Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пауэрлифтингийн 70 настай тамирчин Д.Намхайдорж

Ангилал
Улс төр
Огноо
Унших
22 минут 18 секунд

UBN.MN сайтын “Бидний нэг” булангийн онцлох зочин Д.Намхайдоржийн ярилцлагыг хүлээн авна уу.

Бэлтгэлээ хийж байгааг тань хараад үнэхээр их гайхлаа шүү. Та өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ? хоёулаа бэлтгэл сургуулилтынх нь тухай эхэлж яръя.

-Би долоо хоногт дөрвөн удаа тогтмол 2-3 цагаар хичээллэдэг. 15 жил хичээллэхдээ бэлтгэлээ огт тасалж байгаагүй. Бэлтгэл ер нь амжилтын эх үндэс. Бэлтгэлээ нэг хоног л хийхгүй бол өмнө гаргаж байсан хүч чадлаа бага багаар алдаж эхэлдэг. Тиймээс хүч чадлаа алдахгүй, хадгалахын тулд бэлтгэлээ таслахгүй байх нь чухал.  

Амжилт үзүүлээд байхгүй ч өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч энэ төрлийн спортоор хичээллэж хамт бэлтгэл хийдэг таньтай ойролцоо насны хүн байгаа юу?

-Байгаа. 57, 58-тай хүмүүс зөндөө байна. Тэрнээс арай доошоо ахмаддаа орох 40-өөд насныхан ч байна. Айхтар амжилт үзүүлээд, тэмцээн уралдаан гээд байхгүй ч  өөрсдийн эрүүл мэндэдээ анхаарч фитнесээр хичээллэдэг. Тэр тусмаа манай “Перфект боди” клубт намайг ирснээс хойш ахмадууд нэмэгдэж  ирэх болсон. Хамт нэг клубт хичээллэдэг хүмүүс “Таныг хараад өөрөөсөө ичлээ. Ийм насны хүн мэргэжлийн хэмжээний тамирчин болсон байхад би ч гэсэн өөртөө анхаарч эрүүл мэндээ бодох хэрэгтэй юм байна шүү” гэдэг.
Фитнесээс гадна тэр 85 настай гүйдэг Ц.Раднаа гуай ямар гайхалтай юм бээ. Үнэхээр бахархмаар шүү.Бас Т.Цэрэндолгор гээд хөнгөн атлетикийн 81 настай эмэгтэй байна. Түрүү жил гавъяатыг нь өгсөн.  Заавал бас фитнес гэлтгүй хүн спортоор хичээллэвэл олон давуу талтай шүү дээ. Өөрт арай ойр сэдвээр тайлбарлавал фитнесээр хичээллэхээр хүний бие хаа гоё болж, цусны эргэлт сайжирна, сэтгэл санаа өөдрөг урьдынхаасаа хөнгөн сэргэлэн эрч хүчтэй болдог.  

Тэтгэвэртээ гарчихаад 54 насандаа спортоор хичээллэхээр шийдэж байх үед  гэр бүл ойр дотнынхон нь хэрхэн хүлээж авч байсан бэ? Таны аюулгүй байдалд санаа зовсон сэтгэлээр хандаж эсэргүүцэж байв уу эсвэл?

-Би залуудаа 1967-1969 онд барилгын техникийн сургуульд ОХУ-руу яваад 1970 онд буюу 20 насандаа төгсөж ирсэн. Тэгээд ирснээсээ хойш сонгомол барилдаан, чөлөөт бөх, үндэсний бөх, хүндийн өргөлтөөр хичээллэсэн. Миний анхны багш спортын мастер С.Хөхөө гэж хүн байгаа. Анх надад хүндийн өргөлт гэдэг зүйлийг заасан.Би найман сар хичээллээд спортын дэд мастер болчихоод тэрнээс хойш амьдралаа хөөгөөд спортоосоо холдож жолооч болсон. Тэгээд тэтгэвэртээ гарчихаад залуудаа хийж амжаагүй, хийхийг хүссэн ч боломж гараагүй зүйлдээ эргэн хөл тавьсан. Тэр нь спорт.  Намайг залуудаа спортод хоббитой байсныг манай гэр бүлийн хүн сайн мэддэг. Амьдралын шаардлагаар спортоо орхисон болохоор миний өмнөөс харамсдаг юм шиг байгаа юм. 2004 онд энэ спортоор хичээллэх гээд шийдэж байх үед  эхнэр маань “залуудаа хийж чадаагүй юмаа одоо хийгээд үз” гээд миний хүсэл сонирхлыг их сонсож дэмжсэн. Хүүхдүүд маань ч тэр дэмжиж эрүүл мэндэд тань ч сайн гэж их сайхан хүлээж авсан. Гэргий маань миний ар талыг авч явдаг болохоор надад санаа зовох зүйл багатай тайван бэлтгэлээ хийх нөхцлийг бүрдүүлдэг.  Миний ар талд намайг үргэлж дэмждэг сайхан гэр бүлтэй.  

