Америкийн нэрт гольфчин Тайгер Вудс мягмар гарагт Калифорни муж улсын Лос-Анжелес хотод автомашинтай явж байхдаа осолджээ. Лос-Анжелес тойргийн цагдаа Алекс Вильянуэвагийн мэдээлснээр, Т.Вудсыг гал сөнөөгчид автомашинаас нь гаргажээ. Ослын улмаас түүний хоёр хөл хүнд гэмтсэн боловч амь насанд нь аюулгүй гэж үзэж байна.
Өдгөө 45 настай Т.Вудсын “Genesis GV80” загварын автомашины аюулгүйн дэр дэлгэгдсэн байснаас гадна тамирчин суудлын бүсээ зүүсэн байсан нь амь насыг нь аварсан байх төлөвтэй байна гэж А.Вильянуэва мэдээлжээ. Т.Вудс хөлөндөө мэс засал хийлгэж байгаа аж.
Дэлхийн мэргэжлийн гольфын томоохон тэмцээнүүдэд 15 удаа аваргалж байсан тамирчныг осол гарах үед хурдтай явж байсан гэж үзэж байгаа бөгөөд холбогдох албаны төлөөлөгчид мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.