Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг батлах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний үр дүн болон вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Төрийн байгууллагын алба хаагчдаас өнгөрсөн хугацаанд нийт 62,336 шинжилгээг амжилттай зохион байгуулсан. Дунджаар 95-98 хувьтайгаар Улаанбаатар хотын хөдөлгөөнийг маш сайн зохион байгуулж чадсан байна. Иргэд бас ухамсартай хандлаа. Бид 411 мянган сорьц авна гэж төлөвлөж байсан бол өнөөдөр 461 мянгад хүрсэн.
Үлдэж байгаа хоёр хоногийн хугацаанд 531 сорьц хийгдэж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх нь. Гэхдээ энэ нь Улаанбаатар хот халдваргүй болчихлоо гэсэн үг биш. Голомтлон тархсан уу, цар тахал болсон уу гэдэг тандалт судалгааг хийж дууслаа. Тиймээс бид “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээнд тулгуурлаад төлөвлөсний дагуу вакцинжуулалтаа хоёрдугаар сарын 23-наас эхлүүлэхээр болж байна.
Улаанбаатар хотыг улаан бүсээс шар бүсэд шилжүүлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа
Вакцинжуулалттай холбоотой зөв мэдээллийг иргэдэд өгөх тал дээр улсын болон нийслэлийн онцгой комисс, Засгийн газрын гишүүд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Энэ асуудалд иргэд нэгдсэн ойлголттой биш байгаа. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” УОК-ын дүгнэлт дээр үндэслээд Улаанбаатар хотыг улаан бүсээс шар бүсэд шилжүүлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Тогтоол батлагдсантай холбогдуулан нарийвчилсан зохион байгуулалтыг УОК нийслэлтэй хамтарч хийх хэрэгтэй. Ямар нэг байдлаар хүнд суртал гаргаж болохгүй. Иргэд маань шинэ амьдралын хэв маяг руу шилжиж байна. Маскаа зүүгээд, дархлаагаа дэмжээд, вакцинжуулалтыг дэмжээрэй” гэлээ.