Залуудаа спортоос өөр зүйлийг сонирхож хобби болгож байв уу?

- Хойно орост байхад сонгомол барилдаан гэдэг төрөл их хөгжиж байсан. Сургуулиа төгсөөд монголдоо 1969 онд иртэл сонгомол барилдаан хөгжөөгүй байсан. Тийм болохоор сонгомол барилдаанаараа явж чадаагүй. Орост байхдаа сургуулийнхаа спандраар, гийрээр тэмцээнд орж сургуулийн аварга, хотын аварга болж байсан.  Спортоос өөр зүйл сонирхож байгаагүй юм байна шүү.

1975 он. Үндэсний бөхөөр хичээллэдэг байсан үе.

Ер нь бол залуугаасаа л спортод ээлтэй хүн байсан юм байна шүү дээ.

-Тийм шүү. Ер нь бол их спортлог талын хүн байсан. Гар барилдаан хийх дуртай, Төмөр өргөх хоббитой, тухайн үедээ өөртөө таарсан булчинлаг авъяастай байлаа. Тэгээд тэр авъяасыг нь манай таван хүүхэд бүгдээрээ тодорхой хэмжээгээр өвлөж авсан байх. Тэр тусмаа манай Баярмаа яг аавынхаа хүндийн өргөлтийн талыг аваад Монголын анхны хүндийн өргөлтийн гавъяат эмэгтэй тамирчин болж хоёр ч удаа олимпод улсаа төлөөлж оролцсон.

Та ОХУ-д барилгын техникийн сургуульд сурч байсан. Яаж явж байгаад жолооч болчихов?

-Би уг нь нимгэн төмрийн мэргэжилтэй. Байшингийн төмрөн дээвэр хийдэг гэсэн үг. Хойноос ирээд хэсэг спорт хөөнгөө аавынхаа тэргийг их барьдаг байсан. Манай аав хилийн цэрэгт насаараа жолооч хийсэн хүн. Тэгээд аав маань чи ер нь жолооч болсон нь дээр байх гээд 1972 онд жолооч болоод тэр чигээрээ л тээврийн жолооч хийсэн. 22 насандаа 0119 дүгээр цэргийн ангид хил хамгаалах ерөнхий газрын барилгын тусгай хороонд жолоочоор хуваарилагдан очиж байлаа. Манай анги их том анги байсан. 3000 гаруй цэрэгтэй, 2000-аад офицер ахлагчтай. Монгол улсын бүх аймгийн цестав, отредийн барилгыг манай анги барьсан.Тэрний тээврийн ажлыг бүгдийг би гүйцэтгэж хийсэн. Тэр цэргийн ангидаа 27 гаруй жил тээврийн жолооч хийж байгаад тэтгэвэртээ гарсныхаа дараа дахиад жолоочоороо ажиллан 30 гаруй жилийг тээвэрт яван өнгөрүүлсэн байна. Хөдөлмөрөөрөө улсаас үнэлүүлж 2000 онд гавъяат тээвэрчин цолоо авсан. Аав маань намайг өөрийнх нь замналаар амьдраад гавъяат авсныг минь харж чадаагүй л дээ.

Таны ийм тууштай байдал ааваасаа өвлөн авсан сайн зан чанар байх тийм үү?

