 жил ээлжийн сувилагч хийж байгаад тэтгэвэрт гарсан.
-Хөгжлийн бэрхшээлтэй болсны дараа нийгэмд гараад ажиллахад ямар бэрхшээл тулгарч байв?
-Булган аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Нарантуяа гэж хүн бий. Тухайн үед Нараа дарга маань "Гар чинь зүгээр болохоор эргээд ажилдаа орж болно шүү" гэж хэлж байсан. Тиймээс би эргээд эмнэлэгтээ сувилагчаар ажиллаж эхэлсэн. Хэдийгээр осолд орж, өрөөсөн хөлтэй болсон ч надад хүндрэлтэй, тулгамдсан зүйл огт байгаагүй. Би өөрөө ч хичээнгүйлэн ажлаа хийсээр байгаад тэтгэвэртээ гарсан. Би ажиллах хугацаандаа эмийн ангид бас суралцсан. Одоо тэтгэвэртээ гарсан учраас эмийн санд ажиллах төлөвлөгөөтэй байгаа.
-Гавьяаныхаа амралтад хэзээ гарсан бэ. Цар тахлын үед дуудагдаж ажиллав уу?
-Гавьяаныхаа амралтад гараад удаагүй. Тавдугаар сарын эхээр л гэртээ суулаа. Өдөр бүр ажилласаар байгаар өөрийгөө ядарч байгааг ч анзаардаггүй байснаа ойлгосон. Одоо сумынхаа эмийн санд ажиллана. Хүн ер нь тэтгэвэртээ гараад юу хийхээ эртнээс төлөвлөх хэрэгтэй юм байна.
Нэгэнт л бид энэ зүйлтэй нүүр тулна шүү дээ. Би осолд орж, нэг хөлөө алдаж, амьдралын хатууг үзсэн болохоор тэр бүр уйлдаггүй хаттай. Гэхдээ ажлын сүүлийн өдөр яагаад ч юм их уйлсан. Долоон жил би энд баяр хөөртэй эрүүл саруул амьдарсан шүү дээ гэж бодсон. Тэтгэвэртээ гарах өдөр хэцүү байсан ч гоё дурсамжуудаа бодоод сайхан байсан. Хангал сумынхаа бүх хүнийг ямар нэг байдлаар эмчилж, ядахдаа даралтыг нь ч болов үзэж байсан болохоор тэр шүү дээ. Тиймээс надад тусалж дэмжиж, намайг зоригжуулж байсан сайхан сэтгэлтэй хамт олондоо баярлалаа. Бас Хангал сумынхаа ард иргэдэд маш их баярлалаа гэж хэлмээр байна.
-Ингэхэд та гэр бүлээ танилцуулаач?
-Манай нөхөр сумынхаа түргэн тусламжийн жолооч хийдэг. Бид хоёр охинтой. Охид маань Булган аймагт ажиллаж амьдардаг. Том охин маань аймгийнхаа Боловсрол соёл урлагийн газрын соёлын бодлого хариуцсан мэргэжилтэн. Бага охин Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга хийдэг.
-Гэр бүлийн хүн тань ижил салбарт ажилладаг учир эмчийн мэргэжлийн хүнд хэцүүг их ойлгож тусалдаг байх?
-Тийм шүү. Бид бие биетэйгээ сайн ойлголцдог. Манай хүн гэрийн ажил, арын албаа сайн хариуцдаг. Залуу байхад үр хүүхдээ анхаарч чадалгүй хоцордог байсан. Хоёр охиныхоо нэгийг эмч болгоно гэж боддог байсан ч чадаагүй. Энэ салбарт ажилладаг хүний хувьд хааяа их эмч гоё юмаа гэж боддог. Том охиноо эмч болгохын тулд аймгийнхаа сургуулийн химийн хичээлийн гүнзгий ангид хүчээр суулгасан ч өөрөө сонирхолгүй болохоор эмч болоогүй ээ. Магадгүй, эмчийн мэргэжил гэдэг нь ч нөлөөлсөн байх. Урлаг уран сайханд дуртай хүүхэд учир СУИС төгссөн. Одоо бодоход дургүй байхад нь хүчээр өндөр хариуцлагатай эмчийн мэргэжилд сургасан бол хүний алтан амьтай ажиллаж чадахгүй байсан байх.
-Эмч хүнд ямар зан чанар байх ёстой гэж боддог вэ?
-Эмч хүн харилцаа хандлага сайтай байх ёстой. Тухайн өвчтөн маань баяр ёслолд ирээгүй, дуртайдаа ч ирээгүй. Аргагүй болоод ирсэн хүний сэтгэл санааг ойлгож дэмжиж эмчлэхийн тулд хандлага хамгийн чухал байдаг. Уруу дорой царайлсан хүмүүс байвал сайхан үг хэлж, эм тариа тань удахгүй үйлчилнэ гэж хэлвэл нүдэнд нь оч гэрэлтээд явчихдаг. Саяхан нэг хүн намайг “хүнийг боддоггүй” гэж загнасан юм. Хариуд нь “Би тариагаа хийхдээ хүртэл эм болоосой гэж бодож шахдаг” гэсэн. Угаасаа ч би тэгж боддог юм. Буян буцахдаа бороо шиг асгарна гэдэг чинь үнэн. Олон хүнтэй ажиллаад би ч мэргэжилдээ үнэн хайртай болж байгаа юм.
-Ярилцсанд маш их баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.
-Баярлалаа.
С.Хонгорзул