Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэг хувийн босго

Ангилал
Улс төр
Огноо
Унших
20 минут 55 секунд

"Улаанбаатар ньюс" сайттай хамтран ажиллагч "Бодлогод залуусын хяналт" ТББ-аас зохион байгуулсан "Улс төрийн намын тухай хуулиа шинэчилье" цахим нийтлэлийн уралдааны шилдэг нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна.

 

“Хонх”-ын С.Цогтсайхан агсан гэхээр монголчууд андахгүй мэдэх биз ээ. Харьцангуй залуусын хувьд энэ нэр танил биш байж болох ч 1990 оны Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын амьд гэрчүүдийн хувьд тэр бол “Ардчиллын дууч” нь байсан юм. Тэр “Хонхны дуу”-гаа дуулахын сацуу нийгмийг соён гэгээрүүлсэн, нийтэд хүртээлтэй олон сэдвийг хөндөн бичсэн чадварлаг нийтлэлч байлаа. Нэгэнтээ “801-үүлээ нийлж нам болж тоглох уу” хэмээн тэр бичсэн нь улс төрийн намын гишүүнчлэлийн тоо хэтэрхий намхан босготой байна гэж хөндөж байсан. Түүний сануулж байсанчлан 3 сая хүнтэй Монгол Улсад өнөөдөр 36 нам улс төрийн үйл ажиллагаа явуулж байна. Харамсалтай нь энэ бүх нам жинхэнэ агуулгаараа засгийн эрхийн төлөө өрсөлдөж, улсын хэмжээний бодлого боловсруулдаг институц болон төлөвшиж, улс төрөө хийсэн шиг хийж чаддаг болов уу?

Хариулт янз бүр. Эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлсэн хүмүүсийг буруутгаж болохгүй ч 801 хүний гарын үсэг цуглуулаад намынхаа тамгыг халаасалчихаад “наймаа” хийгээд явж байгаа хүн цөөнгүй бий нь үнэн юм. Улс төрд үзэл бодлоо уралдуулахын оронд өөрийнхөө намын итгэл үнэмшлийг худалдаж хөрөнгөжсөн жишээ сонгууль болгоноор гардаг нь нууц биш юм. Шуудхандаа намаа үнэлсэн тохиолдол Монголд олон гардаг.

Тэгэхээр улс төрийн намуудын харилцааг зохицуулж буй хууль эрх зүйн орчин хэт өрөөсгөл агаад ядаж нам үүсгэн байгуулахад тавигдах шаардлагыг өөрчлөх хэрэгцээ байсан уу гэвэл байсан. Гэхдээ бид энэ харилцааг шинэчлэн зохицуулж байна гээд “Жоомоо алах гээд байшингаа шатаадаг”-ын үлгэр болж болохгүй байсан. Үүний тухай л энэ удаад хөндөх гэсэн юм.

ШИНЭ ДУГУЙ ЗОХИОСОН НЬ

1992 оны шинэ гэх тодотголтой Үндсэн хуульд УИХ хоёр дахь удаагаа өөрчлөлт оруулсан нь энэ оны тавдугаар сараас хэрэгжиж эхэллээ. Өмнө нь 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг “Дордуулсан долоо” гэж нийтээрээ нэрийддэг бол энэ удаагийнх ямар нэр хоч зүүх нь одоогоор тодорхой бус байна. Дэлхий нийтээр тархсан цар тахал нийгмийн харилцааг хумьж, улс төр гэхээс илүү эдийн засгийн хувьд амьд үлдэхийн төлөө тэмцэлд монголчууд орчихлоо. Тиймээс ч Үндсэн хуулийн өөрчлөлт тойрсон харилцаа хойш шидэгдэж, хоймроос холдсон нь бодит үнэн. Түүний нэг нь Улс төрийн намуудын тухай хууль юм. Гэхдээ энэ нь улс төрийн намуудын харилцааг зохицуулах зохицуулалт огт байхгүй гэсэн үг огтоос биш. Харинч маш аюултай нөхцөл байдал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй хамт ирчихээд байна.