Тийм байх. Аав минь хорт зуршилгүй хүн байсан. Би тэрийг нь дагаад мөн элдэв зуршилгүй болж хүмүүжсэн. Би гэрээсээ наймуулаа. Ер нь эрэгтэй хүүхэд ааваасаа үлгэр дуурайлал аван өсөж бойждог. Аав хүн өмөг түшиг, хүчтэй байх нь хорвоогийн бичигдээгүй хууль юм даа.

Жолоочоор ажиллаж байх үед ажлаараа бахархамаар сонин  содон үйл явдал тохиолдож байв уу?

1988 онд (38 настай байсан) тухайн үедээ монголын хамгийн урт, хүнд даацын тэрэг байсан Оросын маз шаланз 18 метр урттай, 30 тоннын даацтай тэрэгт 30 тонн ачаа тээвэрлээд Дорнодын 11 дүгээр цаставын ванган цагааны тийшээ явж байсан юм. Гэтэл  шаварт суугаад.Тэгээд бүх ачаагаа (30тонн тоосго) буулгачихаад машинаа гаргасан. Тэгээд дахиад 100 гаруй метр ачаагаа шаварнаас холдуулж зөөсөн. Дахиж буцаж ачаагааа аччаад цестав руу гаа явсан. Тэр л миний их гоё бахархал. Хүмүүс их ярьдаг. Тэр үед 30 тонн ачаа гэдэг чинь 8000  ширхэг тонн байсан гэсэн үг. Дорнодын цулкатан тоосго гэдгээс аччаад тэгээд явж байсан.  Спортын талын юм байсан байх, уйгагүй хоёр хоног шахуу хонож ганцаараа зөөж гаргасан. Тэгээд цестав руугаа ачаагаа хүргэж байсан. Тэрийг манай хилийн цэргийн ном зэрэг дээр биччихсэн байдаг. Том шалаанз дээр элс эдр ачихад өөрөө ганцаараа аччихдаг байлаа. Ер нь их ажилсаг талдаа. Ажлыг хийхийн Хөдөлмөрлөхийн төлөө төрсөн хүн шиг санагддаг байсан. Манай аав хилийн цэрэгт насаараа жолооч хийсэн. 1992 онд хорвоогийн мөнх усыг үзсэн.  Намайг гавъяат болсныг үзээгүй л дээ.

Тэтгэвэртээ гараад гэртээ суудаг болчихоор насаараа ажилласан хүмүүс гэнэт хийх зүйлгүй болж ямар нэг зүйл хийх, сэдэлтэй болдог байх тийм үү?

Миний хувьд насаараа хөдөлмөрлөж хөдөлмөрлөж 2004  онд л өөрийнхөө дуртай зүйлдээ цаг гаргах боломжтой болсон гэх юмуу. Буцаад спортоороо хичээллэхэд болохгүй юм юу байхав гэж бодож шийдсэн. Анх “Хар ирвэс” клубт хичээллэдэг байсан. Монгол улс 2005 онд Пауэрлифтингийн анхны улсын аваргын тэмцээнийг зохион байгуулсан. Миний анхны тэмцээн ч тэр байлаа. 2005 оны улсын аваргын тэмцээнд ороход мастер ангилал гэж байгаагүй. 54 насандаа 66кг-д 25 залуу хүүхдүүдтэй өрсөлдөөд 3-р байр эзэлсэн. Анхны тэмцээнээсээ байр эзэлсэн болохоор их урам зориг авч цаашлаад 40-50 нас, 50-60 нас, 60-аас дээш нас гээд арван таван  жилд 14 удаа мастер ангилалдаа түрүүллээ.Тэтгэвэртээ гарсныхаа дараа 2004 оноос өдий хүртэл тасралтгүй 15 жил фитнесээр хичээллэн 120 гаруй медаль ,шагнал урамшуулал цуглуулжээ.

Бүхий л цаг үеийн туршид хүн төрөлхтөн анхны хайрыг магтан дуулж, анхны хайр гэдэг үг араасаа үргэлж гэгээн дурсамж, сахилгагүй гэнэн залуу насыг санагдуулдаг. Дурлана, хайрлана, хаягдана дахиад л дурлана. Та анхны хайрынхаа талаар яриач? Хүн болгоны  нандин дурсамжийн нэг байдаг шүү дээ.

