Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Нямдорж, Э.Бат-Үүл нарыг хэзээ шалгах вэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 42 секунд

   ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ц.Нямдорж өдрийн сонинд бүтэн хоёр нүүр дамнасан “Хонгил үүссэн түүх ба яргын хэрэг” нэртэй нийтлэл бичжээ. УИХ-д 7 удаа сонгогдож Хууль зүйн дэд сайдаар 1 удаа, хууль зүйн сайдаар 3 удаа томилогдсон нийт 28 жил тасралтгүй УИХ-ын гишүүн, 12 жил хууль зүйн сайд, 2 жил дэд сайдаар ажиллаж байсан тэрбээр өмнө нь ямар нэг сэдвээр нийтлэл бичиж байсныг санахгүй юм. Н.Алтанхуяг “шударга бусын хонгил” нэртэй ном гаргаж тарааж байгаатай зэрэгцээд “хонгил” нэрний зохиогчийн эрхийг булаацалдсан уу? Эсвэл үнэхээр хонгил гээч юмыг жинхнээсээ жигшиж бичихээс өөр аргагүй байдалд орсон уу? бөө мэд ямартай ч нийтлэл бичих нь бичжээ.

   Нийтлэлийн гарчгийг уншвал түүний хууль зүйн сайдаар ажилласан он жилүүдийн тайлан ч юм шиг. Угаас 14 жил хуулийн вант улсын эзэн байсан түүний талбайд Ц.Элбэгдорж зөвшөөрөлгүй хонгил барьсан гэж бодохоор нэг л үнэмшилгүй. Нэг бол Ц.Нямдорж хонгилыг барилцсан гол барилгачин, эсвэл хонгил барьж байгааг мэдсээр байж амаа хамхиж явсан талбайн манаач. Түүнийг хууль зүйн сайдаар ажиллаж байх үед Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал харин ч муу байсан. Монгол Улс шоронжсон эрүүгийн хуультай, Вишинскийн цалхаан цээрлүүлэх мөрдөн байцаалттай гэж Х.Тэмүүжин мэтийн хуульчид байнга хэлж ярьж байв. Энэ үед олон хүн эрүүдэн шүүсэн, хэлмэгдсэн, хорих ангид амиа алдсан хэрэг гарч байхад тэр хаана ч байсан юм бэ гэж Прокурор асан Г.Эрдэнэбат шоронд явахынхаа өмнөх өдөр ярьсан билээ.

   С.Зоригийн хэргээр прокурор Г.Эрдэнэбат нээлттэй мэтгэлзэе гэхэд Ц.Нямдорж сайд ирээгүй. Хэргийг бүхэлд нь ил болгоод өгөөч гэж Б.Хурц, Г.Эрдэнэбат нар бүтэн хоёр жил хөөцөлдсөн боловч яагаад ч юм зөвхөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг өмгөөлөх талын бичлэгүүдийг хэсэгчлэн ил болгоод бусдыг нь нууц хэвээр байлгаад байлаа. Эцэст нь Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг шүүхээр тасалж баримт сэлтээ тайлбарлах боломжгүй болсны яг маргааш нь Засгийн газар С.Зоригийн хэргийг нууцаас гаргах тогтоолыг баталсан. Гэхдээ өнөөг хүртэл 14 мянган хуудастай гэх тэр материал хаана ч ил болоогүй байна. Яллах талын баримтыг ярьвал нууц задалсан хэргээр зуултанд орно гэж Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын өмгөөлөгчид нь айсан хэвээрээ. Тэгсэн атал Ц.Нямдорж сайд маань хэргийн хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг, тайлбар, үйл явдлуудыг өөрийн дураараа сонин хэвлэлээр бичих ажээ.

   Г.Эрдэнэбат прокурор “энэ хэргийн нотлох баримтаас устах вий гэхээс айж байна гэж хэлсэнд анхаарахгүй байхын аргагүй. Эрүү шүүлт болсон нь ил болсон. Үүнийг зөвтгөх аргагүй хариуцлагаа хүлээнэ. Гэхдээ ингэлээ гээд бусад баримтууд үгүйсгэгдэхгүй, яагаад зөвхөн Б.Содномдаржаа руу Ц.Амгаланбаатарын явуулсан мессежүүдийг үзүүлээд Б.Содномдаржаагаас Ц.Амгаланбаатарт явуулсан хариуг үзүүлэхгүй байгаа юм бэ? төрийн 3 өндөрлөг энэ хэргийг бүхэлд нь уншсан юу ч ярьдаггүй” гэх мэтээр маш ноцтой зүйлүүдийг ярьсан. Өнөөдрийг хүртэл яг эдгээр асуулт тус бүрт үндэстэй баримттай хариу тайлбар алга.  Энэ сэдвийг түр орхиод Ц.Нямдоржийн нийтлэлд анхаарлаа хандуулья.