Түрүүчийн парламентын баталж, энэ оноос эхэлж хэрэгжсэн Үндсэн хуульд нэгэн шинэ ойлголт суусан нь улс төрийн намын зорилго, байгуулахад тавих шаардлага, зарчмын тухай гурван заалт юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс түүхэндээ анх удаа улс төрийн намтай холбоотой зохицуулалтыг нарийн суулгаж өглөө. Өмнө нь Улс төрийн намын тухай хуулиар зохицуулдаг байсан харилцааг Үндсэн хуулийн  191-т оруулж ирлээ. Тэнд юу гэж заасныг үг нэг бүрчлэн танилцуулбал ийм байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүхэлд нь батлах санал хураалтын үеийн зураг.
Зургийг parliament.mn 

“Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн 1 хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна”               (Монгол Улсын Үндсэн хуулийн  191.2)
 

 

Эндээс л шинэ дугуй зохиож буй тухай санаа гарч байгаа юм. Бидний даган дуурайж ирсэн, заримдаа бараг шууд хуулийг нь хуулж ирсэн улс орнууд Үндсэн хуульдаа улс төрийн намын харилцааг шууд тодорхой зааж өгсөн нь бараг байдаггүй ажээ. Улс орнууд Ш.Л.Монтескьегийн Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх гэсэн эрх мэдлийн гурван институцыг Үндсэн хуульд тусгаж өгөхөөс биш “Улс төрийн нам”-ын тухай Үндсэн хуульдаа хэр бараг бичээд байдаггүй. Манай 1992 оны Үндсэн хууль ч тийм байсан.

Ардчиллын өлгий гэгддэг Америк, арлын Япон улс, хууль зүйн шинжлэх ухааны нэг эх үүсвэр гэгддэг Франц зэрэг удаан хугацаанд өөрчлөлт ороогүй хамгийн бат бэх гэгддэг орнуудын Үндсэн хуулиудад ч “Улс төрийн намын” тухай тусгаагүй. Япон улсын тухайд бүр ямар ч гишүүдийн гарын үсэг цуглуулах шаардлага тавьдаггүй. Дунд сургуулийн сурах бичиг дээр нь “Нам гэдэг бол ашгийн бус байгууллага тул хэн ч хэзээ ч байгуулж болно” гэж бичээстэй, хойч үеэ ийм философиор угжаад явж байна. Харин ХБНГУ-ын “Basic Law”-ийн 21 дүгээр зүйлд л намын тухай ойлголт байдаг ч арай ч манай Үндсэн хууль шиг “Нэг хувь” гэсэн босго  байдаггүй аж. Нэг ёсондоо Улс төрийн намын тухай хуулиар л зохицуулдаг байсан харилцааг Үндсэн хууль гэх ерөнхий, суурь хуульдаа оруулчихсан болохоор бараг л “Шинэ дугуй зохиов” гэж ёжилсон хэрэг.

ЭРХЭЭ ЭДЛЭХ БОСГО ӨНДӨРСӨВ

“Юун ч эмзэг юм, ердөө нэгхэн хувь ш дээ” гэж Та бодож байна уу? Тэгвэл үгүй юм аа. Өмнө нь 801 хүн нам байгуулж болдог байсан бол нэг хувийн босго гэдэг нийт хүн амтайгаа харьцуулбал 26 дахин өндөрссөн гэсэн юм. Энгийн математик л даа. Монгол Улс одоо 3.3 сая хүн амтай. Үүнээс сонгуулийн насны иргэдийн тоо 2.1 сая. Эндээс нэг хувиа бодоход 21150 иргэн нэгдэж байж Улс төрийн нам байгуулж болох нь. Одоо байгаа 36 намд хугацаатай үүрэг өгч, гишүүнчлэлийнхээ тоог 26 дахин өсгөж чадахгүй бол татан буугдахаас өөр сонголт үлдэхгүй болж таарлаа. Гэтэл өнөөдөр халаасанд, цүнхэнд тамга нь явдаг намууд мэр сэр байдаг ч үнэндээ бүгд тийм үү гэвэл бас үгүй. Эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж нам байгуулсан хүмүүст 21150 гишүүнтэй болох хүндхэн даалгавар тулж ирлээ шүү дээ.

Улсын дээд шүүхийн бүртгэлээс харвал МАН, АН, МАХН, ИЗНН л 35000 болон түүнээс дээш гишүүнтэй гэж бүртгүүлжээ. Одоо парламентад суудалтай байгаа ХҮН нам гэхэд л ердөө 1024 гишүүнтэй гэдгээ бүртгүүлсэн байх юм. Ингээд бодохоор улс төрийн нам  байгуулах босго нь хэт өндөр болжээ.  801 иргэн нам байгуулж болдог байсныг 26 дахин өндөр босготой болгосноор Үндсэн хуулийн 16.10-р олгогдсон иргэдийн эвлэлдэн нэгдэх үндсэн эрх үгүй болох юм биш биз!!!

БЭРС БОЛОХГҮЙ ХҮҮ

Улс төрийг шатартай зүйрлэх нь бий. Улстөрчид ч шатар тоглох нь элбэг. Байс гээд л парламентын ойн хүрээнд шатрын тэмцээн зохион байгуулж, улстөрчид өрсөлдөнө. Үнэндээ тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монголын улс төрийн шатрын өрөг дээр хоёрхон нам үлдэх юм биш биз. Угаасаа ч бодит байдал ийм л байгаа л даа. 1992 оноос хойш энэ хоёр нам ээлжилж засгийн эрх барьсан, эсвэл хамтдаа Монгол Улсад засагласан. Борооны дараахь мөөг шиг олширсон улс төрийн бусад намууд, үзэл бодлын өөр дуу хоолой Ардчилсан гэх Монгол Улсад үнэндээ бараг сонсогдоогүй нь үнэн. Бодит байдал ийм байхад улс төрийн намуудыг улам боомилох цаад шалтгаан юу байв?  

Хууль санаачилж, хууль баталсан улстөрчид хоёр л шалтгааныг хэлж байна. Шатраар бол ноён тэрэг хоёрыг сэлгэдэг шиг, Улс төрийн намыг Үндсэн хуулийн институц руу, Намын тухай хуулийг органик хууль руу давшуулсны учрыг дараахь байдлаар тайлбарлаж байгаа юм.

Нэгд, Үндсэн хуулийн 191.1-т тусгаснаар намыг улсын хэмжээний бодлого дэвшүүлдэг институц болгох

Хоёрт, Манай улсад одоогийн байдлаар 36 улс төрийн нам үйл ажиллагаа явуулж байгаа нь 3 сая хүн амыг төлөөлөхөд арай л олон байна.

Гэтэл үнэхээр бодит байдал ийм гэж үү. Энгийн нүдээр харахад Үндсэн хуулийг баталсан улстөрчдийн зөв ч юм шиг. Гэвч цаад шалтгааныг нь ухаж үзвэл өөр дүр зураг Танд бууж мэдэх юм. Хоёр шалтгаан тус бүр дээр нэг, нэг санаа дэвшүүлье л дээ.

Нэгдүгээр шалтгааны хүрээнд, Монгол Улсад 1990 оноос хойш нийт 567 хөгжлийн бодлогын баримт бичиг батлагдсанаас өнөөгийн байдлаар 203 нь хүчин төгөлдөр үйлчилж, 68 нь хүчингүй, 294 нь хуулийн хугацаа дуусгавар болж, гурав нь хэрэгжилгүй орхигдсон байдаг. 30 жилийн дотор 567 бодлогын баримт бичиг гэдэг манай улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтворгүйг илтгэнэ. Тогтвортой хэрэгждэг хөгжлийн бодлоготой болохын тулд улсын хэмжээний бодлого боловсруулдаг институц хэрэгтэй. Улс төрийн нам нь тэр бодлогын институц болон төлөвшөөсэй гэсэндээ Үндсэн хуулиндаа оруулж ирсэн гэж тайлбарладаг. Гэвч үнэндээ Үндсэн хуульд л биччих юм бол биелчих юм шиг санаагүй баймаар. Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлттэй холбоотойгоор шинэчлэн найруулах бусад хуулиуддаа ч анхаарал болгоомжтой хандахгүй бол болохгүй гэдгээ хэн хүнгүй мэдэж байгаа нь дамжиггүй.

Хоёрдугаар шалтгааны хүрээнд, Монголд улс төрийн нам их байна гээд Үндсэн хуулийн 191.2-д сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн нам байгуулж болохоор заалт оруулсан нь балагтай юм болсон байх магадлалтай. Одоогийн хэрэгжиж байгаа 2005 оны Намын тухай хуулийн 9.3.7-д зааснаар намыг 801-ээс дээш сонгуулийн эрх бүхий иргэн байгуулж ирсэн. Нам үүсгэн байгуулах нь жирийн нэг хуулийн этгээд үүсгэн байгуулахаас их шат дамжлага, шүүлтүүртэй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагууд дээр Намын тухай хуулийн шаардлагуудыг биелүүлээд, Улсын дээд шүүхийн босго давж байж, улсын бүртгэлийн гэрчилгээ авдаг. Гэтэл босгыг улам өндөрсгөж олон тооны иргэний регистр, гэрийн хаяг зэрэг мэдээллийг цуглуулахгүй бол болохгүй болгов.