Би 1967 онд ОХУ-руу барилгын техникийн сургуульд явсан. Манай хөгшин засал чимэглэлийн ангид сурдаг байсан. Би нимгэн төмрийн анги. 1968 онд нэг хот руу тэмцээнд оролцох гээд манай сургуулийн хүүхдүүд автобустай явсан. Тэр автобусанд анх гэргийгээ хараад танилцаж байсан. Орост байхдаа танилцсан гэсэн үг. Тухайн үедээ 14,15 тай л хүүхдүүд байсан. Тэгээд тэр үеээсээ хайр сэтгэлтэй болж тэр чигээрээ явсаар байгаад л эргээд Монголдоо ирээд албан ёсоор гэр бүл болсон. Тэрэндээ их бахархдаг.

Анхны хайраа гэргийгээ болгоод авсан юм байна шүү дээ.

-Анхны хайраа гэргийгээ болгосон ийм тохиолдол ховор л байдаг байх. Тэр үеийн манай сургууль болон ангийн хүүхдүүд хоорондоо их л үерхдэг байсан. Гэхдээ яг гэрлээд өдийг хүрсэн хүн бид хоёроос өөр байхгүй. Гэрлэлтээ 1970 онд батлуулсан гэхээр албан ёсоор гэр бүл болоод 50 жил болж байгаа юм байна.  

2020 оны 1 сард. Ярилцлагын үеэр авсан зураг.

Хүмүүс залуудаа биеэ үл хайхран явсаар жаахан нас яваад ирэхээр залуу байх үеийн өөрийгөө зэмлэн харамсаж суудаг. Та өнгөрсний өөртөө хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

-Сэтгэл хангалуун байдаг. Ер нь хүн ажилсаг, хөдөлмөрч байвал нэг их өөрийн өнгөрсөндөө харамсан суухгүй байх. Би өөрийн хийх ёстой зүйлээ хийсэн. Хүсэл сонирхлоо хүртэл дагаад амжилтанд хүрчихлээ. Өнгөрсөндөө харамсан суух үе гардаггүй. Гэхдээ хүн залуу байхдаа би залуухан гээд л өөрийгөө тоохгүй архи дарс уугаад л , юм хийхгүй байж болохгүй. Хэрвээ тэгвэл жинхнээсээ өнгөрсөндөө харамсаад суух байх.

Арай жаахан залуу байхдаа, жаахан эрт спортоор хичээллэхгүй яавдаа гэж халаглан харамсаж суух үе гарах уу?

-Бодож байсан. 1969,1970 онд Монголд сонгомол барилдаан  байдаг байсан бол тэр спортоор хичээллээд дэлхийн аварга этр авах байсан гэж боддог. Сонгомол барилдаан нь оросоос үүдэлтэй. Чөлөөт бөхөөс өөр, зөвхөн цээж барилдаан. Их гоё. Одоо манай монгол улсын гавъяат тамирчин дэлхийн хошой аварга Болд гээд залуу бий. Тэр энэ сонгомол барилдаанаар хичээллэж байгаад, олимпод дөрөвдүгээр байранд орж байсан. Надаас олон дүү л дээ. Надад нэг удаа “Намхай ахаа та сонгомол барилдаанаар хичээллэсэн бол амжилт гаргах байсан шүү” гэж билээ. Яг спортоор хичээллээд явах оргил үедээ үр хүүхдээ тэжээх хэрэгтэй болоод спортоосоо хөндийрч ажилласан. Залуу байхдаа аваагүй шагналуудаа хөгширсөн хойноо авсандаа л их бахархаж сэтгэл тэнэгэр сайхан байдаг. 

2020 оны 1 сард. Бэлтгэлийн үеэр авсан зураг.

Нэг өдрийн амьдралын хэмнэл нь хэрхэн өнгөрдөг вэ?

