Цахим орчинд нэгэн иргэн "Ард"-ын гэх тодотголтой Ч.Ганхуяг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нартай хамтарч 2022 оны гуравдугаар сарын 21-ний өдөр "Монголын шинэ эдийн засгийн форум" НҮТББ-ыг хамтран үүсгэн байгуулж, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ хуулийн тодорхой шаардлагуудыг зөрчиж, Эдийн засаг, хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийт 2 тэрбум 625 сая 199 мянган төгрөгийн санхүүжилт авсан талаарх мэдээллийг нийтэлжээ.
Тодруулбал, 2022 оны гуравдугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан ТББ-аар 2023 оны есдүгээр сарын 22-ноос эхлэн Эдийн засаг хөгжлийн яамнаас 1 тэрбум 556 сая 701 мянган төгрөг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 1 тэрбум 68 сая 498 мянган төгрөгийн санхүүжилт авсан аж.
Тэгвэл тендерийн хуульд:
15.1.Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
16.2.2.сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу гаргасан санхүүгийн тайлан;
16.2.3.сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд оролцогчийн хэрэгжүүлсэн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын мэдээлэл.
17.2.1.ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт гэсэн шаардлагууд бий.
Тэгвэл дөнгөж байгуулагдаад жил гаруй болсон байгууллагад төсвийн мөнгийг шилжүүлсэн нь өөрөө том асуудал ба ашиг сонирхлын зөрчилтэй байж болохуйц хардлагыг төрүүлээд байгаа юм.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээс харахад “Төр засаг, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлогыг боловсруулхад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх” чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг тус төрийн бус байгууллагын Тэргүүнээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гүйцэтгэх захирлаар Ч.Ганхуяг нар ажиллаж байгаад, 2025 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Удирдах зөвлөлийн даргаар Ч.Ганхуяг, Гүйцэтгэх захирлаар Ж.Алтангүний нар бүртгүүлж, Л.Оюун-Эрдэнэ бүртгэлээс хасагдсан байна.
Мөн "Шилэн данс"-ны мэдээлэлд "Монголын шинэ эдийн засгийн форум" НҮТББ нь 2023 оны есдүгээр сарын 22-ноос 2024 оны есдүгээр сарын 13-ны хооронд “Бүсчилсэн хөгжлийг дэмжих Монголын Эдийн засгийн форум зохион байгуулах” болон “Улаанбаатар бүсчилсэн форум зохион байгуулах санхүүжилт” гэх утгатай нийт 20 удаагийн гүйлгээгээр Эдийн засаг, хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2 тэрбум 625 сая 199 мянган төгрөгийн санхүүжилт авсан байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!