Энэ хоёр бол байж болох энгийн л шалтгаанууд. Гэхдээ хамгийн гол шалтгаан нь юу юм бэ? Үүнийг асуухын тулд нэг асуултыг хууль санаачилж, баталсан гишүүдээс асуумаар байна. “801 гишүүнтэй улс төрийн намууд Монголд яг ямар гай тарьчихсан юм бэ?!”. Яагаад ингэж асууж байна гэвэл Монголын 36 намаас ердөө хоёр нь л засгийн эрхийг барьж байсныг дээр өгүүлсэн. Зарим тохиолдолд ганц нэг сайдын суудалд гаднаас жижиг намууд очиж байснаас бүхэлдээ улс орныг удирдсан түүх үгүй. Тэр олон намууд үнэндээ шатрын өрөг дээр хүү л байсан. Хэзээ ч бэрс гарч үзээгүй. Одоо бол үзэх ч үгүй болчих шиг боллоо.

НЭН ШИНЭ ТҮҮХИЙН ЭХЛЭЛ

Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн босгыг өндөрсгөсөн түүх ингэж эхэлсэн юм. 2019 оны зургадугаар сарын 14-нд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд энэ “Нэг хувийн заалт” байгаагүй билээ. 191 гэх шинэ зүйл нь хоёр заалтаас бүрдэх бөгөөд

1.Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.

2.Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх сурвалж болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно гэсэн л агуулгатай байсан.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын мэдүүлсэн төсөлд уг “Нэг хувийн заалт” нь улам өндөр босготой буюу “50001 сонгуулийн эрх бүхий иргэн” эвлэлдэн нэгдэж байж улс төрийн нам үүсгэн байгуулж болохоор бичигдсэн байв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг улстөрчид, эрдэмтэн судлаачид тал талаас нь хэлэлцэх явцад 50001 гэсэн нь нэг хувь болсон байдаг. Ингэж л уг “Нэг хувийн босго”-той заалт мэндэлсэн.

“Пөөх, Монголд 34 улс төрийн нам байдаг гэнэ үү” “Ямар их юм бэ?” гэж цуурсан мэдээнд энэ заалт яах гэж орж ирсэн, оруулж ирсний ач холбогдол, хор хөнөөл, цаашдын аюулын тухай яриа дарагдаж өнгөрсөн нь харамсалтай. Нам байгуулахад өндөр босго тогтоочихвол улс төрийн нам бодлогын институц болж төлөвшинө гэсэн логик хүн бүрт ойлгомжтой байсан уу гэвэл бас тийм байгаагүй.

УРАГШЛАХ БУС, УХРАВ УУ?

Оготнын хамраас ч цус урсгалгүй хийж чаддаг гэсэн ардчилсан хувьсгалын амин сүнс үгүй болох вий гэсэн болгоомжлол олон хүнд байна. Энэ хувьсгалын үр дүнд баталсан 1992 оны шинэ Үндсэн хуулийн нэг амин сүнс нь ОЛОН НАМЫН ТОГТОЛЦОО байсан юм. Цагаан дээр хараар бичсэн хуулийн энэ заалтын дагуу л олон намууд байгуулагдаж, одоо ч үйл ажиллагаагаа явуулж байна. Гэвч бодит амьдрал дээр хоёр нам л ээлжилж эрх мэдлийг гартаа атгаж ирсэн бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр олон намын тогтолцоо улам хумигдах нөхцөл байдал үүслээ. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явагдаж, нийт оролцогчдын 49.4 хувь нь нийгмийн бүх харилцаанд хоёр намын нөлөө хэт их байна гэж үзэж байв. Нөлөө ихтэй том намын гишүүн байх уу? Үзэл баримтлал нэг боловч шинээр байгуулагдах намын гишүүн болох уу? гэх хүндхэн сонголтын голд иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг аваачжээ.