-Бэлтгэлээ хийж ирчихээд гэртээ хөгшинтэйгээ ач, зээгээ хардаг. Ач, зээ, гучаа үзчихсэн хүн шүү дээ. Манай хөгшин хүүхдүүдийнхээ хүүхдийг хардаг. Хажууд нь дэмжлэг болоод л байж байдаг . Одоо хүүхдүүд аав ээж настай болчихсон гээд нээх их хүүхдүүдээ харуулахыг боддоггүй болчихож. Гэхдээ амралтын өдрүүдээр гэр бүлийнхэн бөөндөө цуглараад сайхан байдаг.

Та пауэрлифтингийн дэлхийн 3 удаагийн аварга, азийн дөрвөн удаагийн аварга боллоо. Улсаас хэрхэн харж үзэж байна? Шагнал урамшуулал өгдөг үү?

-Пауэрлифтингийн холбоо 60-аас дээш, 50-аас дээш нас гээд жин гаргаад сүүлийн үед ахмадуудаа ерөнхийдөө дэмждэг болж байна. Гэхдээ гадаад руу тэмцээнд явахад дандаа өөрсдөө л зардлаа гаргаж явдаг. Одоохондоо төр засгаас зардал зэргийн зүйл  гаргаж өгсөн тохиолдол байхгүй. Дандаа хувь хүн өөрөө зардлаа гаргаад явдаг. Манай хүүхдүүд их дэмжиж, зардлыг хариуцдаг даа. 2015 онд дэлхийн аварга болоход олимпийн хорооны алтан од гэдэг медаль авсан. Баттулга ерөнхийлөгчтэй 2005-2006 онд цуг бэлтгэл хийгээд явдаг байлаа. Энэ салбарыг өргөөд хөгжүүлээд явж байгааг харж л байгаа байх.

Энэ тэмцээний гол шалгуур нь юу байдаг юм бэ? Хүмүүс дийлэнхдээ булчин л том байх ёстой гэсэн ойлголттой байдаг юм шиг санагддаг.

-Тийм биш. Пауэрлифтинг гэдэг бол биеийн хөгжил их гоё болдог монгол хүнд тохирсон эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу гэлтгүй, их гоё спорт. Бодибилдинг бол бүх спортын хаан л гэдэг. Хичээллэвэл бие хаа нь гоё болно. Залуу хүмүүс үүгээр хичээллэвэл 70,80 кг-ийн ачааг өргөөд буулгачих шууд өргөөд тавьчих бяртай, хүчтэй болно. Залуу эмэгтэйчүүд сүүлийн үед энэ спортоор аягүй ихээр хичээллэдэг болж байна. Сая болсон улсын аваргын тэмцээн спорт ордонд дөрвөн өдөр боллоо. Эхний хоёр өдөр дандаа залуучууд өсвөр үеийнхний тэмцээн болж, 400 гаруй хүн орсон. Энэ бол сайн тоо. Би өөрөө 20 гаруй шавьтай. Манай шавь нар ч оролцсон.
Гэхдээ заавал 100, 200 кг өргөдөг нээх мундаг тамирчин болохдоо гол нь биш эрүүл мэндээ бодоод, өөрийнхөө биеэнд тохирсон булчинтай байна гэдэг чинь сайхан шүү дээ. Тэглээ ч спорт хүнийг төлөвшүүлж хүмүүжүүлнэ.

Шавь нарын хамт.

Та спортоор хичээллэснээр олон амжилт үзүүлж гавъяа шагнал авснаас гадна зөв хооллох, нойроо зохицуулах, жин нэмэх, хасах гээд л бие физилогоо зөв удирдаж сурсан юм шиг санагдаж байна.

-Тийм шүү. Бие бол эрүүл. Нодлин эход харуулахад дотор эрхтэн бүгд зөв зүгээр эрүүл байсан. Бөөр, элэг цөс, нойр булчирхай гээд л бүх юм. Спортоор хичээллэсний л үр дүнгэж бодож байна даа. 60-аас дээш насныхан янз янзын өвчин тусч байна. Хөдөлгөөний дутагдлаас болдог байж магадгүй.  Хүн ер нь хөдөлж, спортоор хичээллэж байсан нь л хүнд хэрэгтэй юм байна гэж залуучууддаа, үе тэнгийнхэндээ захьдаг юм. Зарим нь чадахынхаа хэрээр дасгал хөдөлгөөн хийдэг л дээ. Зарим нь үнэхээр бие нь дийлэхгүй байдаг.

