Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр цахимаар зохион байгуулагдаж буй НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн комиссын 77 дугаар чуулганы нээлтэд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:
“Ноён чуулганы дарга аа,
Хатагтай Гүйцэтгэх нарийн бичгийн дарга аа,
Хүндэт төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
Цахим хэлбэрээр зохион байгуулагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн комиссын 77 дугаар чуулганы нээлтэд мэндчилгээ дэвшүүлэх завшаан тохиосонд баяртай байна.
КОВИД-19 цар тахлын улмаас үүссэн нийгэм, эдийн засгийн хямралыг даван туулахад чиглэсэн бодлого боловсруулах, энэ чиглэлийн нийтлэг зорилтыг тодорхойлоход тус чуулган хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.
Цар тахал Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш түүхэнд хамгийн ноцтой нийгэм, эдийн засгийн хямралыг авчирлаа. Энэ хямрал хэзээ дуусаж, улс орнууд нийгэм, эдийн засгаа сэргээж, хүн төрөлхтөн “шинэ хэвийн нөхцөл”-д дасан зохицох нь тодорхойгүй хэвээр. Улс бүр хямралыг даван туулах алхмуудыг шат дараатай хийсээр байгаа ч хамтын хүчээр хямралыг даван туулах, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухлаар шаардагдаж байна.
Цар тахлын эсрэг вакцинжуулалт, иргэдээ дархлаажуулах явцыг хурдтай, үр дүнтэй хийх нь хэвийн амьдралд шилжих гол шийдэл юм. Вакцины тэгш хуваарилалт, хүртээмжтэй байдлыг хангах нь хямралыг хамтдаа даван туулах хамгийн үр дүнтэй гарц шүү. Хүн бүр аюулгүй болсон цагт л бүгд аюулгүй болно.
Ноён дарга аа,
Цар тахлын үеэр дийлэнх Засгийн газраас явуулж буй нийгмийн халамжийн бодлого эдийн засгийг сэргээхэд хүндрэл бэрхшээл болох нь тодорхой байна. Хямралыг амжилттай даван туулж, эдийн засгаа сэргээх явцыг хүн төвтэй хөгжлийн бодлоготой уялдуулж, тулгарсан асуудлыг шийдвэрлэх гаргалгааг “том зургаар” авч үзэх нь чухал юм.
Та бидний мэддэг эдийн засгийн тогтолцооны талаарх үзэл бодол, тэр дундаа өсөлтөд суурилсан эдийн засгийн тухай ойлголтыг өөрчлөхийг өнөөгийн нөхцөл байдал шаардаж байна. Цаашид хөгжиж байгаа болон хөгжингүй улсын ялгаа улам холдож, өрийн хэмжээ улам нэмэгдэх төлөвтэй байна.
Мөн тогтвортой хөгжил, тээврийн харилцаа, шударга нийгмийн тогтолцоо, хүртээмжтэй эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ зэрэг асуудлыг шийдвэрлэх нь удаашрах, саарах хандлагатай болж байна.
Иймээс олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, хүний хөгжил, амьжиргааны стандартыг дээшлүүлэхэд чиглэсэн, мөн байгаль орчны тогтвортой байдлыг хангасан урт хугацааны нэгдмэл бодлого боловсруулах нь чухал болжээ. Энэхүү нэгдмэл бодлогыг бид өөрчлөлт хийх дохио, шинэ нөхцөл байдал руу хөтлөх боломж гэж үзэж, асуудлыг цогцоор авч үзэх, шийдвэрлэхэд түлхэц өгнө хэмээн хүлээж байна.
Далайд гарцгүй Монгол Улсын хувьд дэд бүтэц, эрчим хүч, тээвэр нь хөгжлийн тулгуур асуудал юм. Тэр ч утгаараа Зүүн хойд Азийн орнуудын цахилгаан эрчим хүчний зохистой хэрэглээ, хуваарилалтыг шийдэх эрчим хүчний супер сүлжээ байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх саналыг дэвшүүлээд байгаа.
Сэргээгдэх эрчим хүчний баялаг ихтэй Зүүн хойд Азийн бүс нутагт энэхүү төслийг хэрэгжүүлснээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлээд зогсохгүй байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд дорвитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Эцэст нь хэлэхэд Ази, Номхон далайг хамтын хүчээр дэлхийд тэргүүлэх хөгжилтэй, хямралыг даван гарах чадвартай болгон бүтээх үйл хэрэг бодитоор биелнэ гэдэгт итгэлтэй байна.
Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.
Цар тахлын улмаас цахим хэлбэрээр болж буй энэ удаагийн чуулган нь “Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар хямралыг даван туулах нь” сэдвийн дор зохион байгуулагдаж буй бөгөөд тус сэдвийн хүрээнд “Нийгмийн хамгааллын тогтолцоог өргөжүүлэх”; “Тогтвортой эдийн засгийг сэргээн босгоход хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх”; “Харилцаа холбоог бэхжүүлж, нийлүүлэлтийн гинжин холбоог өргөжүүлэх”; “Байгаль орчны хамгааллыг сайжруулах” зэрэг үндсэн дөрвөн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Эдгээр хэлэлцүүлгийн дараа Ази, Номхон далайн бүс нутаг дахь цар тахлын нийгэм-эдийн засгийн сөрөг нөлөөллийн талаар төлөөлөгчид дүгнэлт өгч, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хямралаас хэрхэн гарах арга зам, бодлогын асуудлаар зөвлөмж гаргана.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба