БНАСАУ-ын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Цой Сон Хи гуравдугаар сарын 17-нд дараах мэдэгдлийг хийжээ.
Хоёрдугаар сарын эхний хагасаас АНУ бидэнтэй янз бүрийн шугамаар холбоо тогтоохыг оролдсон. Сүүлийн өдрүүдэд АНУ янз бүрийн сувгаар дамжуулан цахим шуудан илгээхээс гадна утсаар зурвас илгээж бидэнтэй холбоо тогтоохыг хүссэн. Түүнчлэн хамтарсан цэргийн сургууль явуулахын өмнөх орой бидэнтэй холбоо тогтоохыг хүссэн зурвасыг дахин илгээсэн.
Гэсэн ч бид цаг хожихын тулд АНУ-ын арга мэхэнд дахин автах шаардлагагүй гэж үзэж байна. БНАСАУ-д чиглэсэн дайсагнасан бодлогоосоо АНУ татгалзахгүй бол Солонгос, Америкийн яриа хэлэлцээг хийхгүй гэсэн байр сууриа бид хэдийнээ илэрхийлсэн. Иймд АНУ-ын холбоо тогтоох оролдлогыг бид цаашид ч үл тоомсорлоно. Цаашид яриа хэлэлцээ хийхийн тулд эрх тэгш харилцаан дээр тулгуурлан яриа хэлэлцээ хийх, санал бодлоо солилцох уур амьсгалыг бүрдүүлэх ёстой. АНУ-ын засаг захиргаа солигдсоны дараа ч БНАСАУ-ын зүгээс учрах аюул заналхийлэл болон цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах тухай утгагүй, бодлогогүй үгс сонсогдсоор байна.
АНУ-ын цэргийн байгууллага нууцаар цэргийн аюул заналхийлэл учруулсаар байгаа бөгөөд бидний эсрэг тагнуулын ажиллагаа явуулж байна. Улс орон дотроо болон гаднаа санаа зовниж буйгаа нэгэн дуугаар илэрхийлэвч бидэнд чиглэсэн хамтарсан цэргийн сургуулиа нээлттэй эхлүүлсэн. Тэд биднийг цөхрөлтгүй гүтгэж, биднээс өө сэв хайх зуршлаа хаяагүй бололтой. Бидэнтэй ядаж нэг удаа яриа хэлэлцээ хийнэ гэж найдаж байвал буруу зуршлаа хаяж, анхнаасаа хандлагаа өөрчлөх хэрэгтэй.
"Сингапур, Ханойд тохиож байсан шиг боломжийг бид дахин өгөхгүй гэдгээ тодорхой мэдэгдэж байна. АНУ-ын авах дуртай хориг арга хэмжээний хариуг өгөхөд бид бэлэн байна. БНАСАУ-ын эсрэг дайсагнасан бодлогоо үргэлжлүүлсээр байх аваас бидний юу хийхийг АНУ сайн тунгаан бодсон нь дээр болов уу. АНУ-тай бид “хүчийг хүчээр”, “сайныг сайнаар” хариулах зарчмаар хандана гэдгээ тодорхой мэдэгдсэн" хэмээн Цой Сон Хигийн мэдэгдэлд дурджээ.