Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр болон энэ сарын дундуур 2 удаа галзуу өвчнөөр үхэр өвчилсөн тохиолдол бүртгэгджээ.
Мэргэжлийн байгууллагууд тухайд бүрт нь холбогдох арга хэмжээг авч, өвчилсөн малыг устгалд оруулсан байна.
Галзуу өвчин нь хурц хэлбэрийн тархины үрэвсэл үүсгэдэг, бүх бод, бог мал, нохой, муур зэрэг гэрийн тэжээмэл амьтад, үнэг, чоно, хярс, сарьсан багваахай зэрэг зэрлэг, хөхтөн амьтад өвчилдөг, мал амьтнаас хүнд халддаг үхлийн аюултай вирусний гаралтай өвчин аж.
Иймд нохойд хазуулахаас зайлсхийх, мал, нохдыг жил бүр галзуугийн эсрэг вакцинд хамруулах, галзуу өвчний сэжиг бүхий мал амьтанд ойртохгүй байх, ямар нэгэн сэжигтэй тохиолдол гарсан даруйд харьяа Мал эмнэлгийн салбар болон Эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэхийг аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс анхаарууллаа.