Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг болох “Нутгийн буян”, “Нэхмэлийн шар” байрнуудын дунд буюу дөрвөн талдаа орон сууцны барилгаар хүрээлэгдсэн газар барилга барихаар газар ухсаныг оршин суугчид эсэргүүцэж байсан.
Тэгвэл Хотын дарга Д.Сумъяабазар А/312 дугаар захирамжаар “Марта Грийн” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны зориулалт бүхий газар эзэмших эрхийг цуцаллаа. Мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үүднээс тус газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж авах юм. Харин “Марта Грийн” ХХК-д өөр байршилд газар олгох асуудлыг судалж, тухайн компанитай зөвшилцсөн талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хэллээ.