Монголын Допингийн эсрэг байгууллагаас барилдах эрхийг нь хассан болон түр түдгэлзүүлэх шийтгэл нь хүчин төгөлдөр байгаа бөхчүүдийн нэрсийн жагсаалтыг танилцууллаа. Харин тус жагсаалтад Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын нэр байсангүй. Өөрөөр хэлбэл, түүнийг энэ жилийн барилдаанд барилдах эрхтэй гэж үзжээ. Эргэн сануулахад, түүнийг допингийн эсрэг зөрчил гаргаагүй гэж үзэн, барилдах эрхийг нь 2026 оны зургаадугаар сарын 16-нд сэргээх шийдвэрийг Арбитрын шүүхээс гаргасан билээ.
Допингийн эсрэг байгууллагаас "Биеийн тамир, спортын тухай хуулийн 28.3.1-д Допингийн эсрэг үндэсний байгууллага нь Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Допингийн эсрэг үндэсний дүрмийг хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа ил тод тайлагнахаар, 28.3.2-т олон улс, тив, дэлхийн болон дотоодын спортын тэмцээн, наадамд оролцох тамирчдад допингийн хяналтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр тус тус заасан.
Түүнчлэн хуулийн 28.3.6-д Допингийн эсрэг үндэсний байгууллага нь үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, шийтгэл ногдуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр зохицуулсан байдаг.
Мөн Допингийн эсрэг үндэсний дүрмийн 14.9-д Үндэсний допингийн эсрэг байгууллага нь тамирчин болон холбогдох допингийн эсрэг байгууллагад зохих мэдэгдэл хүргүүлсний дараа допингийн эсрэг дүрэм зөрчсөн тухай мэдэгдэл хүлээн авсан тамирчин, илэрсэн хориотой бодис, хориотой арга, зөрчлийн нөхцөл байдал, зөрчлийн шинж чанар, түүнчлэн тухайн тамирчинд түр түдгэлзүүлэх шийтгэл ногдуулсан талаар олон нийтэд мэдээлж болохоор тусгасан.
Иймд хавсралтад дурдсан, эрх хасах эсхүл түр түдгэлзүүлэх шийтгэл нь хүчин төгөлдөр байгаа үндэсний бөхийн тамирчид 2026 оны Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд оролцох эрхгүй болохыг анхаарна уу.
Жагсаалтыг 2026 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар гаргасан бөгөөд тус жагсаалтад зөвхөн хүчин төгөлдөр шийдвэрээр эрх хасагдсан болон түр түдгэлзүүлсэн шийтгэлтэй тамирчид орсон.
Шийдвэр өөрчлөгдөх, хүчингүй болох, эсхүл шийтгэлийн хугацаа дууссан тохиолдолд мэдээллийг тухай бүр шинэчилнэ" гэсэн байгаа юм.

Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!