Ардчилсан нам ирэх дөрөвдүгээр сарын 25-нд нийт гишүүдийнхээ дунд санал хураалт явуулж, шинэ даргаа сонгох болжээ.
Тус намын Дотоод сонгуулийн хороо хуралдан дээрх шийдвэр гаргасан байна. Ингэхдээ Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийг ирэх гуравдугаар сарын 15-наас эхлэн бүртгэх бол гуравдугаар сарын 25-наас сурталчилгаа хийнэ. Үндсэндээ сурталчилгаа нь сарын хугацаатай үргэлжилнэ гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, тус намын удирдлага бүх гишүүдийнхээ санал хураалтаар тодрох болж байна.
Цар тахлаас шалтгаалж, намын даргыг тодруулах сунгаа цахимаар зохион байгуулагдах аж.
Мөн орон гарсан мандатын суудлууд дээр Үндэсний бодлогын хорооны гишүүнийг нөхөн сонгох сонгууль ч зарлагдах аж. Бүртгэлийг маргааш эхлүүлэхээр болжээ.
Ардчилсан нам шинэ даргаа тодруулах сунгааг зарлах болсон тул Соёлын сайд асан Ц.Оюунгэрэл нэрээ дэвшүүлэн өрсөлдөхөө мөн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Тэрбээр “Ардчилсан намын даргын сунгаа товлон зарлагджээ. Бүртгүүлэх өдөр болоход очиж нэр дэвшихээ дахин илэрхийлнэ гэж бодож байгаа…” гэсэн байна.