/О.Баасанхүү: Ц.Амгаланбаатарын мессежийг бүгд мэднэ Б.Содномдаржаа ямар хариу явуулаад байсныг хармаар байна/

   Бүтэн хоёр нүүр нийтлэлд нь шинэ баримт, сэлт их байгаа гэж аазгай хөдөлсөн олон уншигч байсан болов уу. Гэтэл өнөөх нь МАН-ын хэдэн сэтгүүлчдээ тойруулж суулгачихаад завжилдаг юмнуудаа нэгт нэгэнгүй бичжээ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болоод Б.Хурцыг томилсон. Г.Эрдэнэбат прокурорыг Х.Тэмүүжин оруулж ирсэн. Ц.Амгаланбааатар, Б.Содномдаржаа руу мессеж бичдэг байсан. Шүүгчдийг төрийн шагналаар шагнасан Ц.Элбэгдорж өөрөө шагналыг нь зүүж өгсөн л гэнэ. Ц.Элбэгдорж, Б.Хурц, Г.Эрдэнэбат болон зарим шүүгдчийн хоорондын учир хамаарлын талаар өнөөх л ярьдаг зүйлүүдээ бичсэн болохоос хэрэгтэй холбоотой час хийсэн нотлох баримт гээд байх зүйлийг огт шинээр дурдсангүй. Харин Ц.Нямдоржийн бичсэн зүйл дотор гурван анхаарал татах зүйл байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй.

  Тэрээр нийтлэлдээ Э.Бат-Үүл гэж нэрийг 32 удаа дурьджээ. Тодруулбал Ц.Амгаланбаатар Э.Бат-Үүлээс мөнгө авсан, Э.Бат-Үүл эхнэрийг нь амьд үлдээ гэж хэлсэн, Э.Бат-Үүл хаалга тайлж өгсөн зэрэг мэдүүлэг өгсөн байхад яллагдагчаар татаад шалгасан хэрнээ удахгүй хаачихсан нь хачирхалтай гэв. Э.Бат-Үүлийгээ хардаад байгаа юм уу? Гэтэл Ш.Отгонбилэг, Э.Бат-Үүл нар 16-тай банди явуулж хүн алуулах тэнэгүүд биш л гэнэ. Нэг тийм мессеж Э.Бат-Үүлд өгөөд байгаа юм уу? Эсвэл дараа нь хүн гүтгэсэн хэрэгт орчихно гээд бөөрөнхийлөөд байгаа юм уу ямартай 32 удаа нэрийг нь дурьджээ.

   Хоёрдугаарт Ц.Нямдорж энэ хэргийг анхнаас нь буруу шалгасан Б.Булганыг гарцаагүй хорьж шалгах ёстой байсан гэж байр сууриа илэрхийлсэн байна. Тэгэхээр энэ хүнд анхнаасаа уг хэргийн талаар сэжүүр байсан, эсвэл Б.Булганыг гарцаагүй хорьж шалгах ямар нэг тодорхой шалтгааныг мэдэж байна гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлэв.

   Гуравдугаарт Ц.Нямдорж “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар алуурчид биш” гэж хэлээд байгаа. Үүнийгээ ч нийтлэлдээ тодорхой бичсэн байна. Ц.Амгаланбаатарыг дандаа хуурамчаар хэрэг хүлээдэг гэж Ц.Нямдорж ч хэлсэн, прокурор асан Г.Эрдэнэбат ч хэлсэн. Гэсэн атлаа Ц.Нямдорж Ц.Амгаланбаатарыг С.Зоригийн амийг бүрэлгэсэн алуурчин биш гэж огт ярихгүй байгаа. Ийм сэжүүр, шалгах логик үндэслэлүүд байхад манай хууль хяналтын байгууллага яагаад хөдлөхгүй байна гэдэг нь нэн сонирхолтой. Ялангуяа Э.Бат-Үүл энэ хэргийн талаар ганц ч үг ган хийхгүй байгаа нь хачин. Ямартай ч хэргийн хүрээ улам хумигдаж Ц.Нямдорж, Э.Бат-Үүл гэсэн хүмүүстэй тодорхой учир зангилаа холбогдоод эхэллээ. Тэдний аль алийг нь л шалгамаар л юм.

Жич: Өдрийн сонины хоёр нүүр талбай 2.4 сая төгрөгийн үнэлгээтэй юм билээ.

О.Цагираг

Ерөнхийлөгч Х.Баттулга: НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн комиссын чуулганд мэндчилгээ дэвшүүллээ
Ерөнхийлөгч Х.Баттулга: НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн комиссын чуулганд мэндчилгээ дэвшүүллээ
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.