Мөн нэг иргэн нэг намын харьяалалтай байх зарчимтай тул өөрийн намд хүн элсүүлж, намаа улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд иргэдэд улс төрийн нам амлалт өгдөг, мөнгө төлдөг механизм руу шилжихийг ч үгүйсгэхгүй. Ингээд ирвэл Үндсэн хуулийн 16.10-т заасан сайн дураар эвлэлдэн нэгдэх Үндсэн эрх мөнгө, албан тушаалтай бартерлагддаг болох магадлалтай. Улс төрийн намууд улсын хэмжээний бодлого дэвшүүлэх нь байтугай хэрхэн яаж гишүүн элсүүлэх тухай, гишүүдээ алдахгүйн тулд ямар шагнал, урамшуулал явуулах тухай л бодчихдог болчих вий. Ингээд бодохоор Үндсэн хуулийн 191.2 заалт улс төрийн намын босгыг өндөрсгөөгүй эвлэлдэн нэгдэх эрхийн босгыг өндөрсгөчихжээ.

ЭРСДЭЛЭЭС ТОЙРОХ СҮҮЛЧИЙН БОЛОМЖ...

Үндсэн хууль гэж нийгмийн суурь харилцааг зохицуулдаг хамгийн ерөнхий хууль. Байшингаар хэлбэл фундам гэж дунд сургуулийн сурагч ч төвөггүйхэн хариулна. Харин Үндсэн хуулиас бусад ихэнх хуулиудыг материаллаг хууль гэж хууль зүйн шинжлэх ухаанд нэрийддэг. Намын тухай хууль ч мөн адил нарийвчилсан зохицуулалт тусгаж болохоор материаллаг хууль байлаа. Байлаа гэхийн учир нь одоохондоо хэрэгжиж байгаа 2005 оны Намын тухай хууль нь саяны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд материаллаг гэх тодотголоосоо илүү “органик хууль” болон өөрчлөгдөх болохоор тэр юм. Органик хууль гэдэг нь Үндсэн хуульд тусгагдсан харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийг хэлдэг. Тэгэхээр манай улс энэ нэмэлт, өөрчлөлтөөрөө улс төрийн намын тухай Үндсэн хуульдаа оруулан намыг Үндсэн хуулийн институц болгож байгаа тул Намын тухай хууль ч дагаад органик хууль гэх тодотголтой болохоор болж байна.

Дээр дурдагдсан Үндсэн хууль буюу суурь хууль, материаллаг хууль, органик хууль гэж ангилахдаа хуулийн зүйл заалтыг өөрчлөхөд амархан, эсвэл хэцүү гэх чанарын тухай бас авч үздэг. Жишээлбэл, 1992 оны Үндсэн хуулиа өөрчлөх гэж гурван Улсын Их Хурал дамнан хэлэлцэж, түдгэлзүүлж байж сая нэг юм хүний олноор өөрчилж авсныг харж байгаа байх. Тэгэхээр Үндсэн хууль бол дуртай үедээ гар хүрээд байж чаддаггүй, болдог ч үгүй нийгмийн зөвшилцөл шаардсан хууль байдаг байх нь. Органик хууль бол Үндсэн хуулийн дараа орох өөрчлөхөд хэцүү хууль юм. Харин материаллаг хууль бол өөрчлөхөд хамгийн амар хууль гэж ойлгож болно.

Гэтэл улс төрийн нам тойрсон маш олон эрсдэл дагуулж мэдэх өөрчлөлтийг тийм өөрчлөхөд хэцүү Үндсэн хуульдаа оруулчихсан нь байшингийн “фундам”-нд цонхны хүрээ хийгээд цутгачихсантай л адил зүйл боллоо. Нэгэнт цутгахаа цутгачихсан юм хойно цаашид шинэчлэгдэн найруулагдах органик хуулиудаараа тэр цонхны хүрээг яаж орлуулахад л анхаарлаа хандуулцгаая даа.

Б.Соёл-Эрдэнэ

 

 

ТАНИЛЦ: МОНГОЛРОСЦВЕТМЕТ ТӨҮГ ШИЛЭН ДАНСАА ХЭР ХӨТӨЛДӨГ ВЭ?
ТАНИЛЦ: МОНГОЛРОСЦВЕТМЕТ ТӨҮГ ШИЛЭН ДАНСАА ХЭР ХӨТӨЛДӨГ ВЭ?
 
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.