Таны бодлоор амьдралын юу хамгийн сайхан юм бэ? Энэ амьдралаас олсон хамгийн сайхан зүйлээ хэлээч гэвэл?

-Мэдээж гэр бүл минь миний амьдралын утга учир шүү дээ.Надад тавьдаг тэдний хайр халамж бүхнээс сайхан. Хоёрт, улсдаа ажиллаад төр засгаараа үнэлүүлж, спортоороо хичээллэн амжилт үзүүлж чадсан нь энэ амьдралд миний хийж чадах , хийх ёстой зүйлс байж.Хүний хөдөлмөрийг бурхан шагнадаг юм байна. Хүн аливаа зүйлийг хийхдээ чин сэтгэлээсээ хүсч хийвэл амжилтанд хүрдэг юм байна. Залуудаа оролцож чадаагүй тэмцээнүүддээ оролцож амжилтууд гаргасан болохоор сэтгэл тэнэгэр, аз жаргалтай байна. Амьдралаас өөр хүсэх зүйл алга.

Та хөгжим сонирхдог уу? Ямар хөгжим сонсдог вэ?

Манай ах монголын анхны дөрвөн ятгачины нэг л дээ. Цэрэнбат гээд Соёл-эрдэнэд хөгжим тоглодог байсан. Манай ах хөгжимчин урлагийн хүн болохоор ч тэр үү би бас жаахандаа хөгжим сонирхож явсан үе бий. 7-р ангид байхдаа би ятга тоглодог байсан./инээв/  Одоо ятга тогловол карманы хэдэн аятай шүү. Гармоноор ч гэсэн ганц хоёр хөгжим дарчихна.

Таны охин Баярмаа хүндийн өргөлтийн Монголын анхны гавъяат тамирчин, Ууган хүү тань үндэсний бөхөөр хичээллэж,дунд хүү нь чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер болж байсан. Бага хүү нь мөн чөлөөт бөх барилддаг байсан. Одоо ач тань хүртэл спортоор хичээллээд амжилт үзүүлээд явж байна. Ийм спортлог гэр бүлд “гэр бүлийн уламжлал”  бий юу? хоорондоо заал авах, тэмцээн зохиох гэх зэрэг зүйлс хийдэг үү?

-Одоохондоо бол тийм зүйл байхгүй. Ноднин жил ургийн баяр дээр спортын тэмцээн болоходманай гэр бүлийнхэн бүгдийг нь л авсан. Хүчний талын юмыг нь ч аваад л , барилдаж, хөлбөмбөг тоглосон ч манайхан гүйгээд л их л спортлог байсан. 2010  онд нийслэлийн спортлог гэр бүлээр манай гэр бүл шалгарч байсан. Гэхдээ цаашид гэр бүлийн уламжлалын тэмцээнтэй болох бодолтой байгаа.

Хүний амьдралд алдаа, оноотой зүйл олон л тохиолддог. Таны амьдралын алдаа оноо нь юу байв?

-Миний амьдралд алдаа гэх зүйл бараг байхгүй ээ. Амьдралынхаа төлөө хичээж хөдөлмөрлөж явсан болохоор гайгүй. Айхтар тэгээд нэг алдчихсан, ингээд нэг алдчихсан, тэгдэг л байж дээ гэсэн юм бол байхгүй. Залуудаа спортоор хичээллэсэн бол нилээн гайгүй амжилт үзүүлэх байсан юм болов уу л гэж хааяа боддог.Гэхдээ залуудаа хийж чадаагүй зүйлээ хөгширсөн хойноо хийчихсэн болохоор сэтгэл тэнэгэр байдаг. Бурхан хүний амьдралд хийх ёстой зүйлийг нь нөхөөд хийлгэх боломж, цаг хугацааг өгдөг юм шиг байна.

Ярилцсан: Э.Ууганбилэг (ULAANBAATAR NEWS)

 

Энэтхэг: АНУ-ын ЭСЯ-ны хашаанд 5 настай охиныг хүчинджээ
Энэтхэг: АНУ-ын ЭСЯ-ны хашаанд 5 настай охиныг хүчинджээ
 
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.